Шууд Chart

ХБНГУ цагаачдыг 1 жилийн хугацаат цэргийн албанд татна

2018-08-29 10:45:06

ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн Христийн Ардчилсан Нам залуучууд болон цагаачдыг заавал цэргийн алба хаадаг болгох шинэ санаа дэвшүүлж байна. Герман улс 2011 оноос өмнөх 50 жилийн турш эрэгтэй хүн сургуулиа төгсөөд заавал нэг жил цэргийн алба хаадаг хуультай байжээ. Тухайн үед цэргийн алба хаах боломжгүй иргэн засаг захиргаанд сайн дураараа ажиллаж, үүрэгт хугацаагаа өнгөрөөдөг байсан байна. Гэвч Герман улс  энэ журмаа 2011онд өөрчилж, армид алба хаах үүргийг сайн дурын болгосон аж.

Албан журмыг сайн дурын болгосноор 2011 оноос хойш жил бүр Германы армид сайн дураараа алба хаах цэргийн тоо буурч, цэргийн хомстолд орж эхэлсэн байна. Иймд тус улсын эрх баригч намын удирдлага эрэгтэй хүн бүр заавал цэргийн алба хаах журмыг сэргээн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Харин шинэ журмаар Германы эрэгтэй, эмэгтэй ялгаагүй бүгд нэг жилийн хугацаанд цэргийн алба хаах үүрэг хүлээнэ. Мөн Герман улсад цагаачилсан, орогнол хүсэж байгаа гаднын иргэд заавал эсвэл сайн дураараа цэргийн алба хаах ёстой болох юм. Гэхдээ заавал армид гэхгүй, гал сөнөөх болон гамшигтай тэмцэх албанд үүрэг гүйцэтгэж, жилийн албаа дүйцүүлэх боломжтой.

Цагаач иргэд Герман улсад цэргийн алба хааснаар улс орны нь нийгэмд дасан зохицох, ард түмний сэтгэлгээг ойлгоход тус дөхөм болох ач холбогдолтойгоос гадна Германы иргэдийн цагаачдад хандах хандлагыг өөрчлөхөд эерэг нөлөө үзүүлнэ гэж Эрх баригч нам нь үзэж байна. Энэ саналыг эрх баригч Христийн ардчилсан нам дотроо хэлэлцүүлж, ирэх 12 дугаар сард болох намын их хурлаар танилцуулах аж. Одоогоор энэ саналыг Германы хэт барууны нэг намаас бусад улс төрийн намууд эсэргүүцэж байгаа юм. Эсэргүүцэгч намуудын хувьд шинэ журмыг хэрэгжүүлэхийн тулд бүх төрлийн албадан хөдөлмөр эрхлэлтийг хориглодог Германы үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарна гэдэг асуудлыг нэгдүгээрт тавьж байна.

Харин эрх баригч намын хувьд үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно, нөгөө талаар Германы залуучууд үнэ төлбөргүй сургуульд сурч, амьдрах таатай орчноор хангадаг учраас тэд үүний хариуд эх орноо дэмжсэн ямар нэгэн зүйл хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ цагаачдыг 1 жилийн хугацаат цэргийн албанд татна   
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй