Шууд Chart

ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул, заналхийлэлтэй тэмцэх газрын дарга Монгол Улсад ажиллав

2018-09-07 12:55:48

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэстэн дамнасан аюул, заналхийлэлтэй тэмцэх газар (ҮДАЗТГ)-ын дарга х. Раса Остраускайте тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд ажлын манай улсад айлчлал хийв.

ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар (ҮДАЗТГ) нь 2016 оноос эхлэн хилийн аюулгүй байдлын асуудал хариуцсан байгууллагуудад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх механизмыг бүрдүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд хилийн аюулгүй байдлын асуудал хариуцсан байгууллагуудын удирдлагуудтай (Гадаад харилцааны яам, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль сахиулахын Их сургууль, Гаалийн ерөнхий газар, Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба) уулзан байгууллагын үйл ажиллагаанд жендэрийн тэгш оролцоог хангах  чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар санал солилцсон байна.

Сайд Д.Цогтбаатар 2017 оны 12 дугаар сард Вена хотноо болсон ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцох үеэр монголын албан хаагчдыг ЕАБХАБ-д дадлагажуулах асуудлаар тус байгууллагын ЕНДБ-тай санал солилцсон. Энэ чиглэлээр тус яам тодорхой ажил хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байгаа ба энэ хүрээнд х. Раса Остраускайте 9 дүгээр сарын 6-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “ЕАБХАБ-д ажиллах боломж” сэдэвт чөлөөт ярилцлагыг Гадаад харилцааны яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Болосврол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Сонгуулийн ерөнхий хороо болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчдын дунд өрнүүлэв.

Тэрбээр өөрийн туршлага, олон улсын байгууллагад ажиллахад анхаарах зүйлсийн талаар заавар, зөвлөгөө өгсөн бөгөөд ЕАБХАБ-д орж ажиллах, туршлага хуримтлуулахыг албан хаагчдад уриалж байв.

ЕАБХАБ-ын хамгийн залуу гишүүн орон гэгддэг Монгол Улс нь 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус байгууллагын 57 дахь гишүүн болсон ба   ЕАБХАБ-ын үйл ажиллагааны үндсэн гурван чиглэлд (цэрэг улс төр; эдийн засаг, байгаль орчин; хүний аюулгүй байдал) ЕАБХАБ-ын гишүүн орнуудтай идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байна. Ялангуяа, эдийн засаг, байгаль орчин, хүний аюулгүй байдлын асуудлуудад түлхүү анхаарч, эдгээр чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг чухалчилж байгаа болно.


ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул, заналхийлэлтэй тэмцэх газрын дарга Монгол Улсад ажиллав   
Үзсэн: 219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй