Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Их Британид химийн зэвсэг ашигласан гэх асуудлыг хэлэлцлээ

2018-09-07 15:23:19

Лондоны хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар Солсбери хотод Оросын тагнуулч асныг охинтой нь хамт химийн зэвсэг ашиглан хордуулсан гэх хэргийг хэлэлцлээ. Их Британийн эрх баригчид энэ халдлагыг Оросын өндөр албан тушаалтнуудын заавраар тагнуулын ажилтнууд  үйлдсэн гэж буруутгаж байгаа юм.

Бүр тодруулбал, Оросын тагнуулын удирдах газрын хоёр ажилтныг  энэ хэрэгт сэжиглэж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл АНУ, Франц, Герман, Канад  улсууд Солсбери хотод болсон энэ халдлагад Оросын эрх баригчид тодорхой хэмжээнд холбогдсон гэдэг Их Британийн эрх баригчдын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн байна.

Дээрх орнууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны өмнө гаргасан хамтарсан мэдэгдэлдээ Оросын тагнуулын ажилтан асан Сергей Скрипалийг  охиных  нь хамтаар хордуулсан  энэ хэргийг  Оросын Засгийн газрын түвшинд зөвшөөрөл өгч байж үйлдсэн гэх магадлал өндөр байна гэж тэмдэглэсэн байлаа. 

Франц,  Герман,  АНУ, Канад Их Британийн удирдагчид "Новичок" нэртэй сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг химийн хорт бодисыг өнгөрөгч гуравдугаар сарын  4-ний өдөр Солсбери хотод  ашигласан  явдлыг  эсэргүүцэн  буруушааж  байгаагаа  илэрхийлцгээсэн  байна. Үүний зэрэгцээ тэд энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсний дээр эрүүгийн энэ хэрэгтэй холбоотой нэмэлт мэдээлэлтэй хүмүүст хандаж  Британийн эрх баригчидтай хуваалцахыг уриалсан байна.

Харин НҮБ-д суугаа ОХУ-ын суурин төлөөлөгч Небензя Британичуудын мөрдөгчдийн дүгнэлтийг "Алиса гайхамшгийн оронд" үлгэртэй  л адил  юм болж байна гэж мэдэгдсэн  байна. Ер нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн ихэнх нь Их Британийг дэмжиж байгаагаа илэрхийлцгээж байлаа.

Казакстан, Хятад, Кувейт улсууд зөвхөн товч мэдэгдэл хийсэн болоод л өнгөрсөн байна. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр  парламентын чуулган дээр Солсбери хотод Оросын  тагнуулч  асныг охиных нь хамтаар хордуулсан  хэргийн мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлтийг танилцуулсан нь олон улсад онцолж байгаа бас нэгэн сэдэв болоод байна.

Энэ үеэр Скрипалийнхний амь насанд халдахыг завдсан хэргийг Оросын Тагнуулын төв газрын ажилтан болох хоёр иргэн үйлдсэн гэж сэжиглэж байгааг  мэдэгдсэн юм. Түүгээр ч зогсохгүй  Оросын тусгайгийнхан төрийн өндөр түвшний албаныхны зөвшөөрөл, тушаалаар  ажилласан гэж үзэж  байгаагаа мэдэгдсэн юм. 

Харин Скотланд Ярдынхан Скрипалийнхныг хордуулсан хэрэгт сэжиглэж байгаа Оросын хоёр иргэний зургийг нийтэд дэлгэсэн. Мөрдөгчид  Александр Петров, Руслан Боширов гэсэн нэртэй Оросын пасспорттой энэ иргэд Их Британийн нутгаар аялж явахдаа энэ хэргийг үйлдсэн гэж үзсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Их Британид химийн зэвсэг ашигласан гэх асуудлыг хэлэлцлээ   
Үзсэн: 223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй