Шууд Chart

Өвөлжилтийн бэлтгэлээ хангалтгүй базааж буй аймаг, орон нутгийн удирдлагад шаардлага тавин ажиллаж байна

2018-10-11 16:15:46

Орон нутгийн түвшинд өвөлжилтийн бэлтгэлийн явцтай танилцах, үнэлгээ, дүгнэлт өгөх зорилготой ХХААХҮЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд зургаан хэсэг болж, энэ сарын 15-ныг хүртэл Монгол Улсын 18 аймагт ажиллаж байна. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэлээ хангалтгүй базааж буй аймаг, орон нутгийн удирдлагад шаардлага тавьж байгаа юм. Ажлын хэсгийнхэн “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 218 дугаар тогтоол, сахилга хариуцлагыг өндөржүүлэх тухай Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын зөвлөмж, албан даалгаврын хэрэгжилтийн явцтай газар дээр нь танилцаж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахын тулд орон нутагтаа авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд үнэлгээ, дүгнэлт өгч байна.

ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэнгээр ахлуулсан дэд ажлын хэсэг Дундговь, Дорноговь аймагт ажилласан талаар мэдээлэл хүргэж байсан бол энэ удаад Өмнөговь, Говьсүмбэр аймаг өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн базааж буй талаар хүргэе. Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Сүх-Очиртой уулзаж, намаржилт, цаг үеийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил, аймгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар ярилцаж, санал солилцсон юм.

Өмнөговь аймгийн Засаг дарга 2018 оны 04, 05 тоот албан даалгавар, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах аймгийн төлөвлөгөөг батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Уг ажлын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 100 тонн өвс, 100 тонн тэжээл татан авахаар болжээ. Аравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар малчид, иргэдийнхээ оролцоотойгоор 1340.8 тонн өвс, 469,3 тонн гар тэжээл, 2501,2 тонн хужир шүү бэлтгэсэн бол 15 сумын аюулгүйн нөөцөд 77.5 тонн өвс, 10.4 тонн тэжээл тус тус нөөцлөөд байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээлэл өглөө.

Албан байгууллага, аж ахуйн нэгж, сургуулийн сурагчид өвөлжилтийн бэлтгэлд оролцож, өвс хадах, зоодой бэлтгэх тухай Аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу түншлэлийн холбооны 52 байгууллага 134.2 тонн байгалийн хадлан, 18 сургуулийн 10300 гаруй сурагч 22.7 тонн өвс, 5.9 тонн зоодой тус тус бэлтгэн хүлээлгэн өгсөн нь оновчтой санаачилга, сайн туршлага гэж үзэж байна.

Говьсүмбэр аймгийн тухайд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, шалгах, дүгнэх зааварт зааснаар хонин толгойд шилжүүлсэн адуу тэмээний 5, үхэр, хонь, ямааны 20 хувийг өдөрт 1 кг өвсөөр тооцож, 120 хоног тэжээх өвс бэлтгэх ёстой. Тус аймгаас хадлангийн 8 салаа Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн таван суманд хадлан хадаж, 1102 тонн өвс бэлтгэсэн мэдээтэй байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Өвөлжилтийн бэлтгэлээ хангалтгүй базааж буй аймаг, орон нутгийн удирдлагад шаардлага тавин ажиллаж байна  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй