Шууд Chart

Шатахууны үнийг зохицуулах уу

2018-09-27 11:54:36

Нефтийн үнэ ханш  

Өнөөдрийн байдлаар “Ойл прайз”-ын цахим хуудсанд брэнт маркийн газрын тос нэг баррель нь 81 орчим ам.долларт хэлбэлзэж байна. Сүүлийн 7 хоногт газрын тосны үнэ тасралтгүй өссөөр 80 доллар гараад буй нь энэ. Өнгөрсөн жилийн яг өдийд нэг баррель газрын тос 57-58 ам.долларт  эргэлдэж, өнөөдрийнхөөс 40 хүртэлх хувиар доогуур ханштай байсныг зарим нь санаж байгаа байх.   

Харин дотоодод шатахуун импортлогчид өнгөрсөн 7 сараас хойш хоёр сар гаруйн хугацаанд шатахууныхаа үнэ ханшийг 2-3 удаа өсгөж, өөрчлөөд байна. Өчигдрийн байдлаар Улаанбаатарт А80 1690, А-92 1800-1830, Аи95 2100-2120, харин дизель түлш 2100-2160 төгрөгийн үнэтэй байлаа. Гэхдээ алслагдсан аймаг, сумдад 10-30 хувиар илүү үнэтэй байдгийг зарим уншигч андахгүй. Дотоодод нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш сүүлийн гурван сард 20-25 хувиар буюу 4-ний нэгээр өсөөд байгаа нь энэ. Цаашид олон улсын зах зээл, ОХУ-ын экспортын татварын өөрчлөлтөөс үүдэн шатахууны үнэ нэмэгдэхгүй, өөрчлөгдөхгүй гэх баталгаа алга байна. Ирэх 11 дүгээр сард бүр ч илүү хүндхэн нөхцөлтэй тулж болзошгүйг УУХҮЯ мэдэгдээд байгаа юм.  

Гэсэн ч шатахууны үнийн өсөлтийн эсрэг ямар арга хэмжээ авахаа Засгийн газар тогтож шийдээгүй байна. Ихэвчлэн онцгой албан татвараар зохицуулалт хийж ирсэн Засгийн газрын хувьд энэ удаад импортлогчдод татаас олгох уу, эсвэл ОХУ-тай яриа хэлэлцээ хийх үү, нэг бол зах зээлийн зарчимд нь даатгаад орхих уу гэсэн асуулт тулгарч байна. Засгийн газар дизель түлшнээс бусад шатахууны ОАТ-ыг өнгөрсөн нэгдүгээр сард тэглэчихсэн болохоор одоо татвартай холбоотой хүлээлт үгүй.  

Д.Трампын мэдэгдэл ба нефтийн зах зээл 

Ираны эсрэг АНУ-ын авч хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээ, АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны маргаан, мөн нефть олборлогчдын түүхий эдийн гарц зэрэг нь нефтийн үнэ ханшид шууд нөлөөлж байгааг зах зээл ажиглагчид тэмдэглэж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн сарын эхээр АНУ газрын тосны гол экспортлогч Иран улсын эсрэг авах хоригийг дахин танилцуулснаар газрын тосны ханш огцом савлаж эхэлсэн. Хамгийн сүүлийн мэдээгээр АНУ-ын Ерөннхийлөгч Доналд Трамп өчигдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс “Америк Иран, БНАСАУ зэрэг улс оронд тавьж буй хориг арга хэмжээн дээрээ баттай зогсох”-оо мэдэгдсэн. Мөн газрын тосны ханшийн өсөлтөд OPEC-ийг буруутгасан.   

Харин бусад улс орнууд Америк, Хятад улсын хооронд өрнөж буй худалдааны маргаан нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж болгоомжилж байгаа бол Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани “АНУ-ын нэг талыг барьсан хориг арга хэмжээ Ираны төдийгүй дэлхийн бусад иргэдэд ч халтай” гэсэн хариу өгөөд байгаа юм. Дэлхийн улс  төрийн гал тогоон дахь эдгээр үйл явц зах зээлийн суурь үнэ нефтийн ханшийг ийн залж байна.                

Манай улсын хувьд ОХУ-аас нийт шатахууныхаа 98 гаруй хувийг авдаг хэвээрээТэгвэл тус улс гурав хоногийн дараагаас буюу 10 дугаар сарын 1-нээс нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг тн тутамд 5.1 ам.доллараар нэмж байгаа мэдээ байна. 71.5 доллараас 76.6 доллар болгож өсгөж байгаа нь энэ. Мөн нефтийн экспортын татвараа ч 7.5 хувиар нэмэхээр болсон.      

Засгийн газар ба зах зээлийн зарчим

Одоо харин шатахууны үнэ ханшийг хэрхэн зохицуулах гэж байгааг тодруулснаа хүргэе. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдаа, Байгалийн нөөц, экологийн сайд нартай уулзаж, “Роснефть” компанийн удирдлагуудтай газрын тосны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцож, яриа хэлэлцээ өрнүүлсэн.   

Энэ үеэр шатахууны үнэ ханш, нөөцтэй холбоотой асуудлаар тодорхой яриа хэлэлцээ хийсэн байх гэсэн хүлээлт олны дунд байна. Гэсэн ч өчигдөр  УУХҮ-ийн сайдыг  ОХУ-аас ирснээс хойш шатахууны импорт, үнэ ханштай холбоотой шинэ мэдээлэл цацагдсангүй. Яамны ХМА нь ч энэ талаар дуугарсангүй.   

Дээрх хариултаас, холбогдох газар, яамдын мэдээллээс ажиглахад, Засгийн газар шатахууны үнийг тогтворжуулахад чиглэсэн ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна. Магадгүй бараа үйчилгээний үнэ зах зээлийн зарчмаар зохицуулагдах ёстой гэсэн байр суурьтай ч холбоотой байж болох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ оны эхээр бондын өр төлөх үйл ажиллагааны үеэр Засгийн газар зах зээлийн зарчим барьж ажиллахаа мэдэгдэж байсан. Тухайн зарчмаар шатахууны нөөц, чанарт гол анхаарлаа хандуулж байгааг  УУХҮЯ-ны албаны зарим дарга нар албан бусаар мэдэгдлээ.      

Нефтийн бүтээгдэхүүний хараат байсан цагт шатахууны үнийн дарамттай хэзээд тулгарахыг та, бид сүүлийн 20 гаруй жилийн ахуй амьдралаасаа мэдэрч, мэддэг болсон. Тиймээс ч хараат байдлаас гарах арга нь нефтийн бүтээгдэхүүний үйлдвэр болохыг хаана, хаанаа хүлээн зөвшөөрч,  Засгийн газар үйлдвэр барихаар ажилдаа ороод буй. Энэ ажлын явцыг мөн “Хурд” агентлаг  тодруулан уншигч, сонсогчдодоо удахгүй хүргэнэ.  

Нийтэлсэн: Д.Даваадулам

Шатахууны үнийг зохицуулах уу  
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй