Шууд Chart

Амеркийн зүүн эргийн нутгаар “Флоренс” далайн хар шуурга дэгджээ

2018-09-11 17:14:59

Арлын Японы нутаг дэвсгэрт Жеби далайн хар шуурга шуурч, их хэмжээний гамшиг сүйрэл дагуулсан. Тэгвэл шинэ долоо хоногийн эхээр Америкийн зүүн эргийн нутгаар “Флоренс” нэр авсан далайн хар шуурга дэгджээ. Хар шуурга Хойд болон Өмнөд Каролин мужийг чиглэн урагшилж, орон нутгийн эрх баригчид нь аюулгүйн үүднээс далайн эрэг дагуух нутгаас иргэдээ аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж эхлээд байна. Байгалийн энэхүү гамшигт үзэгдлийг Америкийн байгалийн үзэгдэл судлах төвийн мэргэжилтнүүд сүүлийн арваад жилд тохиолдож байгаа хамгийн хүчтэй хар шуурганы нэг болно гэж үзэж байна.

Тиймээс орон нутгийн эрх баригчид нь аюулгүйн үүднээс Америкийн зүүн эргийн нутгаас бараг сая гаруй хүнээ нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Флоренс далайн хар шуурганд мэргэжилтнүүд Сапфир Симпсоны шаталбараар аюулын 5 зэргээс дээрээсээ 2 дахь буюу 4 баллын түвшин тогтоожээ. Тэгвэл энэхүү шаталбарын хамгийн дээд буюу 5 баллын аюулын зэргийг 2017 онд Атлантын далайн эрэг дагуу шуурсан  Ирма далайн хар шуурганд оноож байжээ.  

Флоренс далайн хар шуурга даваа гарагийн өглөөнөөс эхлэн хүчээ авч эхлэн, өнөөдөр голомтдоо цагт 178-195 км хүртэл ширүүсэн шуурч байна. Флоренс хар шуурга араасаа хүчтэй аадар бороо, салхи дагуулжээ. Энэ байдлаас шалтгаалан гамшгийн бүсэд мод бут үндсээрээ булгарч, барилга байшингийн дээвэр хуулран, шил цонх нь хагараад байна. Далайн хар шуурганы улмаас эх газар луу 4 км хүртэл их ус түрж орж ирэн, эрэг хавийн нутгийг үерт автуулаад байна. Цаг уурчид Флоренс хар шуургыг Америкийн зүүн эргийн нутгаар сүүлийн 30 жилд дэгдэж байгаа хамгийн их аюул гамшиг дагуулах үзэгдэл гэж дүгнэж байгаа юм.

Хамгийн сүүлд энэ бүс нутагт 1989 онд “Хьюго” далайн хар шуурга шуурч, Хойд Каролиныг бүхэлд нь сүйтгэн, бараг 7 тэрбум долларын эдийн засгийн хохирол учруулж, 50-иад хүний амь насыг авч оджээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Амеркийн зүүн эргийн нутгаар “Флоренс” далайн хар шуурга дэгджээ  
Үзсэн: 195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй