Шууд Chart

БНСУ болон БНАСАУ-ын гурав дахь дээд хэмжээний уулзалт энэ сард Пхеньянд болно

2018-09-06 16:57:51

БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар энэ сарын 18-20-ны өдрүүдэд Пхеньян хотноо дээд хэмжээний уулзалт хийхээр товлолоо.  Өмнөд Солонгосын ерөнхийлөгч энэ сарын 18нд Умард Солонгосын удирдагчтай уулзахаар Пхеньянд айлчилна гэж түүний тусгай төлөөлөгч Чун Юй Ён мэдэгдлээ.

 Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Чун Юй Ён, үндэсний тагнуулын газрын захирал зэрэг 5төлөөлөгч өчигдөр Пхеньянд ажлын айлчлал хийсэн юм. энэ сарын 18-20нд болох дээд хэмжээний уулзалт нь хоёр Солонгосын одоогийн эрх баригчдын гурав дахь дээд уулзалт болно. Мун Жэ Ин Ким Жон Ун нар үүнээс өмнө энэ оны 4-р сарын 27нд хоёр улсын хилийн Панмунжом тосгонд, 5-р сарын 26нд мөнл Панмунжомд хоёр удаа дээд хэмжээнд уулзаж, хоёр Солонгосын хооронд энхийн гэрээ байгуулж, дайныг албан ёсоор дуусгах, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зэрэг олон асуудлыг хэлэлцэн, тунхаглал гаргасан. Одоо хийх гуравдахь уулзалтаар анхны дээд уулзалтаас гарсан тунхаглалын хэрэгжилтийг дүгнэн, цаашдын чиглэлээ тодорхойлон, энх тайвны гэрээг байгуулах асуудлыг нарийвчлан тохиролцоно гэж тусгай төлөөлөгч онцоллоо. Сая Өмнөдийн ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Мун Жэ Иний захидлыг Умардын удирдагчид гардуулж, Ким Жон Унтай нэлээн дотно байдлаар ярилцаж байгаа байдлыг хөх ордоноос гэрэл зургаар үзүүлсэн байна.

Үүний зэрэгцээ Умард Солонгосын удирдагч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох амлалтаа дахин нотолж, эцсийн үр дүнд хүрэхийн төлөө АНУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдгээ амласан гэж Өмнөд Солонгосын төв хэвлэлд мэдээлжээ. Өөрөөр хэлбэл цөмийн зэвсгээс ангижрахын тулд Өмнөд Солонгос төдийгүй АНУ-тай ойр нягт ажиллах сонирхолтой байгаагаа Ким Жон Ун илэрхийлжээ. Өмнөдийн ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчийн өчигдрийн айлчлал хлёр Удирдагчийн гурав дахь дээд хэмжээний уулзалтын товыг тохирох, АНУ болон Умард Солонгосын хооронд өрнөж байгаа цөмийн зэвсгээс ангижрах асуудлаарх яриа хэлэлцээг гацаанаас гаргах зорилготой байсан гэж ажиглагчид дүгнэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцад Умард талаас дорвитой алхам хийхгүй байгаатай холбогдуулан ТНБД-ынхаа Пхеньянд хийхээр төлөвлөсөн дөрөв дэх айлчлалыг цуцаллаа гэж мэдэгдсэний дараа Вашингтон Пхеньяны хэлэлцээ мухардмал байдалд орлоо гэж олон улс дүгнэсэн юм.

Харин Умардын удирдагч Трампын энэ мэдэгдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Пхеньяны талаас цөмийн зэвсэггүй болох чиглэлд хийж буй алхмууд бодитоор хэрэгжиж байгаа. Цөмийн туршилт хийдэг цорын ганц байгууламж Пунгэриг олон улсын нүдэн дээр устгаж, хаасан нь манай орныг дахиж цөмийн туршилт хийх боломжгүй болгосон.Олон улсын хамтын нийгэмлэг манай улсын зүгээс авч хэрэгжүүлж байгаа иймэрхүү бодит алхмуудыг үнэлэхгүй байгаад харамсаж байна гэж мэдэгдсэн тухай Өмнөдийн тусгай төлөөлөгч онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ болон БНАСАУ-ын гурав дахь дээд хэмжээний уулзалт энэ сард Пхеньянд болно   
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй