Шууд Chart

ӨНӨӨДӨР: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

2018-09-10 11:42:14

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 23 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

1922 оноос эхлэн Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр 1990 оныг хүртэл үргэлжилж, тухайн үеийн нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэсэн хэдий ч Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан юм.

Тэрхүү он жилүүдэд Монголын үндэсний эрх ашгийг ба тусгаар тогтнолыг хамгаалсан зохиолч, эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж байв. Энэ хэлмэгдүүлэлтээр тэр үеийн монголын сэхээтнүүдийг баривчлан шийтгэж, олонхийг нь цаазалсан байдаг. Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Монгол дахь шарын шашны 700 гаруй сүм хийд коммунист хийрхлийн золиос болж сүйтгэгджээ.

Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийг шалтгаан, хүрээ, үр дагаврын үүднээс нь эхлэл үе (1921-1924 он), өрнөл үе (1925-1932 он), оргил үе (1932-1939 он), бууралт үе (1940-1955 он), сүүлч үе (1956-1989 он) гэсэн таван хэсэгт бүлэглэн үзэж болох аж.

1937 оны аравдугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан Х.Чойбалсан даргатай Онцгой бүрэн эрхт комисс хэмээх шүүхээс гадуурх байгууллага 1939 оны дөрөвдүгээр сарын 15-ыг хүртэлх хугацаанд 50 удаа хуралдаж, улс төрийн хэрэгт баривчлагдсан 25824 хүнийг хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул хэмээх хэргээр таслан шийдвэрлэснээс 20474 хүнийг буудан алах, 5103 хүнийг 10 жил 240 хүнийг 10 жил, хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Бүгд 17 мянга орчим лам хувраг шийтгэгдсэнээс 14 мянга гаруйг нь шууд буудан хороосон байна.

1950-иад оноос 1980-аад оныг хүртэл үргэлжилсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, олон ургалч үзэл санааг хаан боогдуулах, тэдний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж, “Сэхээтний төөрөгдөл”, “Намын эсрэг бүлэг”, “Монгол Зөвлөлтийн найрамдлын эсрэг” гэх мэт элдэв нэр хаяг өгч, нутаг заан суулгах, хүнд нөхцөлд ажиллуулах, захиргааны элдэв аргаар хяхах зэргээр гадуурхан хэлмэгдүүлж байсан билээ.

Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн үйл явц, хэрэгжсэн арга, гарсан үр дагавар нь тухайн түүхэн цаг үеийн байдлаас шалтгаалж өөр өөрийн гэсэн онцлогтой байсан ажээ. 1921-1940-өөд он хүртэлх хугацаанд Монголд өрнөсөн хэлмэгдүүлэх ажиллагаанд гол төлөв бие хүний нь хувьд устгах, олон жилээр гянданд хорих хэлбэр давамгайлж байсан бол 1950-1980-аад онд хүмүүсийн хууль ёсны эрх, эрх чөлөөг хязгаарлах, сэтгэл санааны дарамт учруулах, нэр хүндийг нь гутаах, ажил албан тушаалаас нь хууль бусаар халах, нутаг заан суулгах зэргээр зүйл бүрээр хяхан хавчих явдал түгээмэл байжээ.

Монгол оронд хэрэгжиж байсан хөгжлийн хувьслын зарчим 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар алдагдаж, ард түмний эрх ашигт нийцэж байсан ардчилсан шинжтэй өөрчлөлт гажуудан, Монгол Улс зөвлөлт хэв маягийн социалист нийгэм байгуулах туршилтын талбар болон хувирчээ.

Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн уршгаар БНМАУ-ын хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурал, эрх баригч МАХН-ын удирдах байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах бүрэлдэхүүнгүй болтлоо хядлагад өртөж, Монгол оронд улс төрийн авторитари, тоталитари дэглэм хуваарьгүй ноёрхох болсон юм. Зах зээлийг баримжаалсан эдийн засгийн хөгжлийн явц тасалдаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр улс орны хөгжил яваандаа удаашрахад хүрчээ.

Шинээр үүссэн сэхээтний давхраа хүнд цохилтод өртсөнөөс түүнийг дахин бэлтгэх шаардлагатай болсон байна. Монголын түүх, соёл, уран барилгын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан соёлын их өв сүйрэлд автаж, Монголын нийгмийн оюун санааны амьдрал, шашин суртахуун, уламжлалт зан заншилд асар их гарз хохирол учирсан юм.

Үндэсний уламжлал, өв соёлын залгамжлалыг үгүйсгэн тасалдуулж, үндэс язгуураа гэсэн эх оронч үзэл санааг "үндсэрхэг үзэл" хэмээн хавчин хяхаж, шударга зарчимт шүүмжлэл, бүтээлч санал, санаачилга гаргагчдад "сэхээтний төөрөгдөл" гэх мэт нэр хаяг оноон хэлмэгдүүлж, олон ургалч үзэл, чөлөөт сэтгэлгээг хязгаарлан боогдуулж байсны улмаас хүн амын дунд идэвхгүй, үлбэгэр дорой байдал, бэлэнчлэх сэтгэлгээ төлөвшихөд хүрсэн гэж судлаач, эрдэмтэд дүгнэдэг юм.


ӨНӨӨДӨР: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.114.xxx] 2018-09-10 12:31
МАХН-огт оролцоогүй,монгол төрийн дангаараа гардан хэрэгжүүлсэн ажил гэдэг бил үү?

Бидэнтэй нэгдээрэй