Шууд Chart

Оны шилдэг бүтээлийг улсын сан хөмрөгт худалдан авлаа

2018-10-12 09:19:55

Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор баталсан Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журмын дагуу 2018 оны шилдэг бүтээлийг шалгарууллаа. Нийт 87 зураачаас 127 бүтээл ирснээс дараах зургаан бүтээлийг улсын сан хөмрөгт авсан юм.

1. Ц.Баттөр “Хар цас” /Уран зураг/

2. С.Болдбаатар “Парисын бороотой намар” 2016 он /Уран зураг/

3. П.Ганбат “Эх” 2017 он /Уран зураг/

4. Т.Нурмаажав “Цагийн хүрдэн” 2017 он /Уран зураг/

5. Г.Содбаяр /Хүлэгү хаан/ 2018 он /Монгол зураг/

6. Т.Даваасамбуу /Тал нутгийн морьтон/ 2017 он /Уран баримал/ шилдгээр шалгарч, улсын сан хөмрөгт үлдэж байна.

Шилдэг бүтээлийг сонгон шалгаруулах зарчмаар худалдан авч, улсын сан хөмрөгт үлдээдэг гэж Уран зургийн галерейн менежер Ө.Даваажаргал хэллээ. Тэрбээр “Энэ жилийн шалгаруулалтад уран зургийн холимог техникийн арга ашигласан бүтээлүүд ирж, залуу уран бүтээлчид оролцсон нь өмнөх жилүүдээс онцлогтой. Жил бүр уран зураг, баримлуудаас шалгаруулж улсын сан хөмрөгийг  баяжуулдаг. Нийт 45 гаруй сая төгрөгөөр худалдан авдаг. Гэхдээ энэ нь их мөнгө биш” гэв.

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ш.Чимэддорж “Шүүгчдийн бүрэлдэхүүнд оролцож, шилдэг бүтээлийг шүүлээ. Сайн уран бүтээл олон байсан. Үүнээс ч илүү нь байгаа даа гэсэн бодолтой ч хүмүүс байсныг нуугаад яах вэ. Монголчууд хүн төрөлхтний том өв соёлын нэг. Улсын сан хөмрөгтөө уран бүтээлчдийг  сайн бүтээлээ өгөөсэй гэж бодсон. Цаашид олон улсад манай бүтээлчдийн зургийг гуйж авах өдөр удахгүй  ирэх байх гэж бодоод уран бүтээлээ хийцгээе. Монголд Фикассо шиг зураг зөндөө бий” хэмээсэн юм.

Улсын сан хөмрөгт Монголын уран зургийн хосгүй үнэт 4000 гаруй уран бүтээл хадгалагдаж байна. Олны дунд “Марзан Шарав” хэмээн хүндлэгдсэн Их зураач, Монголын шинэ цагийн дүрслэх урлагийн үндэс суурийг тавигчдын нэг Б.Шарав гуайн  “В.И Ленин”, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Одонгийн “Ажлын дараа” зэрэг та бидний мэдэх шилдэг дүрслэх урлагийн бүтээлийг нэрлэж болно.





Нийтэлсэн: У.Баярсайхан

Оны шилдэг бүтээлийг улсын сан хөмрөгт худалдан авлаа  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй