Шууд Chart

Нийслэл хот хөдөө аж ахуйн бүстэй болов

2018-08-30 14:29:15

Нийслэл хотын захын хороод, зуслангийн бүсээр нутагладаг мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил өнгөрсөн оны намраас эхэлсэн. Нэг жилийн нүүр үзэж буй энэ ажлын үр дүн  өнөөдөр 97 хувьтай байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын  захирагч С.Батболдын захирамжаар зохион байгуулж буй “ Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа  мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх” ажлыг  эрчимтэй хэрэгжүүлсэний үр дүнд  энэ наймдугаар сард  төвийн  5 дүүрэгт  нүүлгэн  шилжүүлэлтийн ажил  ийнхүү дорвитой үр дүнд хүрчээ.  Өөрөөр хэлбэл,  Нийслэл хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд  2018 онд 619 өрхийн 16 мянган толгой мал байсныг  өнөөдрийн байдлаар  бараг 100 хувь нүүлгэн шилжүүлээд байна.

Нүүлгэн шилжүүлэлт хийхээс өмнө   Сүхбаатар дүүрэгт 189 өрхийн  3000 гаруй,  Чингэлтэй дүүрэгт  50 өрхийн  1160,  Хан Уул дүүрэгт  76 өрхийн  2400 гаруй,  Сонгинохайрхан дүүрэгт  221  өрхийн  6000 гаруй, Баянзүрх дүүрэгт  83 өрхийн  3500 гаруй толгой мал тоологджээ. 

Нийслэлийн төвийн дүүргүүдэд мал бүхий иргэд суурьшсанаар малын гоц халдварт өвчин удаа дараа илэрч, хорио цээрийн дэглэм тогтоож, үүний уршгаар олон мянган хүний ажил, амьдрал хохирч байсан. Хотын өнгө үзэмж, ариун цэвэр, аюулгүй байдалд ч сөрөг нөлөө үзүүлж байв. Бэлчээрлэх талбайгүй мал ч хашаанд хоригдож, хог идэж, мах, сүүнд нь өөрчлөлт  орж, хоол гэхээсээ хор болж  байсныг мал эмнэлэг, ариун цэврийн мэргэжилтнүүд хэлдэг.

Тиймээс хотын төвийн дүүргээс мал бүхий иргэдийн нүүлгэн шилжүүлэх ажлыг нээлттэй санал асуулгаар  нийслэлчүүдийн 90 хувь дэмжсэн билээ. 

Тэгэхдээ мал бүхий иргэдийг хохироосонгүй. Тэд харин ч соргог шинэ нутагтай болсон. Шинэ суурьшлын бүс  тогтоож, дэд бүтэц, цахилгаан эрчим хүч, худаг усаар хангаж, хашаа саравчийг нүүлгэх тал дээр  нийслэл хотын  зүгээс дэмжлэг үзүүлжээ.  Нийслэлийн газрын албанаас  мал аж ахуй  эрхлэхийг зөвшөөрсөн  бүсэд малтай иргэд шинээр суурьших боломжит  газрын судалгааг гаргаж,  ажлын хэсэгт  өгчээ.  Нийтдээ  11 байршилд  мал бүхий иргэдийг суурьшуулах боломжтойг  судалгаагаар тогтоож, талбайг тогтоосон юм.  Малтай иргэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо,  Сонгинохайрхан дүүргийн  21 дүгээр хороонд шилжин суурьших хүсэлтээ ирүүлсэн байдаг.

Ингээд шинэ нутагтай болсон иргэдийн 97 хувь шилжин байрлаад байгаа юм. Гэхдээ нүүхээс цааргалсан цөөн иргэд үлджээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн   Цэдэвдоржийнх  малтайгаа хотоос  нүүхээс татгалзсан хариу өгсөн.  Мөн  хүний эрх зөрчигдлөө гэж шүүхэд ханджээ.  Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С. Батболд түүнтэй уулзаж учир байдлыг ойлгуулж өгсөн юм.

Сонгинохайрхан дүүргийн  21 дүгээр хороонд шилжин суурьшсан иргэдийн хувьд .Хотын дарга захирамж гаргаснаар  шинэ суурьшилын бүсэд шинэ газартай болоод зогсохгүй , бэлчээрийн хувьд ч санаа зоволтгүй болсон. Хашаа хороогоо засаж тохижуулаад үр хүүхдэдээ үлдээх  үл хөдлөх хөрөнгө боллоо.  Хотын удирдлагуудад талархаж байна гэцгээж байлаа.

Шинэ суурьшлын бүсэд иргэдэд хэрэгтэй бүх дэд бүтцийг байгуулж өгөхөө хотын удирдлагын зүгээс мөн амлаж байгаа юм.

Мал бүхий иргэдээс гадна  төмс , хүнсний ногоо тариалдаг, тариалахыг хүсдэг иргэд нийслэлд олон бий. Тэднийг дэмжих,  ажлын байраар хангах нь бас чухал ажлуудын нэг билээ.  Нийслэлийн Засаг даргын орлогч  н.Энхтөрөөр ахлуулсан ажлыг хэсэг  өнгөрсөн жил эрчимтэй ажилласны үр дүнд   Сонгинохайрхан дүүргийн  21 дүгээр хороонд   800 гаруй иргэд  53 га-д  төмс хүнсний ногоо тариалж, 30 гаруй хүлэмжид нарийн ногоо ургуулжээ. 

Хоёр жилийн өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар агро паркийн ажилтай танилцсан юм.  Ингэхэд төмс, нарийн ногоо тариалах боломж бүхий газрыг  иргэд, аж ахуй нэгжүүд өмчлөлдөө авах гэж оролдсон хууль бус үйлдлүүд  гараад байсныг холбогдох хүмүүс хэлж байсан. Мөн хэмхэрч эвдэрсэн  10 хүрэхгүй хүлэмжтэй  талбай угтсан байна.  Иймээс Улаанбаатар агро парк төслийг шинээр эхлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой ажил хийх үүрэг чиглэл өгч,  2 жил хүрэхгүй хугацаанд тариалалтын талбай нэмэгдэж, хамрагдах иргэд, өрхийн тоо өсчээ.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч үүнд хамрагдаж, ногоогоо тариалж, ургуулахын зэрэгцээ  даршилж нөөшлөх аргад суралцаж байна.

Эдгээр иргэд хүлэмжиндээ  өргөст хэмх, улаан лооль, халуун чинжүү, ногоон сонгино, зуушны байцаа,  яншуй зэрэг  нарийн ногоо тариалж , ургац арвин авч байгаа ажээ.  Хойтон жил тариалалтын талбайгаа  80 гаруй га-д хүргэх гэнэ.  Улаанбаатар агропаркад тариалалт хийсэн нэг өрхийн  ургацын дундаж орлого 3-аас 4 сая төгрөгт хүрдэг гэж Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга хэллээ. 

Сүүлийн статистик мэдээгээр   Улаанбаатар хотод  1,5 сая хүн  ажиллаж, амьдарч байна.  Монгол Улсын хүн амын тэн хагас нь болох тэдний  эрүүл , аюулгүй, амар амгалан ажиллаж  амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын бодит ажлууд чухал болоод буй.  Ийм ажлын нэг нь нийслэлийн  хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил байв. 

Ойлголцол, зөвшилцлийн үр дүнд  иргэд төрийн ажлыг  100 хувь дэмждэг гэдгийг  нийслэлийн төвийн  5 дүүргээс  нүүсэн  16 мянган толгой мал бүхий  600 гаруй өрхийн  шилжилт   хөдөлгөөн харууллаа.  Улаанбаатар хотын удирдлагын зүгээс  фермерийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, төмс хүнсний ногооны тариалалтыг ч мөн дэмжиж байна.

Нийслэл хот  хөдөө аж ахуйн бүстэй болж байгаагаа эдгээр ажлаар зарлаж байгааг онцлох ёстой.  Энэхүү бүс эрүүл , экологийн цэвэр хүнсээр нийслэлийн иргэдээ хангана. Дэд бүтэц,  төлөвлөлт, зорилтууд  ч эрчимтэй хэрэгжиж байна.


Нийслэл хот хөдөө аж ахуйн бүстэй болов  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй