Шууд Chart

Помпео: АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хооронд 2 орны харилцааг хэвийн болгох арга замын талаар нэгдмэл ойлголт байна

2018-09-29 10:35:00

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын хооронд хоёр орны харилцааг хэвийн болгоход юу хэрэгтэй вэ гэдэгт нэгдмэл ойлголт байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдлээ.

Тэрбээр Солонгосын хойгийн эргэн тойрны байдлыг хэлэлцсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр “Манай хоёр орны удирдагчдад АНУ болон БНАСАУ хоорондын харилцааг нааштайгаар өөрчлөхөд ямар алхам хийж болох талаар нэгдмэл ойлголт байна. АНУ, Сингапурын уулзалтаар өөрт хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх хүрээнд Умард Солонгостой харилцаа холбоо тогтоосон хэвээр байгаа” гэж хэллээ.

Мөн "АНУ болон БНАСАУ-ын эрх баригчид Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох дипломат хүч чармайлтад урагш том алхам хийсэн төдийгүй амжилтад хүрнэ гэдэгт найдаж байна. Хэрвээ Ким Жон Ун удирдагч өөрт хүлээсэн амлалтаа биелүүлэх юм бол БНАСАУ болон тус улсын ард иргэдийг гэрэлт ирээдүй хүлээж байна гэдгийг Трамп Ерөнхийлөгч маш тод ойлгуулсан. Энэ цаг үе аль болох хурдан ирээсэй гэдгийг бид хүсэж байна” гэдгийг Помпео цохон тэмдэглэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хэлж байгаагаар, БНАСАУ цөмийн зэвсгээс ангижрахаас татгалзах тохиолдолд тус улс дэлхийн тавцанд улам бүр ганцаардаж, тус улсад ирэх дарамт шахалт улам чангарах юм байна.

“Иймээс Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн эн тэргүүнд хийх ажил бол Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг тогтоосон хориг арга хэмжээний мөрдөлтөд умардууд цөмийн зэвсгээс бүрэн дүүрэн ангижрах хүртэл хатуу хяналт тавих ёстой. Аюулгүйн зөвлөлийн гишүүд хариуцлагатай байж, үлгэр дууриал үзүүлэх ёстой” гэдгийг Помпео онцолж байна.

2017 оны 12 дугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ 11 дүгээр сарын 29-ний өдөр баллистик пуужин туршин харвасантай холбогдуулан тус улсын эсрэг хориг арга хэмжээг улам чангатгасан. Энэ хориг арга хэмжээгээр Умард Солонгост түүхий нефть болон нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглож, улс орнуудад 24 сарын хугацаанд багтааж умардын цагаач ажилчдыг хөөн гаргахыг шаардсан.

Мөн энэ хоригоор БНАСАУ-д аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, хүнд техник, хүнд даацын тээврийн хэрэгсэл нийлүүлэхийг хязгаарласан. Сая Помпео Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо-той уулзаж, АНУ, Умард Солонгосын ээлжит дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудал хэлэлцсэн. Энэ уулзалт амжилттай болсон гэдгийг Помпео хэлж байна.

Мөн АНУ-ын Төрийн департаментийн мэдээлснээр, Помпео Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаар ирэх сард Пхеньянд очих юм байна. Помпеогийн энэ айлчлал Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг хурдасгах, Трамп, Ким Жон Ун нарын ээлжит уулзалтад бэлтгэхэд чиглэх юм байна. 

Нийтэлсэн: Т.Цогтоо

Помпео: АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хооронд 2 орны харилцааг хэвийн болгох арга замын талаар нэгдмэл ойлголт байна  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй