Шууд Chart

ОУВС: Америк Хятадын худалдааны дайн дэлхийн эдийн засгийг доройтуулна...

2018-10-10 15:55:53

Америк Хятадын худалдааны дайн дэлхийн эдийн засгийг улам доройтуулна гэж Олон улсын валютын сан анхаарууллаа. Тус сангийн сүүлийн үнэлгээгээр, энэ онд болон ирэх онд дэлхийн эдийн засгийн өсөлт буурах төлөвтэй гарчээ. Тухайлбал, энэ оны болон ирэх 2019 оны эдийн засгийн өсөлтийг 3,7 хувьд хүрнэ гэж төсөөлсөн нь өнгөрөгч 7 дугаар сард 3,9 хувь байна гэсэн төсөөллөөс буурсан үзүүлэлт болж байна. Үүний зэрэгцээ америк хятадын худалдааны зөрчил маргаан эдийн засаг сэргэхэд чухал нөлөө үзүүлж мэднэ гэж Олон улсын валютын сан үзэж байна. Энэ ч үүднээс богино хугацааны эрсдлийн төлвөө бууруулжээ.

Худалдаанд учирч буй саад тотгор улам даамжрах нөхцөлд айл өрхүүд, бизнесийнхэн төдийгүй нийт эдийн засагт цохилт болохоор байгааг ОУВС-ийн ерөнхий эдийн засагч Маурис Обстфэлт хэллээ. Худалдааны бодлого улс төрд, тэр дундаа байр сууриа тодорхойлоогүй зарим улсын улс төрд нөлөөлснөөр нэмэлт эрсдэл дагуулна гэж тэр дурджээ.

Хамгийн сүүлд Хятад улс шингэрүүлсэн байгалийн хий зэрэг АНУ-ын нийт 60 тэрбум долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан юм. Харин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп удахгүй болох Конгрессын завсрын сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийхгүй байхыг Бээжинд анхааруулжээ. Мөн тэрээр өөрийнх нь улсын фермийн болон бусад аж ахуй эрхлэгчид, үйлдвэрүүдийг онилсон хориг хэрэгжүүлсэн нөхцөлд Хятадын эсрэг эдийн засгийн маш том, бас шуурхай хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. АНУ Хятадын 200 тэрбум долларын импортын бараанд татвар ногдуулсан нь өнгөрөгч 9 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн юм.


ОУВС: Америк Хятадын худалдааны дайн дэлхийн эдийн засгийг доройтуулна...  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй