Шууд Chart

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2018-10-12 09:44:06

УИХ-ын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 11-ний үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулийг дагаж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт орж, тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсныг дурдав. Энэхүү өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэврээ 2019 оноос тогтоолгож байгаа албан хаагчдад хохиролтой тусч байгаа гэлээ. Тухайлбал, энэхүү өөрчлөлтөөр тооцоход ахлагчийн тэтгэвэр нэг сард 30.704-33.512 төгрөгөөр, офицерын тэтгэвэр 48.787-70.081 төгрөгөөр,  ахлах офицерын тэтгэвэр 12.834-35.831 төгрөгөөр тус тус буурахаар байгааг төсөл санаачлагчийн илтгэлд онцоллоо. Төрийн тусгай албанаас жилд дунджаар 250 орчим алба хаагч тэтгэвэрт гардаг байсан бол сүүлийн жилд энэ тоо 3 дахин нэмэгдэн 800 орчимд хүрээд байгаа бөгөөд үүнд 30 орчим тэрбум төгрөгийн зардал шаардлагатай талаарх тооцооллыг тэрбээр дурдсан юм.  

Төслөөр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ”7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т “ гэснийг “ 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д” гэж, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр тусгажээ. Хуулийн төслийг боловсруулж, батлуулсанаар тэтгэврээ тогтоолгох цэргийн алба хаагчаас гадна  тагнуул, цагдаа, авилгатай тэмцэх, шүүхийн шийдвэр, шүүхийн шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын  алба хаагчдийн эрх зүйн байдлыг сайжруулах ач холбогдолтой юм байна.  

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болохыг тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэв. Танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Содбилэг, М.Билэгт, О.Баасанхүү, М.Билэгт, Д.Дамба-очир, Ц.Гарамжав нар асуулт асууж төсөл санаачлагчид болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Батлан хамгаалахын сайд нараас хариулт авсан юм. 

Олон мянган төрийн тусгай албан хаагчийн нийгмийн баталгааг дордуулж буйгаас үүдэн цэргийн албан хаагчдын алба хаах сонирхол буурах үр дагавар үүсэхээс сэргийлэх зорилгоор төслийг санаачилсан гэлээ. Цэргийн албан хаагчийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагаа нь дүрэм, журмаар зохицуулагддаг, цагийн хязгааргүй хөдөлмөр, байнгын бэлэн байдалд сэтгэл зүйн хүнд нөхцөлд алба хаах, гадаадад энхийг дэмжих ажиллагаанд оролцон урт хугацаагаар үүрэг гүйцэтгэх болон амь нас, эрүүл мэндийн эрсдэлийн төвшин өндөр байдаг онлогийг дурдлаа. Үүрэг өгч, тодорхой эрхийг нь хязгаарлан, тушаалаар ажиллуулдаг цэргийн албан хаагчдынхаа нийгмийн халамжийн асуудлыг төр засаг хариуцах нь зүй ёсны хэрэг гэдгийг төсөл санаачилсан гишүүд хэлж байв.

Харин Засгийн газрын зүгээс зөвхөн цэргийн албан хаагчдыг онцгойлон үзэж, тэдний эрх зүйн байдлыг тусгайлан өөрчилж байгаа гэдэг нь ташаа ойлголт гэж залруулан тайлбарлалаа. Тодруулбал, 2017 онд Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран “Өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхдээ гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх, Нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн хэтийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах зорилгоор, мөн 2015 онд батлагдсан холбогдох бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд тэтгэвэр тогтоолгох насыг үе шаттайгаар нэмэгдүүлэн тооцох шийдвэр гаргасан байна. Өнөөдрийн байдлаар 1 нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид 4 тэтгэвэр, халамж авагч ногдож байгаа бөгөөд 2030 онд 7, цаашлаад 9 болох тооцоо судалгаа байгаа гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлав. Түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход сонгосон 5 жилийн цалингийн дунджаар тооцдог байсныг 2019 онд 6 жил, 2020 онд 7 жил болгохоор шийдвэрлэсэн. Энэ бол нийтлэг эрх ашгийг хангах зорилгоор бүх нийтийг хамруулан гаргасан Засгийн газрын шийдэл байсан бөгөөд УИХ хэлэлцэн шийдвэрлэснийг онцлоллоо.  

Иргэд хамгийн бага хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад тэтгэвэрт гарахаасаа 5 жилийн өмнөөс огцом өндөр шимтгэл төлдөг. Үүний үр дүнд өндөр тэтгэвэр авч, Нийгмийн даатгалын сан алдагдал хүлээгээд байгааг УИХ-ын зарим гишүүн хэлж байв. Харин цэргийн албан хаагчдад тэтгэврийн хэмжээгээ энэ мэтээр зохиомлоор өсгөх боломж байдаггүй, үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа цалин хөлснөөс өөр орлого олох боломжгүй байдаг талаар Ж.Энхбаяр гишүүн тайлбарласан. Амьдрах газраа төрөөр заалгаж, гэр бүлийнхээ хамтаар тушаалын дагуу амьдардаг, үндсэн эрхээ хязгаарлуулдаг цэргийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах үүргийг төр хүлээх үүрэгтэй гэв. Төслөөр ямар нэг нэмэлт зүйлийг шаардаагүй, харин одоо байгаа нөхцөл байдлыг бүү дордуулаач, хэвээр нь үргэлжлүүлээд өгөөч гэдэг асуудлыг л хөндөж байгааг тайлбарлаж байлаа. Сүүлийн жилүүдэд энэ салбарт дандаа хэмнэлтийн бодлого явуулсан, хангалт болон орон тоо дутуу байгаа гэдгийг тэрбээр дурдав. Засгийн газар болон УИХ нийтлэг үндэслэлээр бүх нийтэд хамааралтай шийдвэр гаргасан хэдий ч салбарын хувьд одоо байгаагаас илүү хэмнэлт хийх бололцоогүй гэдгийг холбогдох тооцооллоос харж болно гэдгийг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тайлбарлав. 

Засгийн газар цэргийн албан хаагчдын онцгой нөхцөл байдлыг тооцож холбогдох шийдвэрийг гаргадаг бөгөөд төрийн албан хаагч тэтгэвэрт гарахдаа 36 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авдаг бол цэргийн албан хаагч цолны болон хээрийн нэмэгдэл зэргийг хамт тооцсон 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байна. Түүнчлэн энгийн иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтоодог бол цэргийн албан хаагчид 80 хувиар тогтоолгодог гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тайлбарласан. Түүнчлэн иргэдийг олон жил тогтвор суурьшилтай ажиллан, тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөх нөхцөлийг тогтворжуулан, бэхжүүлэх шаардлагын талаар тайлбар хийсэн юм. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү нар төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг уг төслийг Засгийн газар дэмжээгүй шалтгааны талаар мэдээлэл өглөө. 

Ийнхүү Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.


Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй