Шууд Chart

Их Британи Скрипалийн хэрэгт ОХУ-ын хоёр иргэнийг сэжиглэж байгаагаа зарлалаа

2018-09-06 15:50:16

Их Британийн цагдаагийн газар Оросын тагнуулч байсан Сергей Скрипал болон түүний охиныг Новичок гэх мэдрэлд нөлөөлөгч бодисоор хордуулан амь насанд хүрэхийг завдсан гэдэг үндэслэлээр ОХУ-ын тагнуулын албаны хоёр офицерыг сэжиглэж байгаагаа зарлалаа.

Харин ОХУ Лондонгийн энэ мэдэгдлийг санаанаасаа зохиосон хоосон зүйл гэж үзээд, сэжиглэж байгаа хоёр хүний бодит мэдээллийг өгөхийг Британид уриаллаа.

Хуучнаар ЗХУ-ын үед тагнуулын байгууллагад ажиллаж байсан Сергей Скрипал болон түүний охин Юлия Скрипал нар өнгөрсөн 3-р сард Британийн Солсбери хотоос үл мэдэгдэх зүйлд хордон, ухаангүй байдалтай олдсон гэж тухайн үед Британийн цагдаагийн газраас мэдээлж байсан. Мөн Британийн цагдаагийн газар уг үл мэдэгдэх бодис нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, цэргийн зориулалттай,  мэдрэлд хүчтэй нөлөөлөгч Новичок гэдэг бодис байна гэж шинжилгээний дүгнэлтийг үндэслэж мэдээлсэн. Британийн цагдаа нар одоогоор Оросын иргэн Александр Петров, Руслан Боширов  нарыг сэжигтнээр татах, баривчлах зөвшөөрөл гаргуулжээ. Мөн эдгээр сэжигтний гэрэл зургийг хэвлэлээр гаргаж, тэдний Солсберид болсон үйл явдлын өмнөх болон дараа хаана хаана явж байсныг ч гэрэл зургаар үзүүлсэн байна. Эдгээр хоёр сэжигтэн 3-р сарын 2-нд Москвагаас Британид онгоцоор ирсэн, 3-р сарын 4нд Солсбери дэх Сергей Скрипалын гэрийн орчимд байсан. Тэд Новичок бодисоо Скрипалын гэрийн хаалга орчимд тараасан.

Ингээд Хэрэг болсон өдрийн маргааш сэжигтнүүд Солсберигээс явж, Лондонгоор дамжин Хеатроу нисэх онгоцны буудалд очиж Москва руу шөнийн нислэгээр буцсан гэсэн мэдээллийг Британий цагдаагийн газраас өгч байна. Мөн өнгөрсөн 6-р сард Солсберигийн ойролцоо нэг гэр бүлийн эрэгтэй эмэгтэй хоёр хүн үл мэдэгдэх бодисонд хордсон, удалгүй эмэгтэй нь нас барсан, цагдаа нар тэдний гэрээс үнэртэй усны саванд Новичок бодис хийсэн байхыг илрүүлсэн тухай Британий тал дахин мэдээлж байна. Британийн засгийн газар эдгээр хэрэгт Оросыг оролцсон гэж буруутгаснаас болоод Орос Британийн харилцаа муудаад байна. ОХУ эдгээр хэрэгт ямар ч оролцоогүй гэдгээ илэрхийлсний зэрэгцээ Новичок гэгч бодисыг хөгжүүлэх хөтөлбөр ЗХУ-ын үед ч ОХУ-д хэрэгжээгүй гэдгийг мэдэгдсэн. Энэ удаад ч мөн ОХУ Лондон Скрипалын хэрэгт зохиомол байдлаар сэжигтэн гаргаж ирлээ. Сэжигтнүүдийн нэрийг хүртэл зохиомлоор гаргаж ирсэн Британийн мэдэгдэл ОРосд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж Кремлийн албан тушаалтан хариу байр суурь илэрхийлжээ. Скрипалийн хэрэгтэй холбоотойгоор ОХУ болон Өрнөдийн орнуудын хооронд дипломат маргаан өрнөж, улмаар Европын олон орон Оросын дипломатуудыг нутаг буцаасан, Москва ч мөн хариу арга хэмжээг ижил түвшинд авч хэрэгжүүлээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи Скрипалийн хэрэгт ОХУ-ын хоёр иргэнийг сэжиглэж байгаагаа зарлалаа   
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй