Шууд Chart

"Бүх нийтээр мод тарих өдөр" энэ амралтын өдрүүдэд тохионо

2018-10-12 18:06:31

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ амралтын өдрүүдэд тохиож байна. Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.

Намрын мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац-2018” үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төв, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран Үйлдвэрчний соёлын төв ордонд 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулсан ба дүүрэг бүрд мөн тарьц суулгацын худалдаа явагдаж байгаа болно.

Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өмнө нь мод тарьсан иргэд, байгууллагууд 10-р сарын 13-ны өдрийн Бямба гаригт 11 цагаас хүрз, хувинтай очиж тарьсан моддоо арчлах боломжтой юм.  

Энэ жилээс эхлэн нийслэлийн 9 дүүрэгт хортонд идэгдсэн, түймэрт өртсөн, мод тарих боломжтой газрын байршлыг урьдчилан төлөвлөж /1884 га/, өөрсдийн хөрөнгөөр дээрх газруудад мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулах замаар таримал ойг улсын санд хүлээн авах шинэ менежментийг нэвтрүүлж эхлээд байна. Одоогоор “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд”, “Цагаан Алгирмаа” ТББ-ууд гэрээ байгуулаад байгаа ба дээрх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой иргэд, байгууллагууд Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэст хандах боломжтой гэж нийслэлийн Байгаль орчныг газраас мэдээллээ.


"Бүх нийтээр мод тарих өдөр" энэ амралтын өдрүүдэд тохионо  
Үзсэн: 91 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй