Шууд Chart

Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт энэ сарын 6-нд болно

2018-09-05 09:15:22

ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ энэ сарын 5-8-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Мөн тус арга хэмжээний хүрээнд Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт наймдугаар сарын 6-ны өдөр болох юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр ӨМӨЗО-ны Хөх хотын намын хорооны байнгын хорооны гишүүн бөгөөд Суртал, ухуулгын газрын дарга Ван Шүфен болон Хөх хотын Гадаад харилцааны газрын дарга Ли Хон, Хөх хотын Соёл урлаг, хэвлэл мэдээлэл, радио, телевизийн газрын дарга Лан Еи, Хөх хотын Чуулгын намын дарга Ли Шали нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр хотын харилцаа хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж буй ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ, Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолтын талаар ярилцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бидний хувьд соёл, түүх, зан заншил гэх мэт ижил төстэй талууд их байдаг. Хоёр хотын уран бүтээлчид хамтраад урлагийн тоглолт хийж байгаа нь бидний найрамдалт хамтын ажиллагаа ойр нягт байгааг харуулахаас гадна соёл, урлагийг сурталчилсан сайхан арга хэмжээ болж байгааг дурдахад таатай байна. Хамтарсан тоглолт Улаанбаатарчуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Миний бие хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна” хэмээв.

Улаанбаатар, Хөх хотууд 1991 онд анх ах дүүгийн харилцаа тогтоосон байдаг. Өнгөрсөн хугацаанд хоёр хотын хамтын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлсээр байгаа юм.

Уулзатын дараа НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Хөх хотын Гадаад харилцааны газрын дарга Ли Хон нар харилцан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.


Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт энэ сарын 6-нд болно  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй