Шууд Chart

Зохиолч Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулж, олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

2018-09-04 13:03:45

Монгол Улсын төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 7- нд “Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” хурлын танхимд болно.

Энэ үеэр түүний уран бүтээлийн үзэсгэлэн болох аж. Үндсэн илтгэлд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй “ХХ зуунд Монгол Улсад заяасан соён гэгээрүүлэгч, шинжлэх ухааны зүтгэлтэн, ардын уран зохиолч” сэдвээр тавигдах юм байна.

Мөн Д.Цэрэнсодном, Д.Төмөртогоо, Л.Болдоос гадна ОХУ, Японы эрдэмтэд өөрсдийн бэлтгэсэн илтгэлээ хурсан олонд сонирхуулах аж.

Дээрх үйл ажиллагааг Монголын үндэсний номын сан дэмжиж ажиллах гэнэ.

Дашрамд сонирхуулахад уншигч танаа Ц.Дамдинсүрэн агсны тухай товч мэдээлэл хүргэе.

Тэрээр 1908 онд Сэцэн хан аймгийн Матад уулын хошуу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төрсөн.

1938 онд ЗХУ-ын Ленинград хотын Дорно дахины сургуулийг төгссөн юм. 1925 онд Ардын цэрэгт бичээч, эх зохиогч, 1929 оноос Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны хүрээлэнд судлагч, 1942-1959 онд “Үнэн” сонины эрхлэгч, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга, 1959-1963 онд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал, 1963 оноос ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан.

АИХ-ын депутатаар дөрвөн удаа, АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. Тэрээр Монголын шинэ бичгийг зохиох ажилд идэвхийлэн оролцож Орос үсэг дээр суурилсан цагаан толгой үсгийн дүрмийг зохиосон нь эдүгээ хүртэл хэрэглэгдсээр байна.

Мөн XIII зууны үед зохиогдсон Монголын нууц товчоо бүтээлийг орчин цагийн Монгол хэлээр хөрвүүлэн хэвлүүлснээр орчин үеийн уншигчид уг алдарт бүтээлтэй танилцах таатай боломж нээгдсэн байна. Монголын шинжлэх ухаан, нийгмийн зүтгэлтэн, зохиолч, орчуулагч. Монголын шинэ бичиг үсгийн эцэг билээ.

Зарим нь өөрийнхөө төлөө хийж бүтээсэн зүйлтэй байхад зарим нь бусдын эрх ашиг, эх орон, ард түмнийхээ төлөө энэ биеэ зориулсан нь бий. Ийм олон алдартны нэг нь Цэндийн Дамдинсүрэн байв.

Түүний туурвисан “Буурал ээж минь”, “Зугаацахаар морьсон нь…”, “Цэцэн хурга”, “Гологдсон хүүхэн”, “Хоёр цагаан юм” гэх мэт алдарт бүтээл одоо болтол үе дамжин цээжлэгдсээр байна.

Их эрдэмтэн 1986 оны зургадугаар сарын 5-нд таалал төгссөн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зохиолч Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулж, олон улсын эрдэм шинжилгээний хурал болно   
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй