Шууд Chart

Б.Баттулга: Хамгийн их амжилт гаргасан спорт учраас үзэгч түмэн бидэнд илүү шаардлага тавьдаг

2018-11-23 07:52:53

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгатай ярилцлаа.

-Чөлөөт бөхийн баг тамирчид 2018 оны ДАШТ-д яваад ирлээ. Баг ахалж явсан хүний хувьд үүнээс яриагаа эхлэх үү?

-Юуны өмнө энэ удаагийн ДАШТ-ий онцлогийг ярих нь зөв болов уу. Энэ удаагийн тэмцээнд түүхэндээ анх удаа хамгийн олон орон буюу нийт 114 улс оролцлоо. Мөн хамгийн олон тамирчин буюу 800 гаруй тамирчин оролцож, бөхийн гурван төрлөөр өрсөлдлөө. Дүрмийн хувьд нэлээн шинэчилсэн буюу хоёр өдрийн хуваариар зохион байгуулсан. Ингэж хоёр өдрийн хуваарьтай болгохоор жингээ хоёр өдөр үзнэ гэсэн үг. Дээр нь өнгөрсөн ДАШТ-д өмнөх өдрийн орой жингээ үздэг байсан бол энэ жилийн хувьд 08:00 цагт үзээд хоёр цагийн дараа тэмцээн шууд эхэлж байгаа юм. Маргааш нь жингээ дахиж үзэж байлаа. Ийм хоёр гол онцлогтой тэмцээн боллоо. Амжилтын хувьд ярихад бид эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд тамирчдаа оролцуулсан. Ер нь 20 тамирчнаас 15 нь жин тус бүртээ шагналт 10 дугаар байраас дотогш орж, багтаа шагналын оноо авч ирлээ. Нийт 20-оос 15 тамирчин шагналт байрт орно гэдэг нь дор хаяж нэгээс дээш удаа ялалт байгуулсан гэж хэлж болно. Тэгэхээр 75 хувийн амжилт гаргасан гэсэн үг. Медалийн хувьд нэг мөнгө, хоёр хүрэл медаль авсан. Багийн нийлбэр дүнгээр эмэгтэй баг тавдугаар байрт, эрэгтэй баг долдугаар байрт орлоо. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй хоёр баг ирэх жилийн дэлхийн цомд орох эрхээ авч байгаа юм.

-Өнгөрсөн жил эрэгтэй баг “Дэлхийн цом”-д орох эрхээ авч чадаагүй санагдаж байна?

-Албан ёсны эрхээ авч чадаагүй. Харин өнгөрсөн жилийн “Дэлхийн цом”-оор ОХУ, Иран хоёр орох боломжгүй болсноор манай эрэгтэй баг огшиж дэлхийн цомд орж байсан юм. Энэ жилийн хувьд хоёр баг албан ёсоор эрхээ авлаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад үр дүн ахисан хэдий ч багш нарын хувьд төсөөлж, зорьж байсан амжилтадаа хараахан хүрч чадсангүй. Ерөнхий сууриараа шигшээ багийн тамирчдад нэлээн өөрчлөлт гарсан. Олон тамирчин медалийн төлөө барилдсан.

-Энэ жилийн хувьд алдаа, оноо нь юу байв?

-Бид хэд хэдэн сургалт дасгалжуулалтын шинэлэг ажлуудыг эхлүүлсэн. Нэгдүгээрт, эрэгтэй баг ОХУ-ын шигшээ багтай хоёр ч удаа хамтарсан бэлтгэл хийлээ. Мөн 40 хоногийн өмнө шинэ дүрэмдээ зохицохын тулд эрэгтэй баг Якутад, эмэгтэй баг Польшийн олон улсын тэмцээнд оролцсон. Эдгээр тэмцээнд ДАШТ-ий шинэчилсэн дүрмээр буюу хоёр өдрийн хуваариар явсан. Якутын тэмцээнд эрэгтэй багийн есөн тамирчин оролцож, найман медаль хүртсэн. Тэр тэмцээнээс бэлтгэлжилт гайгүй байгаа юм байна гэдгээ харсан. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд өвөл АНУ, Японы шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн. Ер нь дэлхийд эрэгтэй багийн дүнгээр ОХУ, АНУ, Иран, Гүрж гээд шилдэг багууд байдаг. Эмэгтэй багийн хувьд Япон, Хятад, АНУ, Канад гээд өндөр чансаатай баг бий. Бидний хувьд энэ жил эрэгтэй, эмэгтэй баг дэлхийд эхний байруудад байгаа шигшээ багуудтай бэлтгэл хийсэн. Ийм нэг онцлог байна. Ялангуяа эрэгтэй баг ОХУ-ын шигшээ багтай бэлтгэл хийсэн тохиолдол өмнө нь байхгүй. Энэ бол холбооноос хэрэгжүүлж буй шинэлэг үйл ажиллагаа. Дээр нь бид тусгайлан сэтгэл зүйч авч ажиллууллаа. АШУҮИС-ийн багш, сэтгэл зүйч Р.Энхтүвшин, спортын сэтгэлзүйч У.Чулуунчимэг, тэмцээний үеэр манай САУЭШ-ний эмч М.Саранцацрал, АНУ-ын спортын эмчилгээний массажист Х.Эйшли гээд хүмүүс ажилласан. Бэлтгэл сургуулилтын хувьд Хойд Солонгосын мэргэжлийн массажисттай хамтарч ажилласан гэх мэт өмнө нь дутагдалтай байсан зүйлд нэлээд ажиллалаа.

-Алдаа нь юу байв. Жишээлбэл, жүдо гэхэд энэ жил гурван хүрэл медальтай ирэхэд хэл ам гарахгүй байгаа хэр нь чөлөөт бөхийн хувьд тэр дайны амжилт үзүүлчихсэн байхад спорт сонирхогчид илүү ихийг нэхээд байна ...

-Манай чөлөөтийн шигшээ багийн хувьд нэгдүгээрт сэтгэлзүйн бэлтгэл дутагдалтай байсан. Сэтгэл зүй бол том шинжлэх ухаан. 20 тамирчинтай ажиллана гэдэг маш их цаг хугацаа ордог. Бид боломжийнхоо хүрээнд хоёр сэтгэлзүйч л ажиллуулж чадлаа. Тамирчдын сэтгэл зүйг яаж хөгжүүлдэг вэ гэхээр сэтгэлзүйч нар тамирчинтай ганцаарчилж уулздаг. Тамирчдын дотор байгаа зүйлийг зөв гаргахын тулд маш урт хугацаанд эмч, тамирчин хоёр уулзалдаж, нууц зүйлүүдээ ярьтал ажиллах ёстой. Тухайлбал, магадгүй хүүхэд насанд тохиолдсон сэтгэл зүйн саатлаас болоод шийдвэр гаргах мөчид алдаа гаргаад байна гэдгийг оношлохын тулд их цаг хугацаа орно гэсэн үг. Бид ерөнхий, анхан шатны уулзалтууд л хийж амжсан төдий. Нэг, хоёр удаа л уулзсан. Мэдээж өмнөхөөсөө жаахан дэвшил гарсан боловч үр дүнд хүрчихлээ гэх бүрэн бололцоогүй. Энэ бүхэн эргээд хөрөнгө мөнгө, санхүүтэй холбоотой. Манай шигшээ баг гэхэд албан ёсоор сэтгэл зүйчийн орон тоо байхгүй. Сая сайн дураараа л хоёр хүн ажилласан. Хоёрдугаарт, зөв хооллолтын асуудал. Жингээ хэрхэн зөв барих вэ. Хэрхэн жингээ хасах вэ гэдэг асуудал. Гуравдугаарт, ерөнхий бэлтгэл. Манайх чинь хурд хүчний спорт. Тэгэхээр ажиллах чадварын бэлтгэл түүндээ кросс фит голлож байна. Цаг хугацааны хувьд бага ажилласан учраас хүртээмжүүд нь хангалттай биш байлаа. Би ажил аваад, үндсэндээ шинэ шигшээ баг бүрдсэнээс хойш хоёр дахь ДАШТ-ээ үдэж байна. Хугацааны хувьд нэг жил есөн сар болж байна. Олимп хүртэл нэг ДАШТ-ий хугацаа үлдлээ. 2019 он тэр чигтээ урьд байна. Бидний эхлүүлчихсэн ажлуудыг бүр илүүгээр ойлгоод дэмжээд яваач ээ гэж хэлэх гээд байгаа юм. Одоо бол ний, нуугүй хэлье. ДАШТ-ий цугларалтын төсвийн мөнгө Сангийн яамнаас авалгүйгээр үндсэндээ ДАШТ-д яваад ирлээ шүү дээ, бид.

-Үүнийгээ жаахан тодруулаач ...

-Яг үндсэн бэлтгэл 45 хоног хийх ёстой. Тэр бэлтгэлийн мөнгө шийдэгдэхгүй. Холбооноос энд тэндээс гуйж байж, бэлтгэлээ хангаж байгаа юм. Үүнийг ДАШТ-ээс өмнө хэлчих юм бол тамирчдад дарамт болчихдог. Магадгүй “Биднийг тоож байгаа хүн алга. Бэлтгэлийг минь улсаас дааж байгаа юм алга” гэдэг ч юм уу сэтгэлээр унах магадлалтай. Үнэхээр спортод амжилт гаргая гэвэл урьдчилж хөрөнгө оруулах тэр зүйлийг нь гаргаж өгөөч ээ. Үүнд анхаараач ээ. Тэгчихвэл хүсээд байгаа тэр олимп, дэлхийн аваргыг хэдээр нь ч гэсэн авах бололцоо байна гэдгийг сая залуучууд харуулчихаж байгаа юм. Харин энд онцлоод хэлэхэд Биеийн тамир спортын газрын хамт олон болон Ц.Шаравжамц дарга өөрөө спортын хүн учраас бидний зовлонг ойлгож байнга дэмжиж ажилладаг.

-Би түрүүнд асуусан та хариулалгүй явчих шиг боллоо. Жүдогоор гурван медальтай ирсэн. Хэл ам багатай байх юм. Эсвэл холбооны зохицуулалт ойлголцол сайн болоод тэр үү. Гэтэл чөлөөтийнхөн мөн адил гурван медальтай, медалийн чанараар дээгүүр ирсэн хэр нь сэтгэл ханамж дундуур, хэл ам ихтэй байх юм. Эсвэл бид чөлөөтөөсөө их зүйл хүсдэг болсон юм болов уу?

-Чөлөөт бөх өөрөө Монголын ууган спортын нэг. Хамгийн их амжилт гаргасан спорт учраас спорт сонирхогч, үзэгч түмэн биднээс илүү их амжилтыг хүсдэг. Энэ нь зөв. Гэхдээ авсан гурван медалийг л яриад байна. Гэтэл 20 тамирчны 15 нь багтаа шагналын оноо авсан чинь өөрөө бас амжилт юм. Амжилт гаргасан эсэх үзүүлэлтүүдийг нэг бол өмнөх жилтэй харьцуулах ёстой. Нэг бол дөрвөн жилийн өмнөх мөн үеийнхтэй харьцуулах ёстой шүү дээ.

-Тэгвэл дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал ...

-Яг балансаа барьсан. Дөрвөн жилийн өмнө манай эрэгтэй, эмэгтэй аль аль нь зургаа, долдугаар байрт орж байсан. Дөрвөн жилийн өмнөхөө бодвол нэг нь ахисан. Нэг нь байрандаа байна гэсэн үг. 2014 оныг ярьж байна. Харин өнгөрсөн жилтэй харьцуулах юм бол бидний амжилт ахисан.

-Таны авсан баг, хамт олон түвшин ахисан гэж хэлэх гээд байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Залуучуудын түвшин ахиж байгаа. Өнгөрсөн жил эрэгтэй баг 11 дүгээр байрт орсон. Энэ жил долдугаар байрт орлоо.

-Ямар ч спортод уналтын сэргэлтийн гээд мөчлөг байдаг шүү дээ. Танай баг аль мөчлөг дээрээ явж байна гэж та боддог вэ?

-Би сэргэлтийн мөчлөгтөө явж байна. Харьцуулъя л даа. Эрэгтэй, эмэгтэй арван жин бий. Эрэгтэй 10 жингийн зургаан нь эхний долоон байрыг эзэлсэн. Нэг хүрэл медаль, хоёр тавдугаар байр, гурван бөх долдугаар байранд орсон. Тэдгээр тамирчдын гурван тамирчин нь анх удаа ДАШТ-д явж байгаа шинэ залуучууд. Хоёр бөх нь дөнгөж хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглож байгаа залуус. Тэгэхээр таван тамирчин цоо шинэ залуу гэсэн үг. Гэтэл гол найдлага тавьж байсан туршлагатай Э.Бэхбаяр, Г.Мандахнаран, Н.Золбоо, О.Үйтүмэн дөрөв минь хараахан 10-аас дотогш орж чадаагүй. Тэгэхдээ юу л байна туршлага байгаа энэ тамирчиддаа би итгэдэг. Манай тамирчдын хожигдлуудад анализ хийгээд үзэхээр дандаа сүүлийн мөчид тактикын алдаанууд гаргаж хожигдсон байна. Тиймээс бид дотроо алдаа дутагдлаа ярьж, засаж сайжруулна. Дандаа хожих боломжтой байж байгаад хожигдож байна. Үүнд дүгнэлт хийх юм бол манай тамирчид, шавь нар эрэгтэй, эмэгтэйгүй бүгд үнэхээр сайн барилдсан. Эмэгтэйчүүдийн хувьд арван жингээс есөд нь эхний аравт орсон. Тэгэхээр миний хувьд чөлөөт бөх унаад байхгүй болчихож байна гэдэгтэй огт санал нийлэхгүй. Харин ч энэ талаас нь харах юм бол сэргэж байна. Боломж байна. Ялангуяа анх удаа ДАШТ-д оролцоод шилдэг аравт орсон олон залуу тамирчин бий.

-Дасгалжуулагч хүн дөрвөн жилийн ажлаараа дүнгээ тавиулдаг гэж ойлгоод байна л даа. Тэгэхээр энэ жил таны ажлаа авсан хоёр дахь жил. Өнгөрсөн жил дөнгөж багаа аваад ДАШТ-д орж байсан. Ирэх 2019, 2020 онд дүнгээ тавиулах нь. Та ирэх жилүүдэд энэ оныхоо амжилтаа ахиулж чадах уу?

-Би ирэх жил том амбицтай байгаа. Хоёр багаа хоёуланг нь дэлхийд эхний байруудад оруулна. Ер нь түүхэндээ эрэгтэй баг эхний гурван байранд орж байсан тохиолдол байхгүй.

-Тийм боломж хэр байгаа бол?

-Боломж байгаа. Боломж байгаа гэдгийг залуучууд өөрсдөө сая харчихсан. Хоёрдугаарт, дэлхийд номер нэг ОХУ-ын шигшээ багтай бид маш их ойрхон харилцаатай болсон. Энэ харилцааг Б.Болд багш холбож өгсөн. Сая ОХУ-ын шигшээ баг чөлөөтөөр дөрвөн алтан медаль хүртсэн. Өнгөрсөн жил сонгомол, эрэгтэй, эмэгтэй гурван төрөлдөө нэг ч алтан медаль авч чадаагүй. Харин энэ жил сонгомол дээр зургаа, чөлөөт дээр дөрөв гээд 10 алтан медаль аваад хоёуланд нь багийн дүнгээр түрүүллээ. Түүний дараа ОХУ-ын ахлах дасгалжуулагч Ж.Тедеев бидэнд “За та нар манайд бэлтгэл хийж бидний бэлтгэлийг хангаж өгсөн шүү. Баярлалаа” гэж хэлсэн. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр бид харилцан бие, биедээ тусалж байгаа юм. Бид дэлхийн нэг номертойгоо ойрхон бэлтгэл хийж байж амжилтаа ахиулна. Тиймээс дараа жил болж өгвөл гурваас дөрвөн удаа ОХУ-ын шигшээтэй бэлтгэл хийе гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг шийдэж чадвал төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж болно. Би энд онцолж хэлэхэд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ ярилцлагыг уншдаг бол одоо олимпийн жил ойртож байна. Ерөнхий сайд өөрөө 2020 оны олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга шүү дээ. Тэгэхээр одоо 2019 он гэдэг бол спортод хөрөнгө оруулдаг гол жил. Түүнээс энэ жилийнх шиг иймэрхүү маягтай төсөв нь бага, үлгэн салган явуулах юм бол хэцүү. 2020 онд бидэнд мянга мөнгө байгаад хэрэггүй. Харин 2019 ондоо ахиухан шиг мөнгө тавьж өгөөч ээ. Одоо байгаагаасаа хоёр, гурав дахин их мөнгө өгч байж залуучууд олимпийн медалиудыг авна. Ний нуугүй хэлэхэд, Монголын нийгэмд авлига, хээл хахууль гээд дандаа муу мэдээ явж байна. Гэтэл 114 улсаас нэг баг нь тавд, нэг баг нь долоод орчихсон энэ сайхан мэдээ л дэлхий нийтэд Монголыг сурталчилж байна. Тэгвэл эргээд спортоор дамжаад нийгэм сайн мэдээ хүргэх бололцоотой. 

-Таныхаар санхүүжилт бага байна гэж үзээд байна уу?

-Чи бодоод үз л дээ. Манай спорт эрэгтэй, эмэгтэй арван жинтэй. Гэтэл шигшээ багт 23 тамирчны орон тоотой. Үгүй тэгээд хоёр, гурван номерын тамирчид нь яах юм. Цалин нь 300-450 мянган төгрөг. Тэгээд тамирчдаасаа бид олимпийн медаль хүсдэг. Хөөрхий энэ хэдэн тамирчид чинь спортдоо хайртайдаа л явдаг. Ингээд нэр алдраараа нийгэмд гайгүй нөлөө үзүүлчихдэг учраас гомдлолоод байдаггүй. Би тиймээс тамирчдынхаа өмнөөс хэлж байгаа юм. Ядаж шигшээ багт 60 тамирчинтай бол бид илүү их зүйл хүсэж, хүрч чадахаар байна. Багш нар гэхэд шигшээ багийн ахлах болон эрэгтэй, эмэгтэй багт хоёр, хоёрхон багш. Нийт тавхан хүн л байдаг. Спорт өндөр хөгжсөн орнуудад баг тус бүрт дор хаяж таваас зургаан багш байдаг шүү дээ. Дээрээс нь спортын эмч, сэтгэлзүйч гээд дөрвөөс таван хүн бий. Шигшээ багийн тамирчдын цалинг нэмэх хэрэгтэй. Яг үнэндээ шигшээ багт хичээллэж буй тамирчдын 10-20 хувь нь л хүссэн амжилтаа гаргаж, амьдрал нь сайжирдаг. Бусад нь залуу насаа зориулаад л дуусдаг. Зөвхөн цалингаараа амьдарч байгаа өчнөөн тамирчин байна. Саяхан Ц.Шаравжамц даргаас сонссон юм. Уг нь ирэх жилийн төсвийг нь нэлээд нэмээд оруулсан боловч танаад байхгүй болгочихсон гэнэ. Тэгээд л ахиад энэ байдалтайгаар явах гээд байна. Тэгэхээр Ерөнхий сайдыг анхааралдаа аваасай гэж хүсэж байна.

-Таныг ажил авахад баг доторх уур амьсгал төдийлөн сайн байгаагүй. Одоо нэг баг болж чадаж байна уу?

-Эрс сайжирсан. Сахилга бат сайн болсон. Өнгөрсөн жил чамтай ярилцаж байхад хэлж байсан санагдаж байна. ДАШТ дууссаны дараа сахилга бат алдсан тамирчид мэр сэр байсан. Энэ жилийн хувьд нэг ч тийм тохиолдол гараагүй. Клубуудын багш нар шигшээ багтайгаа хамтарч ажиллаж байна. Нэг ийм зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Шигшээ багийн багш нар онцгой мундаг биш байхгүй юу. Үеийн үед л клубын багш нараас ирсэн тамирчдыг авч нэгтгэж, бэлдэж ДАШТ, олимпод оролцуулдаг байсан. Бусад цагт нь хамтарч ажилладаг. Энэ чинь өмнөх дөрвөн жил, түүний өмнөх дөрвөн жил ч тэр хамтын ажиллагаанд тулгуурлаж хөгжиж ирсэн. 2020 оны олимп дууслаа. Манай баг хамт олон ажлаа дүгнүүлнэ. 

-Тантай уулзаад асуухгүй өнгөрч болохгүй нэг асуудал байна. Азийн наадамд түрүүлээд байсан, дэлхийн аварга П.Орхоноос допинг илэрсэн гэх асуудал байгаа ...

-Энэ мэдээлэл нийгэмд цацагдчихсан. Уг нь энэ мэдээлэл зөвхөн хувь тамирчинд Үндэсний допингийн эсрэг төвөөр дамжиж ирдэг журамтай. Тэгэхээр миний мэдэж байгаагаар тэр үйл явдал явж байгаа л гэдэг мэдээлэл байгаа. Миний хувьд бусад хүмүүстэй адил л хэвлэлээр гарч байгаа мэдээлэлтэй байгаа гэсэн үг. Тэгэхээр үүнд тухайн тамирчин ярилцлага өгөөгүй байхад өмнөөс нь ингэчихсэн, тэгчихсэн гэж ярих нь ёс зүйн хувьд зохимжгүй юм л даа.

-Азийн наадмын медалийг нь хураачихсан учраас сая авч явж чадсангүй юу?

-Тийм ээ. Цаанаас эцсийн шийд гартал тэмцээнд оролцохыг түр хориглодог журамтай. Журмаараа л явж байгаа.

-П.Орхон мэдээлэл хийхгүй байгаа нь ямар учиртай юм бэ. Эсвэл бас цаанаас нь мэдээлэл хийхийг хориглодог юм болов уу?

-Тухайн хүнд ямар мэдээлэл очсоныг би мэдэхгүй шүү дээ. Хувь хүний нууцын зэрэгтэй зүйлд би хэлж мэдэхгүй байна. Эцсийн шийд гартал хэн ч байсан түрүүлээд мэдээлэл хийх нь зохимжгүй байлгүй дээ. Тэр утгаараа л хийхгүй байгаа байх.

-“Өрсөлдөгч тамирчин нь хорлосон, дотроосоо хорлосон” гэсэн хардалт яригдсан. Баг ахалж байгаа хүний хувьд асуухад ийм боломж байдаг юм уу?

-Үндэсний шигшээ багт чинь эмч нар байна. Тэд байнга сургалт явуулж байна. Олимпийн төрлийн спортын тамирчид допингоос хол байдаг хүмүүс. Монгол хүнийхээ хувьд нэг багийн тамирчин нэгнээ хорлосон гэдэгт би лав итгэхгүй. Тийм ёс зүй ч байхгүй гэдэгт итгэлтэй байна.

-Чөлөөт бөхийн группуудыг ажиглаж байхад тань руу чиглэсэн шүүмжлэл их явах юм. Үүнийг та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Би өөрөө нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч биш. Тэмцээн уралдаанд оролцсон мэдээнүүдээ оруулдаг л төдий хүн. Би 25 жил дасгалжуулагчаар тасралтгүй ажиллаж байгаа. Өнгөрсөн жил өөрт тань өөрийнхөө талаар дэлгэрэнгүй ярьчихсан учраас одоо дэлгэрүүлээд яах вэ. Тамирчдаа бэлдээд л шигшээ багт өгдөг байлаа. Тамирчиддаа шигшээ багийнхаа багш нарын үгэнд сайн ороорой гэж захидаг байсан. Яагаад гэвэл багш хүнд итгэхгүйгээр амжилт гаргана гэж байхгүй. Багш болгонд өөрийн гэсэн давуу, сайн чанар бий. Үндсэндээ багш, шавь хоёрын итгэлцэл дээр амжилт гардаг. Чи өөрөө хүсэхгүй бол мянган сайн багш байгаад ч нэмэргүй гэдэг үг байдаг. Үүнийг бол манай тамирчид ойлгож байгаа. Бид энэ ёс зүйг барьж ажиллаж байна. Хувь хүнтэй холбоотой зүйл явж л байдаг юм. Тиймээс цаг хугацаа харуулна гэж боддог учраас хүлээцтэй ханддаг. 

-Чөлөөт бөх сонирхогчид сая ДАШТ-ээр Э.Бэхбаярт их найдлага тавьж байлаа. Гэтэл санасанд хүртэл барилдсангүй. Харин таныг клубын дасгалжуулагч байхад таны удирдлага дор хичээллэж байсан Т.Тулга их сайн барилдлаа ...

-Надад бол шигшээ багийн тамирчид бүгд л миний шавь учраас нийтэд ярих нь чухал. Тиймээс тухайн нэг тамирчныг онцолж яримааргүй байна. Бүгд л хөдөлмөрлөж байгаа. Алдаа, дутагдал гарч байгаа бол бид баг дотроо хувь хүнтэй нь ярилцаж засаж сайжруулна. Тэгэхдээ ялагдал болгон муу байдаггүй. Ялалт болгон ч сайн байдаггүй. Магадгүй ялагдлаа зөв оношилж чадвал дараагийн олон ялалтын эхлэл болно. Ер нь бол 2020 оны дараа би жинхэнэ дүгнэлтээ хийх боломжтой болно.

-Магадгүй та бүхэнтэй холбоогүй ч байж болох нэг асуулт байна. Тухайлбал жүдогийн дэлхийн аваргыг C1 телевиз шууд дамжуулаад бид үзчихлээ. Гэтэл Чөлөөт бөхийн ДАШТ-ийг үзэж чадсангүй. Чөлөөт бөх сонирхогчид ч их бухимдлаа. Холбоо үүнд анхаарч болоогүй юм байх даа?

-Монголчуудын нийтлэг нэг зан байна шүү дээ. Ямар нэгэн зүйл болохгүй бол заавал бусдаас бурууг хайдаг. Гэтэл Монголд бараг л 100-гаад телевиз байгаа байх. Өөрсдөө хүсэлт гаргавал дамжуулах эрх нь нээлттэй. Жүдотой холбож яриад байгаа нь миний сонссоноор “SPS” гэдэг телевиз жүдо бөхийн тэмцээнийг 2020 он дуустал жүдог дамжуулах эрхээ авчихсан гэж дуулсан. Зүгээр л энэ чинь жирийн бизнесийн үйл ажиллагаа. Телевизүүд зах зээл байна гэж хараад контентоо худалдаж аваад гаргавал нээлттэй гэж ойлгодог. Тэгэхдээ цааш, цаашдаа бид хамтарч ажиллах ёстой юм байна гэж хувь хүнийхээ үүднээс бодсон.

-Мөн нийгмийн сүлжээнд манай тамирчид бэлэн хоол идэж яваа зураг яваад байсан. ДАШТ-д тийм хэцүү явсан уу?

-Үгүй ээ. Холбооны зүгээс бол боломжийн хэрээр хангалттай ажиллаж байгаа. Хичээж ажиллаж байна. Энэ дашрамд хэлэхэд, сая ДАШТ-ий үеэр Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр бидэнд маш их тусалсан. Бидэнд төрөөс тэнд байх дөрөв хоногийн байр, хоолны зардлыг л өгсөн. Гэтэл бид цагийн зөрүү гаргахын тулд дор хаяж зургаа долоо хоногийн өмнө очих хэрэгтэй байсан. Тэр бүхэнд тусалсан. Мөн л Япон Улсад суугаа Элчин сайд Д.Батжаргал, түүгээр дамжуулж Яазу хотын захиргаатай ярьж байж тамирчдынхаа хувцс­ыг жигдэллээ. Энэ мэт маш олон асуудалд хол­боо идэвх, санаачилагатай ажиллаж байгаа. Бид энэ бүхнийгээ хэлэхгүй болохоор шүүмжлэлүүд нь урдаа яваад байдаг. Дээр хэлсэн бэлтгэжилтийн мөнгө төгрөг байхгүй байхад “НарМон” компаниний захи­рал М.Хүрэлсүх тусалж, дэмжиж, “Тойрол ханы хүрээ” амралтынхаа үнийг хэд дахин хямдруулаад, бид бэлтгэлээ тэнд хийлээ. Дэлхийн аваргын нэгдсэн бэлтгэлээ удирдах зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш ахын “Хасу-Эко” цогцолборт хийсэн. “Сүү” ХК гэхэд тамирчдын эрдсийг нөхөх бүтээгдэхүүнээр ивээн тэтгэлээ. Холбооны зүгээс тамирчдаа хамгийн сайн чанарын жимс, самар, жүүс ундаа, витамин өгсөн. 

-За хоёулаа ярилцлагаа энэ хүргээд өндөрлөе?

-Энэ жил манай О.Насанбурмаа олимпын төрлийн ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Энэ бол дурдахгүй байхын аргагүй маш том амжилт. Мөн ДАШТ-ээс анхны медалиа хүртсэн Т.Түвшинтулга, Б.Шоовдор хоёртоо баяр хүргэе. Энэ бол хүссэн хүн гаргаад байдаг амжилт биш. Ер нь нэмээд хэлэхэд чөлөөт бөхөд гарч буй амжилт болгон гарцаагүй манай өмнөх үеийн шигшээ баг, тэдгээрт ажиллаж байсан үе үеийн багш, тамирчдын хийсэн ажлын үр дүн юм шүү. Дээрээс нь анхан шатны болон клубуудын багш нарын үр дүн. Үүнийг л дахин, дахин хэлэхийг хүсэж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Баттулга: Хамгийн их амжилт гаргасан спорт учраас үзэгч түмэн бидэнд илүү шаардлага тавьдаг   
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй