Шууд Chart

Ж.Сауле: Сүүний нөөцийг бүрэн ашиглаж, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой

2018-09-01 11:06:09

“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд сүү бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог дэмжиж, сүүний хөргөлтийн танк, цахилгаан хөдөлгөөнт саалтуур, бидон гардуулах үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Уг арга хэмжээнд ХХААХҮ-ийн дэд сайд, "Мах, сүүний анхдугаар аян"-ы ажлын хэсгийн дарга Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, НҮБ-ын ХХААБ-ын “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь” төслийн удирдагч Г.Ганхөлөг, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон болон Мал хамгаалах сангийн албаны хүмүүс оролцсон.

Дэд сайд Ж.Сауле "Манай улс хөдөө аж ахуйгаас жилд 800 сая литр сүү бэлтгэх боломжит нөөцтэй. Гэсэн хэдий боловч энэ нөөцөө бүрэн ашиглаж, боловсруулж чадахгүй байна. Үйлдвэрийн аргаар жилд 80 гаруй сая литр сүү боловсруулж байгаа нь хангалтгүй дүн. Тиймээс орон нутагт сүүний нөөцийг бүрэн ашиглаж, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Ингэснээр сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй хөгжиж, ажлын байр нэмэгдэнэ. Энэ ч үүднээс Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд авч хэрэгжүүлж буй нэг арга хэмжээ бол сүүний хөргөлтийн танк, цахилгаан хөдөлгөөнт саалтуур, бидоныг эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа явдал юм” гэдгийг уг арга хэмжээний үеэр онцолж байлаа.



Ийнхүү хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр тогтмол хангах зорилгоор сүүний хөргөлтийн танк 10, цахилгаан хөдөлгөөнт саалтуур 144, сүүний бидон 50 ширхэгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох шийдвэр гарсан. Өнөөдрийн арга хэмжээний үеэр гэхэд НҮБ-ын ХХААБ-ын Нэмүү өртгийг хөгжүүлэх төсөл хэрэгжиж буй Төв, Дорнод, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, хот орчмын фермерүүд, “Ундрах түм”, “Мөнх буян ундрах”, “Сайн бэйс” зэрэг аж ахуйн нэгж болон төр, хувийн хэвшлийн хүрээнд Монголын хүнсчдийн холбоо, Монголын Сүүний нэгдсэн холбоонд тус тус эдгээр сүүний чиглэлийн тоног төхөөрөмжийг гардуулсан юм.



Үүний дараа Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн П.Мөнхжаргалын үхрийн фермээр очиж, цахилгаан хөдөлгөөнт саалтуурыг хэрхэн ашиглаж байгаатай танилцсан. Энэхүү саалтуур нь бүтээмж өндөр, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, эрчимжсэн аж ахуйд тохиромжтой төхөөрөмж болохыг тэрбээр хэлж байлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Ж.Сауле: Сүүний нөөцийг бүрэн ашиглаж, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой   
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй