Шууд Chart

НҮБ: Европын орнууд дүрвэгчдийг хамгаалах асуудалд нааштай алхам хийнэ хэмээн хүлээж байна

2018-09-04 12:19:11

НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар Газар дундын тэнгис гатлан ирж байгаа Африк болон Азийн дүрвэгчдэд тусламж үзүүлэх, тэднийг хамгаалах асуудалд Европын орнууд нааштай алхам хийнэ хэмээн хүлээж байна. Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн байгууллагаас Женев хотноо зарлан нийтэлсэн тайлан илтгэлд энэ тухай өгүүлжээ. 

Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн газар “Европ тивд ирсэн дүрвэгчдийн эрхийг хамгаалах ажлыг сайжруулах тал дээр Европын орнуудаас маш их зүйл шаардагдаж байна. Үүнд тэдэнд аль нэг оронд нэвтрэх, орогнол олгох асуудалд эн тэргүүнд анхаарал хандуулах хэрэгтэй” гэж цохон тэмдэглэж байна.

Ялангуяа бага насны хүүхдүүдэд, далайн тэнгист явуулж байгаа аврах ажиллагаанд, аврагдсан дүрвэгчдийг Европын усан боомтуудад хүлээн авах, дүрвэгчдэд аливаа хамгаалал авах хууль ёсны боломжийг өргөтгөхөд анхаарал хандуулах ёстойг олон улсын байгууллага тэмдэглэж байна. Энэ оны долоодугаар сарын сүүлийн байдлаар л гэхэд 1600-аад дүрвэгч, цагаач Европын орнуудыг зорих замдаа нэг бол амь үрэгдэж, эсвэл ор сураггүй алга болжээ.

Үүнд хойд Африкийн эрэгт очихдоо, Сахарын элсэн цөлийг гатлахдаа амь үрэгдсэн дүрвэгчдийн тоо багтаагүй гэнэ. 2018 оны эхний долоон сарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дүрвэгчид амь үрэгдэх түвшин мэдэгдэхүйц өссөн гэдгийг тайланг зохиогчид хэлж байна. Хэрвээ өнгөрсөн онд Италийн эрэгт хүрэхийг зорьсон 42 дүрвэгчийн нэг нь амь эрсдэж байсан бол энэ жил 18 дүрвэгчийн нэг нь амь үрэгдэж байна.

Тайланд өгүүлснээр, дүрвэгчид амиа алдаж байгаа явдал өсөн нэмэгдэж байгаагийн гол хүчин зүйл нь Ливийн эрэг орчимд осолд орсон дүрвэгчдийг эрж хайх, аврах боломж багассан юм байна. Хэдийгээр Европт ирэх дүрвэгчдийн урсгал багассан ч дүрвэгч, цагаачид замдаа амь эрсдэх явдал ийнхүү нэмэгдэж байна.  Хэрвээ өнгөрсөн 2017 оны эхний долоон сард 121 мяга 100 дүрвэгч Грек, Испани, Италд ирж байсан бол энэ оны 1-7 дугаар сарын хооронд 72 мянга 100 дүрвэгч иржээ.

НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн байгууллага энэ тайлангаа гурван жилийн өмнө есдүгээр сарын 2-ны өдөр далайд амь эрсэдсэн Сирийн 3 настай Айлан Курди хүүгийн гэгээн дурсгалд зориулан нийтэлжээ. Хүүгийн гэр бүл хийлдэг завиар Турк улсаас Грекийг зорих замдаа далайд осолдсон билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: Европын орнууд дүрвэгчдийг хамгаалах асуудалд нааштай алхам хийнэ хэмээн хүлээж байна   
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй