Шууд Chart

Мишель Обамагийн “Becoming” ном эхний өдрөө 725 мянган хувь зарагджээ

2018-11-19 09:05:00

АНУ-ын экс тэргүүн хатагтай Мишель Обамагийн бичсэн “Becoming” ном өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарсан эхний өдрөө борлуулалтаараа тэргүүллээ. Түүний эл дурсамж, намтар ном цаасан хэвлэлт, аудио, цахим хэлбэрээр АНУ болон Канад улсад худалдаанд гарчээ.

Түүнчлэн “Becoming” ном худалдаанд гарсан даруйдаа ганцхан өдрийн дотор 725 мянган хувь борлогдсон хэмээн “Crown publishing” хэвлэлийн компаниас мэдэгдлээ. Мөн шүүмжлэгчид, мэргэжилтнүүдийн зүгээс Мишелийн өөрийн дурсамж, амьдрал, намтар, үзэл бодлоо дэлгэсэн эл бүтээлд эерэг үнэлгээ өгч байгаа гэнэ.

Үүнээс гадна “Becoming”  номын эхний өдрийн борлуулалт нь дээрх хэвлэлийн компанийн энэ оны хамгийн өндөр борлуулалттай дебют бүтээлд зүй ёсоор тооцогджээ.

Сонирхуулахад, АНУ-ын үе үеийн тэргүүн хатагтай нар нөхөр албан тушаалаа өгсний ард дурсамж ном бичдэг “хууль” бий. Тухайлбал, 2003 онд Хиллари Клинтоны “Living history” нэртэй дурсамж ном худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 600 мянган хувь борлогдсон. Гэхдээ тухайн үед аливаа номын аудио хэлбэрийн худалдан авалт маш цөөн, цахим хэлбэрээр бараг худалдаалдаггүй байжээ.

АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий Мишель хуульч мэргэжилтэй. Найман жил буюу 2009-2017 онд тэргүүн хатагтайн албыг хашихдаа өөрийн харизматик шинж чанар, эрч хүч, бусдыг байлдан дагуулах чадвараараа олон нийтийн сайшаалыг хүртэж байв. Мөн жил бүр хамгийн нөлөө бүхий эмэгтэйн жагсаалтын дээгүүрт бичигдсэн юм.

















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Мишель Обамагийн “Becoming” ном эхний өдрөө 725 мянган хувь зарагджээ  
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй