Шууд Chart

АНУ Мексиктэй чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэн батлахаар тохиров

2018-08-29 09:25:20

АНУ болон Мексик улс Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэн батлахаар тохиролцоонд хүрсэн тухай ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Трамп уг чөлөөт худалдааны хэлэлцээрийг Америкийн ажлын байрыг булааж байна гэж шүүмжилж, заалтуудыг шинэчлэхийг зорьж байгаа аж. Трампын засаг захиргаа энэхүү хэлэлцээрийн гурав дахь түнш Канадтай хэлэлцээ хийж, гэрээний шинэ нөхцөлүүдээ тохиролцохоос нааш Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болохгүй юм. Иймд Цагаан ордны тэргүүн тус хэлэлцээрийн шинэ нөхцөлүүдийг зөвшөөрөхийг Канад улсад уриалжээ.

Мөн Дональд Трамп Америк-Мексикийн тохиролцоог худалдааны салбарт болон улс оронд нь маш чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэжээ. Америкийн худалдааны төлөөлөгчийн газрын мэдээлж байгаагаар Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу автомашиныг л гэхэд хэлэлцээрт нэгдсэн орнуудад үйлдвэрлэсэн эд ангийн 75-аас доошгүй хувийг ашиглаж үйлдвэрлэх ёстой болж байна. Одоогоор хэлэлцээрт байгаа орнуудын автомашины эд ангийн 62,5 хувийг ашиглах заалттай байгаа юм. Трамп мөн Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн нэрийг өөрчлөх сонирхолтой байгаа. Энэ нь АНУ Канадтай тусдаа худалдааны хэлэлцээр байгуулах бодолтой байгаагийн илэрхийлэл байх талтай хэмээн шинжээчид үзэж байна.

Мексик улсын хувьд Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ гурван орны хооронд хэрэгжих хэлэлцээрт хүргэнэ гэсэн найдвар тавьж байгаа аж. Мексикийн ерөнхийлөгч Энрике Пьена Нието хэлэлцээрийг шинэчлэх болсныг таатайгаар хүлээн авч байгаагаа АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа илэрхийлж, Канад улсыг уг хэлэлцээрт нэгдэнэ гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэжээ. Мексикийн ерөнхийлөгч Трамптай утсаар ярихаасаа өмнө энэ асуудлаар Канадын ерөнхий сайдтай зөвшилцсөнийг Мексикийн засгийн газар нотолсон байна. Харин Канад улсын хувьд АНУ-тай дангаар зөвшилцөлд хүрэхээс татгалзсан байр суурьтай байгаа, гэхдээ Канад хэлэлцээнд нэгдэх эсэх асуудлаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэх бодолтой байгаагаа илэрхийлээд байна.

Ингэхдээ Канад улс Хойд Америкийн чөлөөт худалдааны шинэ хэлэлцээр Канадын хувьд ч тэр нийгмийн дунд давхаргынхны хувьд ч үр ашигтай байх нөхцөлд л бид гарын үсэг зурна гэж мэдэгдэж байна. Одоогоор Дональд Трамп, Жастин Трюдо хоёрын харилцаа таатай бус байгаа, учир нь өнгөрсөн 6 дугаар сард Их Долоогийн дээд хэмжээний уулзалтын үеэр Трюдо АНУ-ын татварын бодлогыг шүүмжилснээс болоод Трамп уулзалтыг орхин явж, Канадын байр сууринд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Мексиктэй чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэн батлахаар тохиров   
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй