Шууд Chart

Алс Дорнодод “Восток-2018” том хэмжээний цэргийн сургуулилт эхэллээ

2018-09-12 15:37:22

ОХУ-д сүүлийн 40-өөд жил болж байгаагүй “Восток-2018” цэргийн сургуулилт эхэллээ. Цэргийн сургуулилт хоёр үе шаттайгаар энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.

Тус сургуулилт нь цэргийн нэгдсэн таван полигон, нисэх хүчин болон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчний дөрвөн полигон, Японы, Агнуурын болон Берингийн тэнгисийн сав газар болох юм байна. Мөн энэ сургуулилт олон улсын гэдэг статустайгаар зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн цэргийн маневрт дорнод болон төвийн цэргийн тойрог, Умард болон Номхон далайн флот, агаарын шүхрийн цэргийн бүх анги нэгтгэл, алсын зайны болон цэргийн ачаа тээврийн нисэх хүчин, мөн сургуулилтын нэг шатанд Хятад, Монголын цэргийн салбарууд оролцоно. Нийтдээ энэ сургуулилтад 297 мянган цэргийн албан хаагч, мянга гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг, нисэгчгүй нисдэг төхөөрөмж, 80-аад байлдааны болон хангамжийн хөлөг онгоц, 36 мянган танк, хуягт тээвэрлэгч, бусад техник хэрэгсэл оролцох юм байна.

Алс Дорнодын бүс нутагт 1990-ээд онд том хэмжээний стратегийн цэргийн сургуулилт болж байгаагүй. Харин Приморийн хязгаарт 1994, 1996, 1998 онд Орос, Америкийн тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилт болж, үүнд Оросын Номхон далайн флот, Америкийн талаас тэнгисийн цэргийн хүчний 7-р флотын хөлөг онгоцууд оролцож байжээ.

ОХУ-ын түүхэнд анх удаа Алс Дорнодод “Восток” нэртэй стратегийн сургуулилт 2003 оны наймдугаар сард болж байсан. Энэ сургуулилтад 70 мянга гаруй цэргийн алба хаагч, иргэний мэргэжилтэн оролцож байсан. Харин 2010 оноос хойш сургуулилтыг дөрвөн жилд нэг удаа хийхээр болсон юм байна.

Сүүлийн жилүүдэд команд-штабын стратегийн сургуулилт хийдэг байсан бол энэ удаа цэргийн маневр хэлбэрээр хийж байгаа нь энэ юм байна. Энэ удаагийн цэргийн сургуулилтад Хятадын ардын чөлөөлөх арми болон Монголын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд оролцож байгаа нь энэ сургуулилтыг олон улсын гэж нэрлэхэд хүргэжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алс Дорнодод “Восток-2018” том хэмжээний цэргийн сургуулилт эхэллээ  
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй