Шууд Chart

Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тухай хуулийн төсөл нь Азийн бүс нутагт гарч буй анхны санаачилга

2018-10-11 15:42:07

Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тухай хуулийн төсөл нь Азийн бүс нутагт гарч буй анхны санаачилга болохыг онцоллоо. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын 13 дахь Олон улсын бага хурал энэ өдрүүдэд Морокко улсын Марракеш хотноо "Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, иргэний орон зайг өргөжүүлэх нь” сэдвийн хүрээнд болж байна.

Дэлхийн бүх бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн төлөөлөгч, хүний эрхийн хамгаалагч, шинжээч гээд 300-аад төлөөлөгч тус хуралд ороцлож байна. Монгол Улсын ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нар Монгол Улсыг төлөөлөн оролцож байна.

Хүний эрхийн хамгаалагчдын асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форст эхний хуралдаанаар танилцуулга хийхдээ "Олон улсын төвшинд хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдал, эрх зүйн хамгаалалт, тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар тусгайлан илтгэл боловсруулж байгаагаа мэдэгдээд энэ хүрээнд зарим улс оронд тодорхой ахиц гарч байгаа Монгол Улсын ХЭҮК-ын үйл ажиллагаагаар жишээ татан онцоллоо. Тухайлбал “Монгол Улсын ХЭҮК Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа нь Азийн бүс нутагт гарч буй анхны санаачилга бөгөөд үүнийг хэрэгжүүлж чадсанаар нэгэн том алхам болно” гэлээ.

Мөн ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж "Иргэний нийгмийн орон зайг өргөжүүлэх нь” салбар хуралдаанд Монгол Улсын ХЭҮК ба иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн хамгаалагчдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хүний эрхийн Үндэсний байгууллагууд нь иргэний нийгмийн байгууллага болон тухайн орны төр, Засгийн газар хооронд гүүр болон ажиллах нь зүйтэй. Нэг талаас иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой, шаардлага, саналуудыг шийдвэр гаргах байгууллагуудад хүргэх, нөгөө талаас төр, засгийн газрын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, олон улсын гэрээний тайлан зэргийн талаар иргэний нийгмийн байгууллагуудад хүргэж, санал, байр суурийг нь тусгах, хуваалцах зэргээр ажиллах учиртай" хэмээн саналаа илэрхийлснийг хуралд оролцогчид санал нэгтэйгээр дэмжлээ. Мөн тэд өөрсдийн сайн туршлага, саналаас хуваалцлаа гэж мэдээллээ.  


Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тухай хуулийн төсөл нь Азийн бүс нутагт гарч буй анхны санаачилга  
Үзсэн: 91 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй