Шууд Chart

БНСУ 2019 онд БНАСАУ-тай хэрэгжүүлэх хамтарсан төслүүдийн төсвийг нэмэгдүүлнэ

2018-08-29 09:10:43

БНСУ-ын засгийн газар ирэх онд Умард Солонгостой хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн төсвийг 14,3 хувиар буюу 1,1 их наяд вонд хүргэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ялангуяа хил дамнасан төслүүд, тэр дундаа Умард Солонгосын авто зам, төмөр замыг шинэчлэх төслүүдийн төсвийг 46 хувиар нэмэгдүүлж, 344,6 тэрбум байсныг 504 тэрбум вон болгон огцом өсгөхөөр төлөвлөжээ. Хамтарсан төслүүдийн төсвийг нэмэгдүүлэх нь өнгөрсөн 4 дүгээр сарын 27-нд хийсэн дээд хэмжээний уулзалтаас гарсан энх тайван тогтоох амлалтаа биелүүлэх, Солонгосын хойгт эдийн засгийн өсөлтийн тэнцвэржүүлэх, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих тухай Панмунжомын тунхаглалыг ажил хэрэг болгох агуулгатай гэж ажиглагчид үзэж байна.

Гэхдээ татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явц, Пхеньяны эсрэг хориг арга хэмжээний талаарх АНУ болон НҮБ-ын бусад гишүүн орнуудтай хийж буй яриа хэлэлцээг харгалзан үзэх аж. Өөрөөр хэлбэл, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох яриа хэлэлцээ ахицтай урагшлаад байвал, хоёр Солонгосын хамтарсан төслүүд бодит ажил болно гэж Эв нэгдлийн яамны албан тушаалтан онцолсон байна. Хоёр Солонгосын асуудал эрхэлсэн Эв Нэгдлийн яамны ирэх оны төсөв нийтдээ 1,3 их наяд вон.

Эхний ээлжинд хоёр тал хоорондоо авто зам, төмөр замаар холбогдох, хуучин дэд бүтцээ сэргээн засах бодит алхмуудыг хийхээр тохирч, одоо холбогдох байгууллагуудын хамтарсан судалгаа хийгдэж байна. Түүнчлэн, Эв нэгдлийн яам Солонгосын дайнаар салж хагацсан гэр бүлийн гишүүдийг уулзуулах ажилд зарцуулах төсвийг гурав дахин нэмж, 33,6 тэрбум вонд хүргэсэн байна. Мөн Өмнөд Солонгосын гадаад харилцааны яамны төсөв 6,4 хувиар нэмэгдэж, 3,7их наяд вонд хүрэх гэнэ. Мун Жэ Ин-ий засгийн газрын Шинэ Өмнөдийн Бодлогын хүрээнд Өмнөд Солонгос болон АСЕАН-ы орнуудын хамтын ажиллагааны сангийн төсвийг хоёр дахин нэмэгдүүлж, 15,4 тэрбум вон болгохоор төлөвлөж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ 2019 онд БНАСАУ-тай хэрэгжүүлэх хамтарсан төслүүдийн төсвийг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй