Шууд Chart

Э.Энхсаруул: Монголын сор болсон залуус гадны орны хөгжилд өөрсдийгөө зориулж байна.

2018-12-05 11:17:37

Шведэд ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэн, аялагч Э.Энхсаруултай ярилцлаа. Тэрбээр Хойд туйлд зохион байгуулдаг“Fjallraven-2019” нохой чаргатай аялалд оролцох эрхийн төлөө өрсөлдөж байгаа юм.

-Сайн байна уу. Та манай MNB.mn сайтын уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Би Шведийн нийслэл Стокгольм хотод ажиллаж амьдардаг. Одоо сэргээгдэх эрчим хүчний (нарны толь болон угсралтын) компанид ажилладаг.

-Швед рүү сурахаар явсан уу?

-Би айлын том. Аав минь бага байхад өнгөрчихсөн. Дунд сургуульд байхаасаа л жижиг сажиг ажил хийдэг байсан ч олсон хэдэн цаас минь хоёр дүүгийнхээ сургуулийн зардалд ч хүрэлцдэггүй байлаа. Тиймээс анх Монголоос явах болсон шалтгаан минь бие муутай ээж, бага ангийн хоёр дүүгээ тэжээх. Тэгээд л ээжээсээ гадаад руу явж ар гэрээ тэжээе гэж гуйсан. Ээж зөвшөөрч арван жилийн сургуулиа төгсөхгүй дундаас нь хаяад эх орноосоо гарсан. Хүний нутагт ирээд ажил голохгүй хийдэг байсан.

-Танайх Улаанбаатарын айл байсан уу. Тухайн үед дүү нар чинь хэдэн настай байв?

-Тиймээ хотын айл байсан. Би хөдөө өвөө, эмээ дээрээ очиж мал маллахад нь тусалж, хотод хичээл, сургуульдаа явдаг хүүхэд байлаа. Том дүү минь зургаадугаар анги, бага нь хоёрдугаар анги байсан. Миний анх гадаад явж ажил хийх оролдлого маань бүтээгүй. 15 настай эх орноосоо гарсан. Тухайн үед Швейцар, Швед  улс ажиллаж, амьдрах, мөнгө хураахад илүү боломжийн гэж хүмүүс зөвлөж байсан. Тэгээд газраар Швейцарын хил давах зорилго тавьсан ч бүтэлгүйтэж, ОХУ-д хоёр жил саатсан.

-Яагаад бүтэлгүйтсэн бэ. Хойд хөршид байхдаа хэрхэн амьдарч байв?

-Монголоос гарахдаа виз аваагүй, дан гадаад паспорттай очсон болохоор европын хилээр нэвтрүүлээгүй. Хүүхэд байсан болохоор учраа мэдэхгүй европтой хил залгаа Цагаан Оросын Брест хотод үлдчихсэн. Хууль бусаар хил гарах боломж мэр сэр байдаг ч надад олдоогүй. Хойд хөршид байхдаа гудамжинд юм зарж, зах дээр ачигч хийдэг байлаа. Зах дээр ажиллахдаа том хайрцагтай хүнсний ногоо зөөдөг. Мөн өдөртөө “Камаз” машины 2-3 тэвш дүүрэн төмс ганцаараа буулгаж, ачдаг байсан. Үүнээс гадна вокзал хавиар явж том цүнх барьсан хүмүүс дээр гүйж очоод ачаа, цүнхийг нь зөөдөг байлаа.

Гэр бүлээ тэжээнэ гэж эх орноосоо явсан ч замдаа гацчихсандаа гэрийнхнээсээ маш их санаа зовдог. ОХУ-д өдөр хоногийг аргацаасаар нэлээн удаан хугацаа өнгөрсөн. Сүүлдээ гэрийнхэнтэйгээ холбоо барихаа больсон. Тэр чигтээ алга болох тухай л бодож байлаа.

-Орост хаана хоног төөрүүлж байв. Ээж, дүү нарын чинь санаа их зовсон байх даа. ОХУ-д монгол хүнтэй таарсан уу. Танд тусалсан хүн бий юу?

-Янз бүрийн газраар хоног төөрүүлсэн. Мөнгөтэй бол хоногийн нэг долларын түрээстэй байранд хононо. Заримдаа мөнгөгүй үедээ хаана ч хамаагүй таарсан газраа л хоночихдог байсан. Солих хувцас хунар гэж байгаагүй болохоор ачаагүй учир надад амар байсан.

Ээж, дүү нарын санаа зоволгүй яах вэ. Ор сураггүй алга болоод ээж, дүүтэйгээ холбоо барилгүй их удсан. Нэг өдөр гал тэрэгний өртөөнд хүний ачаа хүргэж өгөх гээд нээх том цүнх үүрчихсэн явж байтал ээжийн дүү Сүхбаатар ах таарсан. Ах маань надад санаа зовоод намайг хайх гэж миний араас ирсэн юм билээ. Тэгээд намайг барьж аваад дараа нь Монгол руу дагуулж ирсэн дээ. Тухайн үед ахдаа баригдаад их ичиж билээ. Яаж Монгол руу эргэж очно доо, ээж, хоёр дүүгийнхээ нүүрийг яаж харна даа гээд санаа зовсон.

Монгол руу буцах зам их урт. Бишүүрхээд ахтайгаа ч олигтой юм ярьж чадахгүй инээсэн болоод л явсан. Зургаа хоног вагоноор явж ирсэн. Хил дээр иртэл хүмүүс монгол хэлээр яриад л, эх орны минь үнэр танар хамар цоргиж, их олон зүйлийг тэр агшинд мэдэрч билээ. Нутгаасаа гараад удсан байсан учир их уйлсан. Мөн ОХУ-д байхдаа бичиг баримтаа гээчихсэн болохоор Монголын хилээр нэвтрүүлэхгүй нилээн удсан. Тэгээд хил дээр хэсэг хугацаанд саатсаны эцэст Монголдоо орж ирсэн дээ.

Гэртээ ирэхэд ээж минь намайг харчхаад их баярласан. Миний хүү ирлээ гээд хөөрөөд л. Харин би дотроо ээж, дүү нар дээрээ гар хоосон ирсэн дээ их ичиж билээ. Халаасанд байсан лаазалсан загасаа хоёр дүүдээ өгөхөд их баярлаад хуваагаад идсэн. Хоёр дүүгээ харсан чинь их том болчихсон байсан.

Би анх том том юм яриад нутгаасаа гарсан ч зорьсон зүйлдээ хүрч чадалгүй буцаж ирэх их хэцүү юм билээ. Хэдий насанд хүрээгүй хүүхэд байсан ч гэлээ тэр үел өөрийгөө том хүн мэтээр л бодож явдаг байлаа. Мөн өчнөөн өр зээл тавиад гадаад явсныг хэлэх үү.

-Монголд ирээд хэр удсаны дараа ахин гадаад явсан бэ. Ээждээ хэлэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Гэртээ ирээд нэлээн хэдэн сар болсон. Ээждээ өмнөхтэйгээ мөн адил “Хүү нь дахиад гадаад явъя. Энэ удаад хүү нь өмнөх шигээ бүтэлгүйтэхгүй” гэж хэлсэн.  Би айлын том болохоор ээждээ том хүн шиг л санагддаг байсан. Тэгээд Шведийг зорихдоо Чех, Польш улсын виз даруулаад эх орноосоо явсан. Тэгээд Европын орны хилийг визгүйгээр буюу хууль бусаар давсан. Тэр үед бусад хүн чадаад байхад би яагаад чадахгүй гэж боддог байлаа.

-Шведэд таныг тосч авах хүн байсан уу?

-Европын олон орноор явсны эцэст Шведийн хилийг давсан. Тэнд намайг ээжийн дүү тосч авсан. Анх цагаачлалын байранд амьдардаг байсан. Ажил төрөл хийх гэхээр хэл усгүй болохоор авахгүй. Хагас жил ажилгүй байсан. Тэгээд ганц нэг ажилд орох боломж гарсан ч хэлгүйгээс болж хөөгддөг байсан. Анх хятад хоолны газар угаагчаар ажилд орсон. 07:00-23:00 цаг хүртэл ажиллаад 11 мянган крон авдаг байсан. Тухайн үед (2004 онд) нэг ам.доллар долоон крон байсан. Гэр рүүгээ сар бүр 1000-1300 ам.доллар явуулдаг байлаа.

-Өндөр хөгжилтэй оронд очоод төрсөн анхны сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Анхны сэтгэгдэл нээх таатай байгаагүй. Европын орныг багадаа үздэг байсан кинонд гардаг шиг төгс сайхнаар төсөөлж очсон. Хүүхэд байхдаа төсөөлж байсан гадаадын сайхан орон, бодит байдал хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байсан. Хэл усгүй, ямар ажил хийхээ мэдэхгүй, байрлаж байсан газраасаа гараад ажил хайя гэхээр хүнтэй харилцаж чадахгүй, дээрээс нь албан ёсны бичиг баримтгүй гээд олон хүндрэл байлаа.

-Та хэзээнээс аялж эхлэв. Хэдэн орноор аялсан бэ?

-Анх 12 жилийн өмнөөс явган аялал хийж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 40 орноор аялжээ.

-Та Монголдоо ирдэг үү. Одоо Шведэд ямар ангиллын визээр амьдарч байна?

-Эх орондоо байнга очдог. Шведэд урт хугацаагаар амьдрах эрхтэй таван жил болоод сунгадаг виз авсан. Гадны улсад зорчихгүй удаан хугацаагаар суурьшсан иргэдэд Шведээс амьдрах эрхтэй, хугацаагүй виз олгодог.

-Аялагч бүр очсон орон бүрийнхээ сайн, сайр бүхнийг эх оронтойгоо харьцуулдаг байх. Та энэ бодлоо хуваалцаач?

-Тэгэлгүй яах вэ явсан газар болгоноо өөрийн оронтойгоо жишиж үздэг. Олон зүйлийг эргэцүүлж бодно. Гадны орны гоё сайхан бүхнийг Монголдоо хийж хэрэгжүүлэхийг хүсдэг. Очсон газар болгоныхоо сайн сайхныг бусад Монголчууддаа харуулах юмсан гэж боддог. Харин Монголдоо очоод олон зүйлд сэтгэл өвдөнө. Яг яаж хөгжүүлэхээ мэдэхгүй, чадвар байхгүй болохоор ч тэр үү их хэцүү санагддаг. Хэрвээ бидний эх орон гадны улс шиг боломжийн байсан бол надад багаасаа гадагшаа гарах шаардлага байхгүй. Би гэлтгүй хүн бүхэн л тэгж боддог байх. Одоо Монголын сор болсон эрүүл саруул цог золбоотой залуус ихэнх нь гадагшаа гарчихсан. Гадаадын орны хөгжилд гар биеэ зориулж байна.

-Таны аялж байсан орнуудаас хамгийн таалагдсан нь аль улс вэ. Тухайн улсын юу нь таныг илүүтэй татав?

-Норвеги их сайхан санагдсан. Байгалийн үзэсгэлэнт тогтоц газрууд ихтэй. Тэр дундаа өндөр уулс, хүрхрээ, хад чулуутай. Мөн улс орны нийгэмд чиглэсэн бүхий л үйлчилгээ төгс. Төр нь иргэдээ гэдэг гээд яриад байвал дуусахгүй ээ.

-Одоо аялах эрхийн төлөө өрсөлдөж буй нохойн чарганы уралдааныхаа талаар мэдээлэл өгөөч?

-Шведийн олон улсад алдартай аяллын хувцасны “Fjall raven” буюу “Уулын үнэг” компаниас жил бүр Хойд туйлд нохойтой чарганы аялал зохион байгуулдаг. Ингэхдээ эл аялалд оролцох аялагчийг олон нийтийг цахим санал асуулгаар тодруулдаг. Уг аялалд оролцогч өдөртөө -30 градус, шөнө нь бүр -40-50 градусын хүйтэнд 300 км замыг, зургаа хоногийн хугацаанд туулна. Ингэхдээ аяллын хугацаанд гадаа зассан майханд амардаг. Эл уралдаанд сүүлийн үед олон орны аялагч оролцдог болсон. Энэ жил 900 гаруй аялагч өрсөлдөж байна. Би санал хураалтаар өөрийн бүстээ нэгдүгээр байрт, дэлхийд дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж байгаа. Анх Монголоос “Цэрэн турс” компаний захирал цэнхэр үст Э.Цэрэндолгор эгч, дараа нь АНУ-д ажиллаж, амьдарч буй Б.Загдаа эгч, дараа нь Бааска эгч, сүүлд С.Номин гэдэг охин оролцсон. Миний хувьд Загдаа эгчээс зөвлөгөө авсан.

-Энэ төрлийн аяллыг бие дааж хийвэл хувь хүнээс хэдий хэрийн зардал гарах вэ?

-Энэ төрлийн тооцоо хийж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Тийм боломж байхгүй байх. Хувь хүн маш сайн зохион байгуулалт хийж байж явахгүй бол олон хоногоор Хойд туйлд нохойн чаргаар аялах маш хэцүү.

-Аялахын тулд хувь хүнээс тодорхой хэмжээний санхүү, цаг зав, зориг гардаг. Аялал хүнийг донтуулдаг уу. Та аяллаас ямар мэдрэмж авдаг вэ?

-Энэ дэлхийд өөрийн нүдээр харахыг хүссэн олон сайхан газар бий. Тэр бүгдийг нэгийг ч орхигдуулахгүй очиж харахыг хүсдэг. Хүн гэдэг их шуналтай. Гоё сайхан зүйлийн өмнө үргэлж нээлттэй байдаг. Аялахыг хүссэн газартаа зориод аялах бол их том ажил. Магадгүй тухайн үед аялал хэцүү байх, шантрах зүйл их гардаг. Гэхдээ зорьсон зүйлдээ хүрэх нь их чухал. Суурин амьдралтай бидэнд хааяа ч болов хотоос гарч алхаж, аялах нь оюун ухаан болон бие сэтгэлийн маш их эрч хүч өгдөг. Наад зах нь ажилдаа стрессдэхгүй, аливаад өөрөөр хандана. Амжилт, ололт болон урьдынхаасаа илүү их эрх чөлөө мэдэрнэ. Хамгийн гол нь хүн зорилт тавиад түүнийгээ хийж дууссаны ард өөртөө асар их эрч хүч авдаг.Аялал бол хамгийн эрүүл, зөв донтолт юм.

-Ээж, дүү нь одоо хаана амьдарч байгаа вэ. Хоёр дүү тань хэдийн амьдрал зохиосон байх. Одоо өнгөрснийг эргэн харахад гадаад явсан зорилгоо биелүүлж чадсан уу?

-Чадсан шүү. Ээжийн маань бие жаахан тааруу. Гадаадад эмнэлэгт хөлөө эмчлүүлэх гээд явсан. Хоёр дүү том болж, гэр бүлтэй болоод амьдрал зохиож, тусдаа гарсан.

-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Аяллын тэмцээнд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Миний эл аяллын уралдаанд оролцох шалтгаан минь сүүлийн үед дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж байгаатай холбоотой. Үүнээс болоод ихэнх улс оронд жил бүр маш их газар нутгийг хамарсан гал түймэр гарч байна. Монголд түймэр бүр энгийн үзэгдэл мэт болсон. Тиймээс дэлхийн хүн бүрт “Эх дэлхийгээ ижий аав шиг ээ хайрлаач ээ” гэсэн том зурвас өгөхийн тулд зургаан өдрийн турш хоол хүнс идэхгүйгээр, зөвхөн ус ууж энэ аялалд оролцох санаа төрсөн. Тиймээс уншигч та бүхэн https://polar.fjallraven.se/contestant/?id=5383 линкээр нэвтэрч надад саналаа өгөөрэй.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Э.Энхсаруул: Монголын сор болсон залуус гадны орны хөгжилд өөрсдийгөө зориулж байна.  
Үзсэн: 164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-06 04:02
Mundag yumaa Bvh zvild shn amjiltuudiig hvsey

Бидэнтэй нэгдээрэй