Шууд Chart

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2018-10-12 09:48:41

УИХ-ын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 11-ний үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт нэгдсэн хуралдаанд танилцуулав. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан нар асуулт асууж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт авлаа. Дээрх хуульд өмнө нь оруулсан малчны тэтгэвэр тогтоохтой холбоотой хуулийн хэрэгжилтийн талаарх асуултад сайд хариулахдаа, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг өөрчилж малчдын тэтгэвэрт гарах насыг 5 насаар урагшлуулсан. Хууль 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ба үүнтэй холбоотойгоор иргэний малчнаар ажилласан жилийг үнэн зөв тогтоох шаардлага үүссэн байна.

Иймд жилийн эцсээр малын “А” данс дээрээ малчин өрх хэмээн бүртгэгдсэн бол тухайн жилийг малчнаар ажилласан жилд оруулан тооцох чиглэлийг орон нутгуудад өгч, холбогдох журмуудыг баталсан гэв. Харин ихэнх сумдад мал тооллогын үеэрх “А” дансны архив байхгүй учраас бэрхшээл үүсч байгаа аж. Уг асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар журам батлахаар ажиллаж байгааг сайд дуулгав. Суманд Засаг даргын орлогчоор ахлуулсан иргэдийн төлөөлөл бүхий орон тооны бус зөвлөл байгуулан ажиллуулж тухайн иргэнийг малчнаар ажиллаж байсныг эсэхийг тогтоох, батлах аж. 2018 оны 09 дүгээр сарын байдлаар 5000 гаруй иргэн дээрх хуулийн үйлчлэлд хамрагдан малчнаар ажилласан жилээ тооцуулж, эрт тэтгэвэрт гарсан байна. Сайн дурын үндсэн дээр малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нэмэгдсэн эсэхийг тодруулахад “Одоогийн байдлаар нийт малчдын 20 хувь нь сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байна” гэв. 80 хувь нь төлөхгүй байгаагаас үүдэн малчдын нийгмийн халамжийн асуудал хүндрэлтэй хэвээр байгаа учир 1 удаа нөхөн төлөх эрх зүйн бололцоог бүрдүүлээд байгаа аж. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариу тайлбар мэдээлэл авсан юм. Иймд зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн. 


Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 83 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй