Шууд Chart

Хэрэгждэггүй хуулиар хүний эрхийн баталгааг хангаж чадах уу

2018-10-19 14:03:22

Манайхан хууль баталж, олон улсын гэрээ конвенцид нэгдэхдээ тун гаргуун улс. Энэ үзүүлэлтээр нь бусад орнуудтай уралдуулаад үзвэл овоо дээгүүр давхих байх шүү. Ганцхан жишээ хэлэхэд, манай улс НҮБ-аас батлан гаргасан Хүний эрхийн суурь 18 гэрээний 17-д нь нэгдэн оржээ. Мэдээж олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орсон бол үүнийг дагасан хуулиа баталж, бас хэрэгжүүлж таарна.

Гэвч энэ олон хууль бодит амьдрал дээр үүргээ гүйцэтгэж чадаж байна уу... Шуудхан хэлэхэд, алхам тутамдаа Ардчилал гэж ярих дуртай манай эрх баригчдын баталсан хууль тогтоомжууд хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангаж чаддаг уу... Энэ асуултыг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгт тавихад “Манайд хууль байна уу, байна. Харин хэрэгжилт гэж байхгүй” гэж эрсхэн хариуллаа.

Ямар ч улс орон өөрийн орны онцлог, нийгэм цаг үеийн шаардлага, ямар төрлийн гэмт хэрэг түлхүү гардгаас шалтгаалсан ялын бодлого, нийгэм, эдийн засгийн хөгжил зэрэг олон талыг харж хуулиа баталдаг байна. Харин манайхан дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай барьцаж, тэдний хэрэглэдэг хуулийг үлгэр жишээ болгохдоо бас л гаргуун. Ийм ч болохоор УИХ-ын гишүүдийн өндөр сэнтийгээс гадны орны туршлага, энэ улсын хууль, тэр улсын жишээ гэх үг байнга сонсогдоно.

Гэтэл “хэрээ галууг дууриаж хөлөө хөлдөөв” гэгчээр бусдаас хуулбарласан хууль нь хэрэгжихдээ маруухан байна. Гадны туршиж судлаад өөрсдийн ахуйдаа тохируулаад хийчихсэн юмыг манай нөхцөлд оруулж ирээд шууд тулгах нь бодит байдалд нийцэхгүй байна гэж судлаачид шүүмжилдэг.

Хэрэгждэггүй, нийцдэггүй хуулийн хор уршгийг хэн үүрэх вэ. Мэдээж энгийн иргэд. Тэр тусмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүний эрх хамгийн их зөрчигдөх магадлал өндөр байдаг байна. Манай шинэчлэн баталсан Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд хүртэл алдаа дутагдал байна гэлээ. Шихихутаг хуульзүйн сургуулийн багш н.Сүхбаатар “Эрүүгийн хэрэг үүсгээд шалгах явцад хүний эрх хамгийн их зөрчигддөг. Тухайлбал, шинэ эрүүгийн хуулийн дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгч тухайн сэжигтний өмгөөлүүлэх эрхийг хангаагүй байцаалт явуулсан тохиолдол гарч байна. Энэ бол тухайн хэргийг Улсын дээд шүүхээр хэлэлцэх үндэслэл болох ёстой. Гэтэл шинэ Эрүүгийн хуульнаас тэр үндэслэлийг нь хассан байна. Уг нь бол өмгөөлүүлэх эрх хангаагүй мөрдөн байцаах ажиллагаа явуулсан тохиолдолд тухайн шүүхийн шийдвэр хүчингүй болох ёстой юм” гэв.

Энэчлэн хуулийн заалт бодит байдалд нийцэхгүй байх нь хүний эрх, эрх чөлөөны баталгааг хууль эрхзүйн орчинг хангаж чадахгүй байгаагийн илрэл. Иймээс шинээр хууль батлах, шинэчлэн боловсруулах үедээ бодит амьдралд хэрэгжих боломж, хэрэглээ талаас нь судалж Монголын үнэртэй хууль батлах хэрэгтэй байна гэж судлаачид үзэж байна.

Үүгээр Монголын хуулиуд бүгд алдаатай, эсвэл хүний эрхийн баталгааг хангаж чадахгүй байна гэж хэлж байгаа хэрэг биш. Мэдээж бодит байдалд нийцсэн, нийгмийн харилцааг сайн зохицуулж байгаа хуулиуд олон. Хамгийн гол нь шинээр хууль батлах, шинэчлэн найруулах үедээ бусдаа хуулбарлах биш, өөрийн орны онцлогт нийцсэн хууль батлах хэрэгтэй. Нөгөө талаас ингэж баталсан хуулиа олон нийтэд сурталчлан таниулахад анхаарал хандуулах шаардлагатай байна. Тэгэхгүй бол иргэд хуулиа мэдэхгүйгээс болж, эрхээ хамгаалж чадахгүй байх магадлал нэмэгддэг Хүний эрхийн байгууллагууд мэдээлдэг.

Бидний даган дууриах дуртай өндөр хөгжилтэй орнууд л гэхэд шинэ хууль хэрэгжихээс өмнө 3-6 сарын турш олон нийтэд сурталчлан таниулах ажил хийдэг байна. Ингэхдээ тухайн хуулийн зүйл заалт бүрийг иргэддээ хүргэж, хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хийдэг. Харин манай улс хуулийнхаа нэр гарчигийг ярихаас хэтрэхгүй байна гэж шүүмжиллээ.

Тэгвэл цахим хаягтаа “ ... шинээр батлагдах болон хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд шинжлэх ухааны санал дүгнэлт өгөх, хууль зүйн сургалт явуулах, үндэсний хэмжээнд хууль тогтоомжийн бүртгэл, системчлэл, мэдээлэл, сурталчилгааг зохион байгуулах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ, сургалт судалгааны байгууллага” юм гэж өөрсдийгөө тодорхойлсон Хууль зүйн үндэсний хүрээлэн юу хийж байна вэ? Энэ талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэгээс тодруулахад “Монгол улсад хууль хэрэгжихгүй байгаа гол шалтгаан нь иргэдэд эрх зүйн боловсрол дутмаг байгаатай холбоотой гэж 2016 онд нээлттэй нийгэм форумаас хийсэн судалгаагаар гарсан. Манай улс алслагдмал, тархмал суурьшсан хүн ам ихтэй ийм газар. Иймээс Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зорилтот бүлэг болгонд тохирсон мэдээ, мэдээлэл олгохоор зорьж байна. Удахгүй орон нутгийн иргэд, малчдад өрхийн эрх зүйн хөтөч номыг хэвлэж хүргэнэ. Мөн 18001202 гэсэн эрхзүйн туслалцаа үзүүлэх утас ажиллуулж, давхар мессежээр санал авдаг боллоо. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өсвөр болон бага насны хүүхдүүдэд тохирсон эрхзүйн боловсролын судалгаанд суурилж хүргэхээр ажиллаж байна” гэлээ.

Олон улсад хүний эрхийн хууль тогтвортой үйлчилдэг, түүнийг нь төрийн албан тушаалтнууд зөрчдөггүй, иргэд нь дагаж мөрддөг нийгмийн хандлага нь төлөвшсөн үед л хүний эрх, эрх чөлөөний хууль эрхзүйн баталгаа бүрдсэн гэж үздэг байна. Харин манайх өнгөн талдаа олон сайхан хуультай мэт боловч, түүнийг дагасан хэрэгжилт, хууль сурталчлах ажил хангалтгүй байна. Бид хэрэгжүүлж чадахгүй бол хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан мянган сайхан хууль батлаад ч тусыг олохгүй гэж судлаачид анхаарууллаа.

 

Нийтэлсэн: Г.Батзаяа

Хэрэгждэггүй хуулиар хүний эрхийн баталгааг хангаж чадах уу   
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй