Шууд Chart

Венесуэлээс бүс нутгийн орнууд руу дүрвэн гарсан хүний тоо 4 саяд хүрэх магадлалтай байна

2018-09-12 15:47:54

Венесуэлчүүд эх орноосоо дүрвэн гарсаар байна. Энэ оны сүүлч гэхэд Латин Америкийн орнууд руу дүрвэн гарсан Венесуэльчүүдийн тоо 4 сая хүрч магадгүй гэж “Хууль, олон улсын эрх зүйн төв” төрийн бус байгууллагын Андын бүс нутаг, хойд Америк, Карибын тэнгисийн сав газрын төв хэсгийг хариуцсан захирал Франсиско Кинтана мэдэгдлээ.

Тэрбээр "Сүүлийн нэг жилд 1.5 сая хүн Венесуэлээс дүрвэн гарсан. Дэлхийн хаана ч ийм зүйл болж байгаагүй. Сирид л гэхэд дайны 4-5 жилд 6 сая хүн дүрвэсэн. Мьянмарт 10 жилд нэг сая орчим рохинжа үндэстэн дүрвэн гарсан. Гэтэл энд ганц жилд 1.5 сая хүн дүрвэн гарчээ" гэж онцолсон байна.

Төрийн бус байгууллагын ажилтнууд иргэний нийгмийн 70-аад байгууллагаас авсан мэдээ мэдээлэлдээ тулгуурлан одоогийн байдлаар 3 сая хүн Венесуэлээс дүрвэн гарсан гэх дүгнэлтэд хүрсэн байна. Харин НҮБ-ын мэдээгээр, 2.3 сая хүн гарчээ.

Ноён Кинтанагийн хэлж байгаагаар, Венесуэльчүүд ийнхүү эх орноосоо дүрвэн гарч байгаа нь Ерөнхийлөгч Николас Мадуро тэргүүтэй Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой бөгөөд энэ онд л гэхэд нийт хүн амын 12 хувь нь дүрвэн гарч магадгүй гэнэ. Гэтэл 2017 оны байдлаар Боливарын бүгд найрамдах улсын хүн ам 32 сая. Сүүлийн жилүүдэд Венесуэл улсад нийгэм-эдийн засгийн хямрал нүүрлэж, инфляцийн түвшин эрс нэмэгдэж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш нам унаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол бий болсон.

НҮБ-ын мэдээгээр, 2.3 сая орчим хүн Боливарын бүгд найрамдах улсаас ихэвчлэн Колумб, Эквадор, Перу болон Бразил руу дүрвэн гарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Венесуэлээс бүс нутгийн орнууд руу дүрвэн гарсан хүний тоо 4 саяд хүрэх магадлалтай байна   
Үзсэн: 544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.31.xxx] 2018-09-13 17:27
diplomgui Ganbaatar mongol ulsiig Venezuel shig l bolgoh geed bgaa shuudee

Бидэнтэй нэгдээрэй