Шууд Chart

Г.Хайдав: Бүх тэмдгээ зүүхээр бүсэлхий тулаад болохгүй юм билээ

2018-10-01 09:20:56

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдавтай ярилцлаа.

-Таны намтар их сонин юм билээ. Үсэг өрөгчийн ажил хийж байгаад 1944 оноос хойш урлагийн салбарт ажилласан гэхээр тайзнаас буугаагүй 68 жил болж байна шүү...?

-Яах вэ. Тонгойчихоогүй л байна. Тиймээс урлагийн өндөрлөгт зүтгэж байгаадаа сэтгэл өөдрөг явдаг юм. Яагаад гэхээр би зүгээр суухыг эсэргүүцдэг. Хөдөлж л байвал миний хувьд бараг амралт.

-Хүн байх эцэг, эхээс гэдэг. Таны аав сайн эр байсан гэж сонссон...?

-Аав минь сайн эр болох гэж явсан. Тэр үеийн жинхэнэ сайн эрчүүд Торой Банди, Тогос Чүлтэмтэй зэрэгцэх Ширмэн Хоовон гэдэг хүн манай нутагт байлаа. Аав тэр хүнтэй их дотно. Баруун гар нь ч болж явсан гэдэг. Гэхдээ аав минь луужин хүртэл тавьдаг гэзэгтэй лам байсан юм. Гамингуудыг ташуураар цохиж явсан гэдэг. Адуунд гарамгай, унаж, барьж чадахгүй морь гэж байхгүй. Би тийм л хүний үр болж төрсөн.

-Тэр үеийн шилийн сайн эрсийн нэгтэй дотно нөхөрлөж явсан гэхээр бас л аймаг алгасаж адуу хөөж явсан байх даа?

-Хэдэн удаа өөрийн нутагтаа азаргаар адуу оруулж ирж байсан гэдэг юм. Авч ирсэн адуугаа Их газрын чулууны агуйд нуудаг байсан гэсэн. Тэр агуйг нь олох хүн ховор байсан тухай ярьж байсан. Өвөр Монголоос хүртэл адуу тууж ирж байсан удаатай гэдэг. Та нарын хэлдгээр жинхэнэ хүнд гар байсан байгаа биз (инээв).

-Аавын тань тухай олон сонин сонсч байсан. Хошуу дамжин барилдаж явахдаа ээжийг тань гэрээс нь хулгайлсан гэдэг бил үү?

-Нэг зуны наадмаар барилдчихаад гэр лүүгээ явах замдаа айлын охиныг хулгайлах гэж шөнө болохыг хүлээж гэрийнх нь ойролцоо далд газар хэвтсэн гэдэг. Тэр хавиар олон удаа явахдаа ээжийг өмнө нь харж байсан юм байж л дээ. Ингээд гэгээ тасарч айлынхан нь унтсаны дараа ташуураараа гэрийнх нь хаяаг хөшиж сөхөөд чонын үүрнээс бэлтрэг суйлж байгаа юм шиг хулгайлаад хөтөлгөө морин дээрээ хүлж зугатсан байгаа юм. Гэртээ ирэхэд аав ээж нь буюу миний өвөө, эмээ “Одоо байтлаа хүн хүртэл хулгайлдаг болох нь уу. Ийм жаахан охиныг гэрт нь аваачиж өг” гэж загнасан гэдэг. Тэглээ ч эхнэрээ болгосон. Нэгэнт аваад ирсэн юм чинь буцааж аваачна гэж юу байх вэ. Ээж тэр үед 15 настай байж. Тэгэхээр өвөө, эмээ хоёр ээжээр гэр зуурын ажилд туслуулж дөрвөн жил болгож байгаад тоонот гэрт толгой холбуулсан байгаа юм. Аав тэр үед 20 нэлээд гарсан байж. Ээж нас өндөр гарсан хэрнээ өөрийгөө аль нутгийн хүн гэдгээ мэддэггүй байсан. Аав ч аль нутгаас авч ирсэнээ хэлээгүй шиг байгаа юм.

-Ээж тань ямар хүн байсан бол...?

-Би ээжийн тухай олон сайхан дуу дуулсан хүн. Миний ээж есөн хүний эх. Ах эгч нарын зарим нь гамингийнханд үрэгдсэн, ганц нэгийг нь зарим айлд өргүүлсэн зэргээс болоод хамтдаа өсөөгүй юм. Үлдсэн нь эгч, дүү бид гурав. Би хамгийн бага нь болохоор намайг их эрхлүүлнэ. Ээж ямар ч морийг ааваас дутуугүй унана. Тэр үед өндөр оройтой малгай цөөхөн байсан. Ээж аавд тийм малгай хийж өгч байсан юм билээ. Бидний ч хувцсыг оёно. Оёдлын үйлдвэр л гэсэн үг. Мөн дуунд их дуртай. Миний аав, ээж хүнд муу санахыг нүгэл гэж үздэг байсан. Энэ бүгд намайг урлагт ороход нөлөөлсөн байх. Урлаг хүн бүхэнд эрч хүч бэлэглэдэг буянтай ажил.

-Та ОХУ-д сургууль төгссөн бил үү?

-Намайг хойд хөршид суралцахад хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай маш их үүрэг гүйцэтгэсэн. Өөрөө хамгийн нэр хүндтэй чадварлаг оюутан байсан болохоор “Би нутгийнхаа нэг дүүг сургуульдаа оруулах гэсэн юм” гээд сургуулийнхаа захиргаанд хүсэлт гаргажээ. Би чинь уг нь ЗХУ-д хэвлэх үйлдвэрт ажиллах гэж явсан хүн. С.Гончигсумлаа гуай намайг урлагийн тэр том сургуулийн аль нэг ангид оруулж нүд чихний минь бөглөөг гаргах гэсэн санаатай байсан юм билээ.

-Тэгсэн бүр дуучин болчихдог...?

-Харин тийм.

-Хойшоо явахаасаа өмнө та “Бөмбөгөр ногоон”-д байсан гэдэг биз дээ?

-Тийм ээ. С.Гончигсумлаа гуай амралтаараа ирэхдээ намайг “Бөмбөгөр ногоон”-оор дагуулж урлагтай анх танилцуулсан. Тэгж явахдаа намайг урлагт элэгтэйг анзаарч сургуульдаа оруулах гэж бодсон хэрэг. С.Гончигсумлаа гуай сургуульдаа явсан ч би ганцаардахгүй олон найзтай болсон болохоор “Бөмбөгөр ногоон”-оор чөлөөтэй орж гардаг болсон юм. Би ямар ч дууг хүүхэн шиг шингэн хоолойгоор, бух шиг бүдүүнээр ч дуулдаг байлаа. Тэр үед бүжгийн Ж.Долгорсүрэн гуай надад “Дуулаачийн улсын уралдаан болох гэж байна, чи орооч” гэж хэлсэн. Үүнийг С.Гончигсумлаа гуай мэдчихээд “Чамайг үдье” дуугаа дуул гэж зөвлөсөн юм. Би “Энэ чинь эмэгтэй хүний дуу шүү дээ” гэтэл “Тэгсэн ч чи дуул. Энэ дуу чиний хоолойд яг тохирно” гэхээр нь заалгуулсан. Одоогийнх шиг дүлий байсан биш амархан ч сурсан. Ингээд өөр нэг Орос дуу сураад уралдаанд ортол түрүүлчихдэг байгаа. Тэр үед би уралдаанд түрүүлбэл 1500 төгрөгтэй, дуучны үнэмлэхтэй болно гэдгийг мэдэж байсан. Тэр үнэмлэхийг авчихвал ЗХУ-д суралцах эрхтэй болох тул би ч хичээсэн. Тэгээд С.Гончигсумлаа гуай “Энэ үнэмлэх чинь байхад манай сургуулийнхан чамайг асуудалгүй авна” гэсэн юм. Гэтэл авдаггүй. Тэр ч бүү хэл инженерийн ангид оруулна гэсэн байгаа юм. Тэгэхээр С.Гончигсумлаа гуай “Чи Орос хэлтэй бол” гээд нэг орос найзаараа хэл заалгуулж гадарладаг болголоо. Тэгээд очтол дуулаачийн бэлтгэл байхгүй авахгүй гэхээр нь сэтгэлээр унасан. Гэтэл настай хоёр багш “Орос хэл гадарладаг юм байна. Бид хоёр ангидаа авъя” гэж байж тэр сургуульд орох боломж гарсан.

-Оросын алдарт дуучин таны багш 60 гарсан хойноо ч хоолой нь сэвтээгүй сайхан хэвээрээ хүмүүсийг бишрүүлсээр явсан гэдэг. Багшийнхаа уран бүтээлээс хэр олныг улсдаа амилуулсан бэ?

-Миний багш 60 гаруй насалтлаа “Евгений Онегин”-д дуулсан. Би сургуулиа төгсч ирээд багшийнхаа тоглосон дүрийг дахин амилуулсан.  

-Манай ахмад уран бүтээлчдийн дунд нэг яриа байдаг юм билээ. Нэгэн урлагийн гэр бүлийн эхнэр нөхрөө “Хайдав гуай үхэх нь бүү хэл уран бүтээл гээд энд тэндгүй явж байхад чи зүгээр сууж байдаг” гэж загнасан байдаг. Та сонссон бол үүнийг атаархал гэж ойлгох уу, бахархал гэж бодох уу?

-Сонсолгүй яах вэ. Атаархал нь дэндсэн хүн л тэгж хэлж байхгүй юу даа. Түүнээс биш зүгээр бодож явдаг хүн нэг нь ч гэлээ ийм яваа нь овоо гэж хэлмээр. Бүр үхдэггүй шүү гэж хэлсэн байгаа юм даа. Би энэ үгийг шавь нартаа хэлэхэд “Тийм муухай бодолтой хүмүүсийн үг өөрт нь хүрнэ. Та юу ч бодолгүй явж бай” гэсэн. Тэр нь ч зөв байх. Тэгж хэлснийх нь хариу гээд би хүүгийнхээ зохиосон “Сэргэлэн бага нас” дууг олон жил дуулж явахыг боддог.

-Агуу хүмүүс хэн нэгнээсээ суралцах зүйл их байдаг гэдэг. Таны хувьд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайгаас үлгэр авдаг гэж ярьдаг юм билээ. Ямар чанар нь танд илүү таалагддаг вэ?

-Монгол эмэгтэй ямар байх ёстойг түүнээс харж болно. Намайг ЗХУ-д сурахаар явах гэж байхад “Чи чадахгүй байна гэж байхгүй. Орос дууг орос хэлээр л дуулж байгаарай” гэж захисан. Тиймээс би 30-аад орноор явахдаа дандаа өөрийнх нь хэлээр дуулсан. Хамгийн сүүлд Солонгос, Хятад хэлээр дуулж сурсан. Намайг тайзан дээр нь гарч дуулахад дээрх улсын иргэд дахиулах гэж тасралтгүй алга ташсан.  

-Та урын сандаа хэчнээн уран бүтээлтэй вэ?

-700-аад дуу байгаа. Над шиг ийм тооны дуутай хүн цөөхөн байх.

-Тэр хэрээр ч та төрөөс шагнал урамшуулал олныг авсан байх аа?

-Аваагүй шагнал байхгүй гэж хэлдэггүй гэнэ билээ. Гэхдээ өөрийг тань асууж байгаа болохоор шууд хэлэхэд надад төрийн шагналаас бусад нь байгаа. Энэ олон уран бүтээлийг хийхдээ дэлхийн болон Солонгосын гурван удаагийн шилдэг дуучны шагнал авсан. Мөн Соёлын яамны, улсын гэх мэт олон бий. Заримдаа шавь нар маань намайг онгироогоод тэмдгүүдийг маань энгэрт хадаж зүүлгэдэг. Суухаар бүсэлхий тулаад болохгүй юм билээ.

-Та сард хэдэн төгрөгийн орлоготой вэ?

-500-аад мянган төгрөг авна. Миний насны хүнд энэ мөнгө их шүү. Хөгшин маань ч нэмэрлэнэ. Харин нэг дутагдалтай зүйл гэвэл орон сууц л байна.

-Орон сууцгүй гэж үү. Хаана амьдарч байгаа юм бэ?

-Хүүхдүүддээ дараа болохгүй гээд хотын төвд нэг өрөө байр лизингээр авсан. Одоо болтол өрөө дарж чадаагүй л явна. Ю.Цэдэнбал даргын үед надад өгсөн гурван өрөө байраа хүүхдүүддээ өгчихсөн.

-Одоо та хэнтэйгээ амьдарч байна вэ?

-Хайдав гуайтайгаа л байна. Би ач, зээ нар луугаа ганцхан утас цохиход л хүрч ирээд өглөө, оройны хоол, цай хийж өгдөг юм.

-Гэр бүлийн тань хүн хаана амьдарч байна вэ?

-Дүүгийндээ байгаа.

-Та ач зээ нартайгаа цуг байж болдоггүй юм уу?

-Насаараа чимээ шуугиантай газар байсан болохоор нам жим орчинд амьдрахыг хүсдэг болчихож. Хүүхдүүдтэй байхад зурагт, хөгжмийн чимээ төвөгтэй байдаг юм. Хааяа өөрөө хоолоо хийгээд идчихдэг болохоор надад болохгүй гэх юмгүй.

-Таныг Хөдөлмөрийн баатар болоход улс байр өгөөгүй юм уу?

-Байр авъя гэж Ж.Батмөнх гуайн үеэс дээдсүүдэд гурван удаа хэлсэн. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт ч өргөдөл бичсэн. Тэгээд ч өгөхгүй юм билээ. Уг нь Ж.Наранцацралт сайд овоо өгөх шинжтэй байсан чинь нас барчихсан. Одоо бүр өгөхгүй биз. Надад олдох хувьгүй юм байгаа биз гэж хувь тавилантайгаа эвлэрээд сууж байна.

-Шавь нар тань тусалдаг уу. Та гавьяат жүжигчин С.Жавхланг “Багшийн ач тусыг мэддэг” гэж ярьдаг юм билээ?

-Өөрийн гэсэн амьдралтай, өнчин амьтнаас юм гуйх хэцүү. Гэхдээ энэ байрны урьдчилгааны ихэнх хувийг С.Жавхлан төлж өгсөн.

-С.Жавхланг улс төрд орж байгааг та юу гэж хүлээж авч байна вэ?

-Хүн юугаа хийнэ хэнд хамаатай юм бэ. Хүмүүс хүүг минь янз бүрээр ярих юм. Өөрсдөө тийм сайн юм бол хий л дээ. Чадахгүй л байхгүй юу. Эх орныхоо төлөө үг дуугарч байгаа нэгнийхээ талд орохгүй улсынхаа алт, эрдэнэсийг зараад байгаа нэгнийх нь эгнээнд ороод байх юм.

-Гавьяат жүжигчин У.Далантай таны шавь. Сүүлийн үед уран бүтээл хийхээ болчих шиг боллоо?

-Хийхээ болиогүй ээ. СУИС-ийн магистр хамгаалсан. Би “Залуу хүнд боловсрол хэрэгтэй” гэж хэлсэн.

-У.Далантайг дэлхийн дуулаачдын уралдаанд түрүүлбэл 20 сая төгрөг өгнө гэж амласан хэрнээ цом аваад ирэхэд нь өгөөгүйд та их бухимддаг юм билээ?

-Арга ч үгүй шүү дээ. Хүнийг тэгж хуурна гэдэг байж боломгүй хэрэг. Спорт, урлагийн салбараас дэлхийд түрүүлбэл дээрх мөнгийг өгнө гэж тогтоол гарсан юм. Гэтэл спортынхонд өгчихөөд У.Далантайд өгөөгүй. Бид ч ОХУ-аас ирээгүй байхдаа түрүүлсэн гэж баярлаад байсан мөнгөөрөө доргичихоод ирсэн чинь балардаг байгаа. У.Далантай түүнд их гомдсон.

-Таны хүүхдүүд гавьяат жүжигчин Төмөрбаатар, хөгжмийн зохиолч Сэргэлэн нар хаагуур амьдарч байгаа бол...

-Төмөрбаатарыг би архинд оруулсан хүмүүсээс нь холдуулах гэж Дархан-Уул аймагт амьдар гээд гэр бүлийнх нь хүний хамт явуулсан. Нас нь ч дээр гарч байна. Хааяа Дарханы театрт дуулж байгаа гэсэн. Хүүгийнхээ сэтгэлийг өргөх гээд “Аав нь өдий насалчихаад урлагаа орхиогүй байхад чи орхих болоогүй шүү” гэж хэлсэн. Харин Сэргэлэн хаана амьдарч байгааг мэдэхгүй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Хайдав: Бүх тэмдгээ зүүхээр бүсэлхий тулаад болохгүй юм билээ  
Үзсэн: 2043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
jj [202.179.27.xxx] 2018-10-22 16:06
Хайдав гуай та бол- Монгол улсын төлөө залуу халуун нас, өөрийн амьдралаа чин сэтгэлээсээ зориулж амьдарсан буянтай, жинхэнэ элитүүдийн нэг билээ. Та их сайхан харагдаж байна. Урт удаан насалж ард түмэндээ сургаалаа хайрлаж байгаарай.
Зочин [43.228.129.xxx] 2018-10-11 09:23
энэ хүний насан дээр та нар өөрсдөө юу бүтээж юу хийсэн байх бол доо битгий байнга хүнд атаархаж бай илүү сайн сайхныг хүсэж сур Хайдав гуайдаа улам их амжилт илүү урт наслаарай та
Зочин [64.119.27.xxx] 2018-10-07 12:10
Гайхуулахчаа аядаж байгаа юм болуудаа?
Зочин [64.119.27.xxx] 2018-10-07 12:10
Зүүхээ л больчихгүй юу?даа,тэрүүн шиг амархан юм хаана байна

Бидэнтэй нэгдээрэй