Шууд Chart

Владимир Путин, Шинзо Абэ нарын уулзалтыг үр дүнтэй гэж дүгнэлээ

2018-09-12 15:28:06

Японы Гадаад хэргийн яам ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд хийсэн уулзалтыг үр дүнтэй хэмээн дүгнэж байна. Японы Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Такэси Осуга энэ тухай мэдээллээ.

Өнгөрсөн даваа гарагт Владимир Путин, Шинзо Абэ нар Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд уулзаж, яриа хэлэлцээ хийсэн. Энэ уулзалт Путин, Шинзо Абэ нарын хооронд хийж байгаа 22 дахь удаагийн уулзалт байлаа. Уулзалт бүтэн хоёр цаг хагас үргэлжилсэн.

“Бид дээд хэмжээний энэ уулзалтыг маш нааштайгаар дүгнэж байна” гэж Осуга хэллээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Путин, Шинзо Абэ нарын энэ уулзалт хоёр удирдагч орон хоорондын харилцааг бүх салбарт, ялангуяа улс төр, эдийн засаг, соёл, энхийн гэрээ байгуулах салбарт бэхжүүлэхэд итгэл төгс байгааг нотолж байна” гэлээ.

Орон хооронд дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй байгаа нь Орос, Японы харилцааг харлуулж ирсэн. Япон улс 1855 онд Орос, Японы хооронд байгуулсан худалдаа, хилийн асуудлаарх гэрээнд үндэслэж Курилийн цуваа арлын өмнөд хэсгийн Кунашир, Шикотан, Итуруп, Хабомаи гэсэн дөрвөн арлыг өөрийн хэмээн үздэгээс болж Орос, Японы харилцаа олон жилийн туршид сэвтэж ирсэн байдаг.

Токио арлуудыг эргүүлэн авах асуудлыг Оростой энхийн гэрээ байгуулах гол нөхцөл болгож ирсэн. Харин Москва Курилийн арлын өмнөд хэсгийн арлууд дэлхийн хоёрдугаар дайны дүнд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон. Арлууд нь Орос улсын салшгүй нэг хэсэг гэдгийг олон улсын хууль эрх зүйн баримт бичгээр нотолсон тул эргэлзэх зүйлгүй гэж үздэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Владимир Путин, Шинзо Абэ нарын уулзалтыг үр дүнтэй гэж дүгнэлээ   
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй