Шууд Chart

БНХАУ-ын ӨМӨЗО-ны гар урлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2018-09-05 13:05:08

Хятад, Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд өчигдөр эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Монголын уран зургийн галирейд БНХАУ-ын ӨМӨЗО-ны гар урлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо. Уг арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хайминг, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйганг, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд газрын дарга Лин Лиг нарын зэрэг эрхмүүд хүрэлцэж ирж, сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг “Хятад орныг танин мэдэх” гэсэн уриатайгаар хоёр улсын Элчин сайдын яамд, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран, дэмжиж зохион байгуулах юм.

Уг арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёлтой танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгахад чиглэж байгаа ажээ.

Ирэх ням гараг хүртэл үргэлжлэх соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд үзэсгэлэн, уран сайхны тоглолт, кино өдөрлөг, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношлогоо, тэмцээн уралдаан зэрэг өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэх 11 цогц арга хэмжээг зохион байгуулж байна.

БНХАУ-ын соёлын өдрүүд Монгол Улсад жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа соёлын өдрүүдийг аялал жуулчлалтай хослуулж хийж байгаагаараа онцлогтой гэдгийг албаныхан онцолж байсан юм.

“Хятад орныг танин мэдэх”-Хятад, Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд нийслэлийн кино театруудад Хятадын орчин үеийн шилдэг уран сайхны 10 киног үзэгчдийн хүртээл болгов. Мөн Сычуаний “Цагаан могойн домог” жүжиг энэ сарын 7-нд Соёлын төв өргөөнд үзэгчдэд хүрнэ.

Түүнчлэн есдүгээр сарын 6, 7-нд Өвөрмонголын ХААИС болон Монгол Улсын ХААИС хамтарч экологийн соёл иргэншлийн тухай лекц, “Байгаль дэлхийгээ хамгаалъя: Хятадын Өвөрмонголын цөлжилтөөс сэргийлж зассан практик” үзэсгэлэн, ШУТИС Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургууль хамтарч технологийн инноваци сэдэвт лекц үзэсгэлэнг ту тус зохион байгуулах юм байна.

Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд хоёр улсын эмч нар үнэ төлбөргүй оношлогоо хийж, ном хэвлэл, аялал жуулчлалын танилцуулга, их, дээд сургуулиуд хоорондын солилцоо, спортын тэмцээн, хэвлэл мэдээллийн солилцоо зэрэг арга хэмжээг зохион байгуулах нь ээ.

 





















Нийтэлсэн: У.Баярсайхан

БНХАУ-ын ӨМӨЗО-ны гар урлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй