Шууд Chart

Буриадын бөх Орора Сатоши 292,2 кг жинтэйгээр сүмогийн рекордыг тогтоолоо

2018-09-10 16:25:03

Японы сүмо бөхийн холбооноос Токиод болдог тэмцээний өмнө бөхчүүдийн эрүүл мэндийн үзлэг хийдэг билээ. Аки башёгийн өмнөх үзлэгээр хамгийн хүнд жинтэй бөхийн рекордыг ОХУ-ын Буриадын Орора Сатоши хэмээх Анатолий Михаханов шинэчлэн тогтоолоо.

Орора өнгөрсөн жилийн үзлэгээр 288 кг татаж, Хавайн арлын Конишикиг 3 кг-аар даван гарч байв. Энэ жил ч гэсэн Орора 292.6 кг-ийн жингээр өөрийнхөө рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Гэхдээ банцүкэ нь жонидан хүртэл унажээ.  

Орора Сатоши “Талийгаач багш Китаноүми ояката минь нэгдүгээрт л бичигдэж байвал юугаар ч байсан хамаагүй гэж надад байнга хэлдэг байсан. Би сүмогийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээж байгаадаа баяртай байна” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

Цолтой бөхчүүдээс хамгийн хүнд нь сэкивакэ Ичиножёо. Түүний жин 2 кг нэмэгдэж, 227 кг болсон бол дараа нь жюүрёогийн гүрж бөх Гагамарү 212, Бразилийн Кайсэй 207 кг-аар орлоо.

Япон бхчүүдээс хамгийн хүнд нь Чиёотайрюү, Чиёомарү нар 191 кг-ийн жинтэйгээр оржээ. Цолтой бөхчүүдээс хамгийн хөнгөн нь Энхо Акира 97 кг жинтэй байна.

Их аварга Хакүхо 154, ёкозүна Какүрюү 159, Кисэносато 176 кг бол озэки Гоэйдо 157, Такаясү 180, Точиношин 175 кг байлаа. Озэки цол горилогч Митакэүми энэ башёд 170 кг-ийн жинтэй барилдаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Буриадын бөх Орора Сатоши 292,2 кг жинтэйгээр сүмогийн рекордыг тогтоолоо   
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй