Шууд Chart

БНХАУ-ын дарга олон туйлт дэлхий ертөнцийн төлөө гэдгээ илэрхийллээ

2018-09-04 12:27:56

БНХАУ-ын дарга Ши Зиньпин олон улсын харилцаанд олон туйлт зарчмыг баримтлахын төлөө гэдгээ илэрхийллээ. Тэрбээр өчигдөр Бээжин хотноо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриштэй уулзахдаа энэ тухай мэдэгджээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Хятад-Африк” форумд оролцохоор Бээжинд очсон юм. 

“Дэлхий ертөнц урьд өмнө байгаагүйгээр олон ургалч үзэл, олон туйлт ертөнцийн зарчим хэрэгтэй байна. Дээрээс нь илүү их хүчтэй НҮБ байна. Эс тэгвээс протекционизм буюу хэт давамгайлах үзэл олон улсын хэв журмыг, даяарчилсан удирдлагын системийг тасалдуулах аюултай” гэж Ши Зиньпин мэдэгдэж, “НҮБ олон туйлт зарчмын гол тулгуур нь байх ёстой” гэдгийг онцоллоо.

Олон туйлт ертөнцийн гол суурь зарчим бол олон улсын аливаа асуудлыг талуудын ашиг сонирхлыг харгалзан хамтран ярилцаж, зөвлөлдөж байж шийдэх явдал гэдгийг БНХАУ-ын дарга цохон тэмдэглэлээ. Мөн тэрбээр “Хятад улс хэзээд олон ургалч үзлийн төлөө хатуу зогсож, НҮБ-ын нэр хүнд, үйл ажиллагааг тууштай хамгаална гэдгийг мэдэгдлээ.

Өчигдөр Бээжин хотноо Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум ажлаа эхэлсэн. Хоёр өдөр үргэлжлэх энэ форумд Африкийн 53 орны төр, засгийн тэргүүн нар оролцохоор Бээжин хотноо цуглараад байна. Өмнөх форум 2015 онд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын нийслэл Йоханнесбүрг хотод болж, Хятад улс Африк тивийн хөгжилд 60 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ зарлаж байсан.

Энэ удаагийн уулзалтын үеэр ч гэсэн Хятад улс Африкийн орнуудад өмнөхтэй ижил хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ зарлах бололтой. Хятад болон Африкийн орнуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн энэ форумыг анх 2000 онд Бээжин хотноо зохион байгуулж байсан. Тэр цагаас хойш гурван жил тутамд форумыг зохион байгуулж ирснээр Хятад, Африкийн хамтын ажиллагаа эрс идэвхжиж, 2017 оны дүнгээр л гэхэд Хятад болон Африкийн орнууд хоорондын бараа эргэлт 170 тэрбум долларт хүрээд байна.

Мөн Хятад улс сүүлийн есөн жил Африкийн орнуудын худалдааны гол түнш хэвээр байсаар ирлээ. Энэ оны эхний зургаан сарын байдлаар л гэхэд Хятад болон Африкийн орнууд хоорондын худалдааны эргэлт 98.8 тэрбум долларт хүрээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга олон туйлт дэлхий ертөнцийн төлөө гэдгээ илэрхийллээ  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй