Шууд Chart

Хөлбөмбөгийн охидын шигшээ баг олимпийн эрхийн анхны оноогоо авлаа

2018-11-07 09:01:50

            Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг Тажикстан улсад олимпын эрхийн төлөөх урьдчилсан шатанд оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэд хэсэгтээ Сингапур, Филиппин тэргүүтэй Азийн хүчтэй багтай таарч өнгөрсөн долоо хоногт эхний тоглолтоо зохион байгуулагч Тажикстан улсын багтай хийсэн. Эл тоглолтын эхний хагаст Монголын баг эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж, багийн ахлагч О.Цасан-Охин гоол оруулснаар 1:1-ийн харьцаатай дуусгасан. Харамсалтай нь үлдсэн цагт Тажикстаны баг гурван гоолыг тооны самбарт бүртгүүлснээр тоглолт 4:1-ийн харьцаатай Монголын багийн ялагдлаар өндөрлөсөн юм.

Тэгвэл өчигдөр Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Сингапурын багтай тоглож 2-2 харьцаатай тэнцлээ. Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг дээрх тоглолтын нэгдүгээр үеийн санаачлагыг бүрэн гартаа авч, эхний 45 минутад хоёр гоол оруулсан. Тодруулбал, шигшээ багийн хамгийн туршлагатай тоглогч Б.Намуун ердөө дөрөв дэх минутад тооны харьцааг нээж, 37 дахь минутад Т.Ундрал багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан. Гэвч хоёрдугаар үед Сингапурын баг хоёр гоол нөхөж оруулснаар үндсэн цаг 2:2-оор өндөрлөлөө.

Хэдийгээр хоёр гоолын зөрүүгээр хожиж яваад харамсалтайгаар тэнцсэн ч энэ тэнцээ Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн Олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээнээс авсан анхны оноо болон түүхэнд тэмдэглэн үлдэж байна.





















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөлбөмбөгийн охидын шигшээ баг олимпийн эрхийн анхны оноогоо авлаа  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй