Шууд Chart

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав

2018-10-12 09:46:04

УИХ-ын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 11-ний үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийгхэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Улаанбаатар хотын хүн амын өсөлтөөс хамааран үүсэж буй хог хаягдлын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, ойрын ирээдүйд хогийн цэгүүд дүүрэх, даац хэтрэхээр байна.

Мөн барилга, байгууламжийн нураалтын хог хаягдал зохицуулалтгүй хаягдаж, цаашид хуучны барилга байгууламжуудыг нураахад хатуу хог хаягдлыг дахин боловсруулж барилгын материал дахин үйлдвэрлэх, байгаль орчны бохирдлоос сэргийлэх шаардлага үүсээд байгаа аж. Иймээс энэхүү төслийн хүрээнд Евролын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлыг булшлах цэг (ландфил) болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барихаар төлөвлөжээ. Мөн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх, барилга болон барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалтыг бий болгох ажлууд төслийн хүрээнд хийгдэнэ гэдгийг онцоллоо.

Төслийг хэрэгжүүлснээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээг шинэчлэхийн зэрэгцээ хог хаях цэгүүдийн хүчин чадлыг дөрвөн сая тонноор нэмэгдүүлэх юм байна. Мөн Улаанбаатар хотод ялгарч буй хүлэмжийн хий (С02)-н хэмжээг бууруулж, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг олон улсын жишигт нийцүүлэн ангилж боловсруулан дахин ашиглах боломж бүрдэх юм байна. Төслийг хэрэгжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, түүнчлэн 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгох юм байна.

Мөн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа аж. Энэхүү зээл нь 15 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 3 жил байх бөгөөд төслийн хүрээнд зээлийн санхүүжилтийн хамт олгож буй буцалтгүй тусламжийн санхүүжилтийг оруулан тооцоолоход зээлийн хөнгөлөлтийн түвшин (ОУВС-ийн тооцооллоор) 43.06 хувь байгаа нь нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа аж.

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэгдсэн хуралдаанд танилцуулав. 

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Батболд, Ж.Батзандан, О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулан, уг асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Тулгамдаад буй хог хаягдлыг цэгцлэх асуудлыг урт хугацаатай, хямд өртөг бүхий зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэх гэж байгаа нь оновчтой гэдгийг гишүүд хэлж байв. Засгийн газар, орон нутгийн удирдлага, нийслэл гээд бүх тал хамтран хог хаягдлын менежментийг бүхэлд нь харж мастер төлөвлөгөө гаргах шаардлагатай гэдэг саналыг мөн хэлсэн. Мөн зээлийн зарцуулалтын талаар тодруулан дэлгэрэнгүй мэдээлэл авав. Хувийн хэвшлийн үйл ажиллагаа явуулж буй ажил, үйлчилгээний салбарт төр оролцож байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж илэрхийлэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжив.


Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй