Шууд Chart

Олон нийтийн сүлжээ эрхлэгч компаниудын удирдлага Сенатын хорооны сонсголд оролцлоо

2018-09-07 12:04:57

Олон нийтийн сүлжээ болох "Фэйсбүүк", "Твиттер"-ийн удирдагчид АНУ-ын Сенатын тагнуулын асуудал эрхэлсэн хорооны сонсголд дуудагдаж  мэдүүлэг өгсөн байна. Энэ сонсгол гадны суртал ухуулга, АНУ-ын улс төрийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлдөгтэй тэмцэх асуудалд зориулагдсан  байсан юм.

"Фэйсбүүк"-ийн гүйцэтгэх захирал Шерил Сандберг өмнө нь Сенатын сонсголд дуудагдаж гишүүдийн асуултад хариулт өгч байсан. Харин "Твиттер"-ийн Ерөнхий захирал Жек Дорси анх удаагаа ийм сонсголд оролцож буй нь энэ юм байна. Тэд Сенатын гишүүдэд  олон нийтийн  сүлжээг улс  төрийн  зорилгоор ашиглаж, аливаа нэг улсын сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлдөг муу жишиг өмнө нь байсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Түүнчлэн ийм асуудал үүсэхэд хэт удаан хариу арга хэмжээ авснаа ч хүлээсэн байна. Гэхдээ үүний эсрэг идэвхтэй хүчин чармайлт гарган ажиллаж  байгаагаа тэд мэдэгдсэн байна. Тухайлбал, "Фэйсбүүк"-ийнхэн хуурамч хуудсууд, хаягуудыг олон  зуугаараа устгасныг Сэндберг мэдэгдсэн. Харин  Дорси  твиттерийнхэн  иргэдийн үг хэлэх эрх чөлөөг хамгаалах байр сууриндаа хатуу зогсдог ч тус  олон нийтийн сүлжээний стандартыг зөрчсөн  800 аккаунтыг блоклож устгаснаа мэдээлсэн юм.

Герман, Итали, Мексик төдийгүй Алабама мужийн Сенатын сонгууль олон нийтийн сүлжээ эрхлэгчдийн зүгээс гаргаж байгаа хүчин чармайлт үр дүнд  хүрснийг батлан харуулж байгааг Сэндберг тэмдэглэн хэлсэн юм. Сенатын хорооны сонсголд оролцсон гишүүдийн хувьд технологийн компаниуд болон Америкийн эрх баригчдын үйл ажиллагааны зохицуулалтыг илүү чангатгах хэрэгтэй гэдэг шаардлага тавьж байлаа. "Фэйсбүүк", "Твиттер"-ийн  удирдагчид мөн ОХУ олон нийтийн сүлжээг ашиглан  2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх асуудлаас  асар их  сургамж авч алгоритмуудаа төгөлдөржүүлж, аюулгүй байдлаа сайжруулснаа мэдэгдсэн юм.

Сенатын гишүүдийн хувьд "Гүүгл"  компанийн удирдлагын тайлбарыг сонсохыг хүссэн ч тус компаниас хэн ч ирээгүйг бас шүүмжилж байлаа. "Гүүгл"-ийнхэн дэд Ерөнхийлөгч Кент Уокероо оролцуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн ч Сенатын гишүүд зөвхөн тус компанийн тэргүүн Сундар Пичаи толгой компанийх нь  Ерөнхий захирал Ларри Пейж нарын аль нэгийг л оролцуул гэдэг шаардлага тавьсан юм байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон нийтийн сүлжээ эрхлэгч компаниудын удирдлага Сенатын хорооны сонсголд оролцлоо   
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй