Шууд Chart

П.ЦЭРЭНДАГВА: Бурхан болсон аав маань ээжид арван цагаантай, нанжин гахай гөлөмтэй эмээл бэлтгэж өгсөн юм билээ

2018-09-10 09:40:41

Үе үеийн манлай болсон уран бүтээлчдийн амьдрал яг л домог мэт байх. Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва тэдний нэг. Энэ эрхэм хүнтэй тэр бүр яриад байдаггүй сэдвээр ярилцсан юм.

ЭЭЖИЙНХЭЭ ЧИХИЙГ ИХ ХАЛУУЦУУЛДАГ БАЙЛАА

-Аав тань бурхан болохдоо ах нараас тань онцолж таныг дагаарай гэж гэр бүлийн хүндээ хэлсэн гэдэг. Яагаад тэгсэн юм бол...

-Аав минь надад амь байсан юм. Надад байнга хошуу дэвсэнэ. Би ч ухаан орсон цагаасаа л аавынхаа мөрөн дээр мордож, морь болгодог байлаа. Тэр үеийг одоо бодоход аав минь намайг ах нараас илүү хайрладаг байсан санагддаг. Тэгээд л бурхан болохынхоо өмнө ээжид тэгж хэлсэн байх. Дөнгөж 42 насандаа өөд болсон. Би тэгэхэд таван настай байлаа.

-Аавтайгаа өнгөрүүлсэн, бодох тусам сэтгэл эвлэсэн мартагдашгүй дурсамж олон биз дээ?

-Байлгүй яах вэ. Манайх хөдөөний малчин байлаа. Нэг өдөр аавынхаа мөрөн дээр суугаад гадуур явж байтал эвэртэй, эвэргүй хоёр бух мөргөлдөж байв. Эвэргүй нь илт дийлдээд байхаар нь би “Аав аа энэ хоёрын дундуур нь ороод салгаж болдоггүй юм уу” гэж дотроо дийлдээд байгааг нь өмөөрсөн янзтай хэлэхэд аав “Улангассан амьтны дундуур орвол чөмгөө ташуулна” гэв. Тэгэхээр нь би хариуд нь "Тэгвэл эвэр ургуулж болдоггүй юм уу” гэж аавыгаа инээлгэж билээ. Аав ч тэр үгийг ээжид хэлж бөөн инээдэм болсон.

-Бурхан болсных нь дараа та ээжээсээ аавыгаа нэхдэг байв уу?

-Нэхнэ ээ. “Ээж ээ, аав хаачсан юм бэ” гээд л шалгаана. Ээж минь өрөөсөн далиа тасдуулсан жигүүртэн шиг болсон хэрнээ хүүхдүүдээ л гэсэндээ сэтгэлээ чангалж, “Аав нь холоо явчихсан” гэж хэлнэ. Дотроо намайг учир мэдэхгүй хүү минь аавгүйгээр яажшуухан хүн болно доо гэж бодож байсан байлгүй.

-Та дараа нь Лувсандагва гэдэг аавтай болсон юм билээ. Тэр хүнийг та аав гэж дууддаг байсан уу?

-Тийм. Ээж минь хүүхдүүдээ хойд эцгийн гар харуулахгүй гэсэндээ нэг хэсэг бүсээ чангалж, гадаа гарч эр, гэрт орж эм болсон. Тэгээд нутгийн тохитой томоотой тэр хүнтэй сэтгэл нийлсэн гэдэг. Ах нар маань ч их хүндэлдэг байсан.

-Тэр хүн өмнө нь эхнэргүй байсан юм уу?

-Өөрөөсөө нэлээд хэдэн насаар дүү бүсгүйтэй ханилж байсан гэсэн. Гэвч нэг өдөр эхнэрийнх нь хөлд салхи ороод хотын залуу дагаад явчихсан гэсэн.

-Тэр хүн танд хэр сайн ханддаг байв?

-Буруу зүйлд ширүүн дуугардаг хүн байсан. Нэг орой манайхан хоолоо идэх гээд ширээ тойроод сууцгааж байв. Ээж миний аяганд гэдэс, гүзээ, завьж зэргийг хийхэд нь би “идэхгүй” гээд түлхчихсэн юм. Дөрөвхөн насандаа ааваасаа хагацсан ч би тэр хүнийг ааваа л гэж боддог байлаа. Гэтэл намайг “Өдий багаасаа ээжийнхээ өөдөөс чанга дуугарах нь уу” гээд алгадаж билээ. Түүний дараа найз Мягмаржавтайгаа юунаас ч билээ дээ зодолдоход “Ингээд нохой шиг уралц” гээд шилбүүрийн хуувиар намайг ороолгов. Тэгэхэд би их гомдсон доо. Байдаг чадлаараа хашгирч билээ. Тэр үеийг хааяа бодохдоо “Бидний төлөө гутлаа эргэтэл хөдөлмөрлөж байсан тэр агуу ачтанг би арай гомдоож байсан юм биш байгаа” гэж санаж харамсдаг юм.

-Та бага сургуульд хэдэн онд орсон бэ?

-1956 онд, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын дунд сургуульд орсон. 

-Сурлагадаа хэр байв?

-Гайгүй ээ. Гэхдээ хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

-Яаж сахилгүйтдэг байсан бэ?

-Хүн зодъё гэж боддоггүй ч ангийнхаа хүүхдийг өөр ангийн хүүхдэд зодуулбал их өмөөрнө. Дайраад л орчихно. Түүнээсээ болж ээжийнхээ чихийг их халууцуулдаг байлаа.

 ХОТЫН ХҮН БОЛСОН БИШ МИНИЙ ЗОДООН ХИЙХ ДЭНДСЭН 

-Танайх хэзээ хотын айл болсон бэ?

-Намайг тавдугаар ангид орсон жил. Лувсандагва аав маань ээжид “Хүүхэд өсч байна. Номын мөр хөөх хэрэгтэй. Хот бараадсан нь дээр" гэж хэлсэн гэдэг. Би хүүхэд байсан болохоор амьдрал яаж мэдэх вэ. Тухайн үед том ах Сандуйжав хотод сурч байсан болохоор ээж ч дуртай зөвшөөрсөн биз.

-Нүүх гэж их ажил болжээ?

-Үгүй. Замын машинаар нүүчихсэн. Бурхан болсон аав маань ээжид арван цагаантай, нанжин гахай гөлөмтэй эмээл бэлтгэж өгсөн юм билээ. Нүүх гэхэд мөнгө байхгүй. Тэгэхэд нь Лувсандагва ааваар тэр эмээлийг заруулж, замын машин хөлсөлж нүүсэн. Ээж минь нутгаасаа холдож үзээгүй болохоор сэтгэл нь их л эвгүй байсан гэсэн. Ямар сайндаа “хэдэн хүүхдийн минь заяа харах байлгүй” гээд залбирч явсан гэдэг.

-Хотын айл болох ямар санагдаж байв. Хаана буусан бэ?

-Гомбо ахынд. Аавын хамаатан л даа. Ээж жолоочид Гомбо ахын хашаанд буух юм шүү гэхэд жолооч нь “Гомбо, Гомбо л гэх юм. Хот даяар ийм нэртэй хүн хэчнээн олон байгаа. Яг хаана байдгийг нь заагаад өг” гэсэн гэдэг. Харин аав хот газрыг биднээс илүүтэй мэддэг болохоор нэг юм зорьсон газраа хүрсэн. Надад бол хот сайхан санагдалгүй яах вэ.

-Хот газар ирсэн айл хөдөлмөрлөхгүй л бол амьдрахад бэрх. Танайхан ямар нэгэн ажил хийж байсан байлгүй...

-Амьдрал гэдэг хүнийг асар их хөдөлмөрлүүлж байж, түүнийхээ хэрээр үр шимээ өгдөг гайхалтай зүйл. Ээж маань үүнийг сайн мэдэрсэн болохоор ирсэн намраа шуудай үүрч төмөр замын хажуугаарх нүүрсний хог түүдэг болсон. Орой гэртээ ирэхдээ бидэнд “Нутгийн хүмүүс таарах вий гэж санаа зовох юм. Өнөө Хорлоо чинь хот орсон биш хог түүдэг болж гэж ярих байх даа” гэнэ. Дараа нь гуравдугаар сургуулийн ард байдаг 17 дугаар цэцэрлэгт асрагчаар орсон. Харин аав Толгойтын автобаазад сарын 230 төгрөгний цалинтай мужааны ажилд орсон боловч хотын төвд ойртохын тулд Төмөр замын цэцэрлэгт морин тэрэгчнээр ажилласан. Уг нь нягтлан бодогч мэргэжилтэй хүн шүү дээ. Ээж түүнийг “Мэргэжлээрээ ажиллахгүй юм уу. Бие ч амар, цалин нь ч өндөр” гэхэд өөдөөс нь “Тийм ялтай ажил хийхгүй. Нэг байгууллагад морин тэрэг хөтлөөд завсар зайгаар нь хүний түлээ түлш хүргэвэл өгөөж нь илүү” гэж билээ.

-Ээж тань хэдэн төгрөгний цалин авч байсан бэ?

-Асрагчийн ажилдаа дасах гэж нэлээд будилсан гэж ярьж байсан санагдана. Хагас сар ажиллаад 130 төгрөг аваад нэлээд баярласан янзтай нэг кг масло, элсэн чихэр, хоёр кг нэгдүгээр гурил, нэг дүнсэн тамхи авч ирж билээ. Дараа нь 350 төгрөгийн цалинтай туслах тогоочийн ажилд орсон. Цэцэрлэгийн эрхлэгч нь ээжийг “Та үлдсэн талхны зах энэ тэрийг гэр рүүгээ авч яваад хүүхдүүддээ өгсөн ч болно шүү дээ” гэдэг байсан гэдэг. Заримдаа бас давраад завсар нь маслоны үлдэгдэл хийгээд ирнэ гээч.

-Ээжийнхээ авч ирсэн зүйлд та их баярлаж байсан байх даа...

-Тийм ээ. Ээжийн эхний цалингаараа авч ирсэн зүйлийг аав хараад “Чи хотын хүмүүсийг дуурайж жаахан жаахнаар хүнс авах хэрэггүй байсан юм. Манайх шиг олон хүүхэдтэй айл хүнсээ бөөнөөр нь авбал бага өртгөөр хүрэлцээтэй зүйл авна” гэж уурлангуй хэлж билээ. Тэгээд цалингаас нь үлдсэн мөнгийг нь аваад маргааш нь морин тэрэг дээрээ I, II гурил тус бүр нэг шуудай, тал өрөөл адууны мах ачаад ирж байсан нь одоо ч нүдэнд харагддаг юм.

-Ах нар тань ямар ажил хийдэг байсан бэ?

-Том ах Сандуйжав МУИС-д оюутан, Сэрээнэн үсчний газар нярав.

-Та аль сургуульд орсон бэ?

-Тавдугаар сургуульд орсон. Анх хотын хүүхдүүдийн уур амьсгалд дасах амаргүй л байлаа. Удалгүй дассан л даа.

-Урьдын адил зодоон хийдэг байв уу. Аль эсвэл томоожсон уу?

-Бараг л дэндсэн дээ. УБИС-ийн зүүн талд Мэргэжил дээшлүүлэх институт гэж хэдэн дүнзэн байшин байсан юм. Түүн дээгүүр найзуудтайгаа тагтаа хөөгөөд гүйлдэнэ шүү дээ. Нэг өдөр манай ангийн хоёр хүүхэд зодолдлоо. Эхэн үед нь би зүгээр хараад зогсч байлаа. Гэтэл нэг нь илүү зодоод байна шүү. Бүр янз бүрээр хэлж доромжлох нь тэр. Тэгэхээр нь миний уур хүрч түүнийг зодчихсон. Багш мэдээд намайг ээжийгээ уулзуул гэдэг юм байна. Би айж байсан ч орой ирэхэд нь хэлээд, яадаг бол гээд зогсч байтал ээж ер уурласан шинжгүй “Мууд дээрэлхүү хүн шиг муухай зүйл байдаггүй юм. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Ахиж ийм байдал битгий гаргаарай” гэж хэлсэн. Түүнээс хойш би тэр бүр зодолдохоо байсан.

-Та урлагт хэрхэн хөл тавьсан юм бэ?

-Миний урлагийн амьдралын гараа долдугаар ангиас эхэлсэн. Гэхдээ жүжигчин болно гэж бодоогүй. Тухайн үед хөгжмийн урлагт үнэхээр татагдсан юм. Ойдов гэж багш нөлөөлсөн л дөө. Би багшийнхаа удирдлага дор сайн хичээллэсний хүчинд нийслэлийн дууны уралдаанд “Хөөрхөн борлог морь” дуугаар оролцож, хоёрдугаар байрт шалгараад Хөгжим бүжгийн дунд сургуульд орсон. 

АНХНЫХАА ЦАЛИНГ АВАХАД АЛГА МИНЬ ХАЛУУ ОРГИХ ШИГ БОЛСОН

-Тухайн үеийн оюутнууд цалинтай байсан гэсэн. Хэдэн төгрөг өгч байв. Анхны цалингаа юунд зарцуулсан бэ?

-180 төгрөг авсан. Анх удаа өөрийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгө болохоор алга минь халуу оргих шиг болсон. Үүгээрээ аав, ээжийгээ баярлуулъя гэж бодоод эрэгтэйчүүдийн барааны дэлгүүрээс хоёуланд нь дээлийн торго авч гүйхээрээ харьж байлаа. Тэр мөнгө урлагаас олох миний даллагын уутыг нээсэн дээ.

-Сурч байхад хөгжилтэй зүйл олон тохиолдсон байх даа?

-Бишгүй дээ. Нэг удаа ангийнхантайгаа цуварч зогсч байгаад анхныхаа стипендийг аваад явах гэтэл намайг “Байж байгаарай” гэнэ. Эхлээд гайхсан ч үгэнд нь ороод зогсч байлаа. Гэтэл дээд ангийн бололтой хэдэн банди намайг дуудаад "Татвараа төл. Шинэ хүүхэд бүр бидэнд татвар төлдөг юм” гэв. Тэгэхээр нь миний уур хүрч толгойлогч нь бололтой нэгийг нь цохиод унагахад бусад нь тараад зугтах нь тэр. Манайхан намайг байж бай гэсний учир нь тэднээс айсандаа надаар хамгаалуулах гэснийг дараа нь ойлгосон.

-Одоо бодоход дууны урлагаар явснаас жүжигчин болсон нь онож гэж бодогдож байна уу?

-Есдүгээр ангид орсон жил миний хоолой өвдөж, надад дуулах тохирохгүйг ойлгосон.

 -Тэгээд театрт урвасан уу?

-Тэр жилдээ гуравдугаар сургуулийн сурагч болсон юм. Анги дэвших тусам миний сэтгэл театрт татагдаж байв. Манай ангийнхан “Залуу гварди” жүжиг тавих юм болов оо. Бүгд л нэг их том жүжигчин аятай гүйлдэж байв. Гэвч чухам юу хийхээ мэдэхгүй болохоор Дамдин багш Б.Мөнхдорж, Ч.Намсрайжав, Д.Сэдэд нарыг авчирч зөвлүүлсэн. Дамдин багш физик, тооны хичэээл заадаг хэрнээ урлагт их дуртай хүн байж.

-Та ямар дүрд тоглосон бэ?

-Гол дүр буюу Олег Кошевойд тоглосон. Дүр авчихаад зөвхөн хэлэх үгээ цээжлээд өнгөрч болдоггүйг тэгэхэд л мэдэрсэн.

-Драмын театрт орох нэлээд хүнд даваа байсан биз?

-Есдүгээр ангид байхдаа Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын театрт орох гэж шалгуулсан юм. Шалгалт авах хүмүүс нь тухайн үеийн олны танил, шүтээн Э.Оюун, Ё.Шаравдоо, Д.Ичинхорлоо, Н.Цэгмид нар байв. Сүрдсэн гэж жигтэйхэн. Тэд намайг “Шалгуулах юм байна уу” гэхэд өмнө нь нэг удаа тоглож үзсэн “Залуу гварди” жүжгийнхээ төгсгөл хэсгээс үзүүлэв. Гэтэл хэн нэг нь дуулж чадах уу, ном уншдаг уу гэхээр нь “Ээждээ” дууг дуулчихаад Ж.Пүрэвийн “Хөгжмийн эгшиг” романыг уншсанаа хэлэв. Ингээд бүх эрдмээ гаргатал Э.Оюун гуай “Чи есдүгээр ангид сурдаг гэсэн үү? Аравдугаар ангиа төгсөөд театрт ирээрэй” гэв. Тэгэхэд нь би өөрийн мэдэлгүй “Одоо л ормоор байна” гээд хэлчихсэн.

-Гэхдээ аравдугаар ангиа төгсөөд орсон биз дээ?

-Тэгсэн. Гэхдээ шууд ороогүй ээ. Дахиад шалгуулсан. Хүүхдүүд хаврынхаа шалгалтад бэлтгэж байхад би театрт хурдан орох юмсан гээд өдрийн бодол шөнийн зүүд болж байлаа. Тэгэх тусам хичээлд явах сонирхолгүй болж хэдэн өдөр хичээлээ таслав. Нэг өдөр сургууль руугаа ортол Дамдин багш таарч “Чи чинь хааччихав аа. Өчигдөр драмын том жүжигчид ирээд хүүхэд шалгаж авна гээд явсан. Би манайд нэг дажгүй хүүхэд бий. Өнөөдөр ирсэнгүй. Маргааш ирээч” гээд явуулчихлаа гэв. Ингээд маргаашийг тэсэн ядан хүлээж байгаад иртэл урьд нь олон удаа харж байсан Б.Мижиддорж, Ц.Гантөмөр нар сууж байв. Тэд ч өмнөх хүмүүсийн адил шалгаж байгаад “Тэдэнд ирээрэй” гээд явчихав. Заасан хугацаанд нь намайг очтол 150 гаруй хүүхэд шалгуулсан. Тэднээс Б.Цэрэнпагма, О.Норолхоо, Баяраа, Жигжээ бид тэнцэж жүжигчин гэх насан туршийн мэргэжлээ олсон доо.

-Таныг жүжигчин болохыг хэн дэмжсэн бэ?

-Ээж эрс эсэргүүцэж, эмч болгоно гэж байсан. Тэгэхээр нь би “Үхсэн хүнээс айдаг” гээд шуудхан хэлчихсэн. Харин ах “уг нь би чамайг хэлний хүн болгох бодолтой байсан юм. Гэхдээ ирээдүйгээ чи өөрөө сонго доо. Хамгийн гол нь үгээр ярих мэргэжлийг насан туршдаа сонгож байгаа хойно хичээж л үзээрэй” гэж билээ.

ТЕАТРТ ОРООД АНХ УДАА “БУУТАЙ ХҮН” ЖҮЖИГТ ТОГЛОСОН

-Театрт ороод анх ямар дүр бүтээсэн бэ?

-“Буутай хүн” жүжгийн хэсэгт тоглосон. Тэр үед хэн нэгэн надад “Чамайг ”Гарын таван хуруу”-гийн Баярт тоглуулах гэж байна. Жүжиг ангийн дарга Б.Пүрэвтэй уулз гэнэ” гэв. Очтол “Баярт тоглох Ж.Дашзэгвэ гадаадад сургуульд сурахаар явах болсон. Үгээ бичиж аваад бэлтгэлдээ ор” гэв. Ингэж л би театртай амь шигээ холбогдсон доо.

-Та гэргийтэйгээ яаж танилцсан бэ?

-Театрт ороод удахгүй бригад явсан. Говийн хэдэн аймгаар тоглоод иртэл театрын амралтын өрөөн дэх жүжигчдийн зургийг шинэчилсэн байлаа. Тэдний дундаас нэг нь нүдэнд тусаад. Тэр нь Мэндбаяр байсан юм. Намайг орохоос таван жилийн өмнө театрт ирсэн том жүжигчин. Анх зургийг нь харсны дараахан багын найз С.Бужгартай УБДС-ийн кино драмын ангид сургуулилалт хийж байхад нь харсан юм. Тэр үед урт хар гэзэгтэй, давхраатай алаг нүдтэй, жижгэвтэр биетэй бүсгүй байлаа. Түүнээс хойш дотроо их боддог боллоо. Гэтэл хэд хоногийн дараа миний дэргэд хоёр бүсгүй түүнийг гэр бүл, хүүхэдтэй гэж ярихыг сонсоод надад олдохгүй хүн байна гэж бодоод сэтгэлээр их унасан.

-Та тэгээд гэр бүлтэй хүнийг яаж өөрийн болгож чадав аа?

-Бид 1969 онд Архангай аймаг руу бригадаар явсан юм. Тэр үед сэтгэлээ эвлүүлэх эхлэлийг тавьсан даа. Бид хоёр өөрсдийн амьдралаас эхлээд олон зүйлийн талаар ярьсан. Түүний гэр бүлийн хүн нь гадаадад байсан юм. Гоёл чимэглэлийн зүйл, мөнгөөр тасрахгүй. Гагцхүү эмэгтэй хүнд нөхрийнх нь хайр халамж дутсанаас сэтгэл нь хувирдгийг би тэр үед ойлгосон.

-Мэндээ эгч хүүхэдтэй байсан уу?

-Хоёр. Мөн аавтайгаа амьдардаг байсан. Гэр бүлийнх нь хүн биднийг мэдчихээд бөөн уур болоод. Арга байж уу. Д.Мэндбаярыг надтай сууна гэхэд “Энэ нусгай бандийг дагаад сайхан амьдрахыг чинь харна аа” гэж. Тэр үед намайг гэр бүл үймүүлсэн гээд театраас халчихсан. Харин Д.Мэндбаяр сайн жүжигчин тул намаас хөөх сануулгатай үлдсэн 1972 он шүү дээ.

-Та тэгээд ажилгүй яав?

-Яах юу байх вэ. Ажилгүй хүн чинь өглөө эхнэртээ цай чанаж, орой ажлаас нь авдаг ажил л хийсэн. Хүнс авах болбол цаг нөгцөөхийн тулд дөрөвдүгээр дэлгүүрээс нэг кг гурил авч гэрт оруулчихаад нэгдүгээр дэлгүүрээс нэг кг төмс авахаар гарна. Харин махаа Улаанхуарангаас авна.

-Хөгжилтэй юм?

-Яг л тийм байсан.

-Лхамцэнд, Гансэрээ хоёр тань хэдэн настай байсан бэ?

-Дөрөв, таван настай л байсан. Хадам аав тэднийг харна.

-Хаана амьдардаг байв?

-Айл айлын хашаа сольж, байгууллагын гэр барьж амьдардаг байв. Хоёр бага хүүхэд, нэг хөгшин, хөл хүнд эхнэртэй тэвдэж л байлаа. Тэр үед би Зуунмодны зусланд жижгэвтэр байшин өөрийн гараар барьсан даа. 

-Аав тань уран хүн байсан гэсэн, та авьяасыг нь өвлөж дээ?

-Байшин бариад хадам аавыгаа оруулахад “Сайхан сууцтай болсон байна. Миний хүү овоо гарын дүйтэй юм аа” гэж байсан. Тэр үед “Аав минь гарын уртай юм чинь би аргагүй шүү дээ” гэж хэлэх гэснээ хэлээ хазаж билээ.

-Ажил хайгаа юу, тэгээд?

-Нэгэн танил маань намайг “Модны 2”-т ор. Тэнд цагаа бүртгүүлээд явахад л болно гэв. Тэгээд очтол модны үнэр хамар цоргиж, зомгол, үртэс хөглөрч хөрөө рамны дуу хэнгэрэг цоолох шахаж байлаа. Тэр үед театрт тоглож байсан үе нүдний өмнүүр зурсхийхэд тэр ажил тохирохгүй мэт санагдав. Буцаж явахдаа цагдаа болдог ч юм бил үү гэсэн бодол төрөөд. Гэтэл тохиолдлоор нэг цагдаа хулгайч хөөж явахтай тааран “Наадахаа бариад аваарай” гээд хашгирч байхыг хараад аягүй бол бас иймэрхүү юм болох нь гэж бодоод больсон.

-Хэзээ Хүүхдийн театрт орсон бэ?

-Тэр үе л дээ. Д.Мэндбаярыг ажлаас тосох гээд ДБЭТ-ын цэцэрлэгт сууж байтал жүжигчин М.Бадамгарав гуай таарч “Чи чинь Д.Мэндбаяраас гадуур болздог болоо юу?” гэнэ. Би “Үгүй дээ, эгч минь. Дүү нь ажилгүй болчихоод яахаа мэдэхгүй сууж байна” гэхэд “Чи ингээд сууж байж болохгүй. Г.Жигжидсүрэн “Баянбулгийнхан” киноныхоо натурт гарах гэж байна. Чи тэнд тогло” гэв. “Би ямар хүн алж хүрээ талсан биш. Айлын бүсгүй эргүүлсэн ч эхнэрээ болгож авсан нь үнэн юм чинь” гэж бодогдоод Соёлын яам орж ажилд орох хүсэлтээ хэлэх гэтэл урьдчилаад энэ театрт томилчихсон байсан.

ААВ МИНЬ НАДАД САХАЛ ЗОХИНО ГЭЖ БИЛЭЭ

-Та эхнэр хөл хүнд байсан гэж түрүүн хэлсэн. Энэ хэдэн он бэ?

-1976 он. Тэр жил надад олон сайхан дурсамжтай зүйл тохиолдсон. Охиноо мэндлэхэд ахаасаа ямар нэр өгөх вэ гэж утас цохиход “Чи театрт орохдоо анх Баяраагийн дүрийг бүтээсэн. Тиймээс эмэгтэй хүүхдэд Баярмаа гэж нэр өг” гэв. Үүний дараа “Хатанбаатар” кинонд манлай баатар Дамдинсүрэнгийн дүрийг бүтээсэн юм. Энэ кино тэр жилдээ Москвагийн олон улсын XII кино фестивальд оролцохоор шалгарч 1981 онд хойд хөршийг зорьсон юм. Даанч Москвад сууж байсан манай Элчингийн таагүй зангаас болж шалгарч чадаагүй. Ингээд бид ирж хуучнаар Буянт-Ухаад буухдаа эхнэрээ тосох байх гэтэл алга. Автобусны буудал дээр ч алга. Тэгэхээр нь урам хугараад гэртээ ортол урьдынхаас илүү цэвэрхэн байлаа. Тэгсэн хэрнээ хэн ч байдаггүй. Шалан дээр нэг зурвас хэвтэж байв. Дэлгэн уншвал “БНМАУ-ын гавьяат жүжигчин Д.Мэндбаяр танд баяр хүргэе. Хамт олон тань баяр хүргэж байна. УДЭТ-ын дарга А.Таяа” гэсэн байв. Баярласандаа ганцаараа уйлж байтал эхнэр маань ажлынхантайгаа машинаар ирж байгаа харагдана. Буухад нь энгэр дээр нь “БНМАУ-ын гавьяат жүжигчин” гэсэн эрхэм хүндтэй цолны тэмдэг гялалзаж байв. Би ч шууд тэвэрч аваад уйлсан.

-Танайх Зуунмодны зусланд хэр удсан бэ?

-Түүнээс хойш нэг их удаагүй ээ. Намайг бригадаар явж байтал Д.Мэндбаяр утсаар ярьж, “Би чамд нэг сайхан мэдээ дуулгах гэсэн юм” гээд “манайд байр өгсөн. Гуравдугаар хорооллын 31 дүгээр байр 1-р орц, 11 тоотын, хоёр өрөө” гэв. Өмнө нь бид хоёр тэр хавиар явж байхдаа энд байртай болох юмсан гэж ярьж байсан юм. Тэр мөрөөдөл биелсэн шүү.

-Та гавьяат цолоо хэдэн онд авсан билээ?

-1991 онд. Театрын дарга Г.Доржсамбуу урьд өдөр нь надад “Хүү минь, чи маргааш төрийн дээд шагнал авч магадгүй юм шиг байна. Бэлтгэлтэй байгаарай” гэсэн юм. Тэр өдөр ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, бүжигчин Ц.Алтангэрэл, зураач Ч.Гунгаасүх нарын олон хүн авсан.

-Таны сахал их донжтой. Хэзээнээс ургуулсан юм бэ?

-Гавьяатын одон зүүдэг жил. Г.Жигжидсүрэн найруулагч намайг “Амин мөр” кинонд тоглуулахдаа “Чиний тоглох гэж байгаа Буян их зэвүүн хүн байх юм. Чи сахалтай байх хэрэгтэй. Чинийх ургах болов уу” гэсэн юм. Тэр үед аав минь 79 настай цус харвачихсан хэвтэрт байлаа. Би аавыгаа мэндэд нь сахал тавихгүй гэж бодож байсан юм. Нэг өдөр ааваасаа “Би нэг кинонд тоглох гэсэн чинь сахалтай байх ёстой юм гэнэ. Би сахал ургуулж магадгүй байна аа” гэхэд “Чи чинь сахал наагаад л тоглодог биз дээ” гээд дургүйцэж байгаа нь илт. Тэгэхээр нь би наагаад л тоглоё доо гэж бодож байлаа. Гэтэл нэг өдөр аав намайг дуудаад “Миний хүү сахлаа ургуул даа. Өвгөн би ажлыг чинь баллахыг ухаарсангүй. Чамд зохино” гэж байв. Тэр үеэс хойш би ургуулсан даа.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

П.ЦЭРЭНДАГВА: Бурхан болсон аав маань ээжид арван цагаантай, нанжин гахай гөлөмтэй эмээл бэлтгэж өгсөн юм билээ  
Үзсэн: 9512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.126.89.xxx] 2018-09-12 03:29
Үнэхээр магтах үг дутмаар мундаг хүн гэж хүндэлж биширч явдаг. Танд болон танай гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөе!
Зочин [150.129.140.xxx] 2018-09-11 20:07
Тээр жил такси барьтал цэмбийсэн цагаан бенц зогсоод суутал нэг л дотно царай юу билээ хамаатны ах билүү гээд хараад байтал инээгээд ах нь зам зуураа бензиний мөнгө олдог юм.Суусан хүмүүс яг чам шиг сүрхий хардаг гээд л инээж билээ.Ардын жүжигчин агуу хүнээр үйлчлүүлж л явлаа ккк
Зочин [43.228.128.xxx] 2018-09-11 11:14
сэтгэлд буусан сайхан ярилцлага байна Энэ 2 маань нэг цэмбэгэр цагаан бенц унаад давхиж яваа харагддагсан Та 2 тоо эрүүл энхийг хүсэн ерөөё
Зочин [66.181.160.xxx] 2018-09-11 08:48
сайхан ярилцлага байна. Та хоёртоо эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Зочин [43.228.129.xxx] 2018-09-11 08:36
saihan buurluud snuu ervvl enhiig hvsie
Зочин [202.9.40.xxx] 2018-09-11 08:36
Нанжин гахай гөлөм гэж ямар гахайн гөлөм бэ. Нанжин хотоос оруулж ирсэн гахайн арьсаар хийсэн гөлөм шүү дээ
Зочин [108.92.148.xxx] 2018-09-11 07:16
Hunii ami kinond neg zevuun dur buteesendee.Baga baihdaa uzeed aidag bailas gej.
Зочин [59.153.113.xxx] 2018-09-10 17:51
Угаасаа л энэ хоёр хүн бүтээсэн дүр байгаа байдлаараа хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан буурайнууд. Урт насалж удаан жаргаарай.
Зочин [203.91.114.xxx] 2018-09-10 16:50
saihan hun shuu.

Бидэнтэй нэгдээрэй