Шууд Chart

Мартагдсан уу, шоовдорлогдсон уу, эсвэл...

2018-12-06 10:16:11

МҮОНР Тавантолгойн бүлэг ордын үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжлан “Нүүрс дагасан цоохор амьдрал” цуврал нэвтрүүлэг, нийтлэлийг  хүргэж байгаа билээ. Энэ удаагийн нийтлэлийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багаас бэлтгэлээ.


АГААР НЬ СҮҮМГЭР, ИТГЭЛ НЬ БҮҮДГЭР "ЦАГААН-ОВООЧУУД"  

Зүсээ харуулж, хацраа үнэрлүүлчихээд л яваад өгнө. Шууд л зугтаадаг болсон...”  60 дөхсөн ахимаг эрээс гомдол тээсэн ийм үг зүгээр ч нэг  гарахгүй сэн.

“...Яадаг ч юм билээ. Уушгигүй болчих вий гээд хүүхдүүддээ л их санаа зовж байна”. Хоёр хөөрхөн үрдээ санаа зовсон ээж нүүе гэвч ажилдаа чөдөрлүүлж, сууя  гэвч бэрхшээлтэй тулгарна.  

...Дүн хийсэн байшингийнхаа цонхоор гадаа тоглох  хүүхдүүдээ харсан шиг цай оочлоод сууж байгаагаар ч юм уу, яадаг ч байсан найзууд шигээ   сайхан сууцанд амьдарч байгаагаар залуухан бүсгүй мөрөөднө. Тээврийн жолооч нөхөр, төрийн байгууллагын багш гэргий хоёрт уг нь ийм  боломж хэдийнэ гарсан. Гэвч...

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн төвийнхний бодол санаа, хүсэл мөрөөдлийг буулгавал ийм л дүр зураг тодрох нь. Дээр хөөрсөн нар тоосон дундаас тодорч чадалгүй бүүдийсээр жаргах нь энэ нутгийн байгалийн биш олдмол, хаяахан биш хэвийн үзэгдэл. Цагаан-Овоо багийн  төвийн иргэдийн дотоод сэтгэл рүү өнгийвөл бас л ийм бүүдгэр өнгө мэдрэгдэх шиг. 

Багийн төвийн хойно байрлах замын карьер 

Их хотын дуу чимээ, утаа тортгоос үе үе холдох дуртай надад харин энэ нутаг хөдөөд бодогддоггүй. Цогтцэций сум ойртох тусам нүүрсний үнэр хамар  цоргиж, тоос шороо нүд сүүмийлгэдэг болохоор тэр.   

Яг л өвлийн эхэн сарын Улаанбаатарын агаар шиг сүүмгэр өнгө төрх ч намрын адаг, аравдугаар сарын сүүлээр ч мөн угтана гэдгийг мэдэж байлаа.        

“АГААР АМЬСГАЛЖ, АЯ ТУХТАЙ АМЬДРАХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН ТҮҮХ”

Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн төв Тавантолгойн ордоос км гаруйхны зайд бий. Тавантолгойн уурхай түшсэн уурхайчдын тосгоныг 1991 онд Өмнөговь аймгийн Иргэдийн хурлын шийдвэрээр багийн төв болон албан ёсоор байгуулж өргөжүүлсэн нь энэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн ажил 2010 онд эхэлж жигдрэх хүртэл сумын дайны аж төрж байсан энэ багийнхан нутаггүй болсноо мэдээгүй гэлээ. АМГТГ 2006 онд тус компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо тус багийн төвийн газрыг тэр чигт нь оруулж олгосныг сонсгож дуулгах үүрэгтэй нутгийн удирдлагууд нь  нуусан уу, эсвэл мэдээгүй байсан уу.    

  

Цагаан-Овоо баг ба Тавантолгойн бүлэг уурхайн нүүрс тээвэрлэлтийн тойм зураг

Таван жилийн өмнөөс “ЭТТ” ХК Баруун Цанхийн уурхайг олборлож эхэлснээр уурхайн бүс, хаягдлын овоолго багийн төвд улам бүр ойртсоор, өнөөдөр нэг км гаруйхны зайд тулж иржээ. Дээр нь уурхайн нүүрсийг зөөсөн хэдэн мянган том тэрэг багийн төвийг дайрчих шахан шороон замаар тоос татуулан өдөр өнжилгүй давхилдана  

Тухайн компанийн танилцуулгад “Энэ оны эхний хагас жилд 5.1 сая тн нүүрс, 25 сая куб метр уулын цул хөдөлгөсөн” гэжээ. Уурхай 40 дэх сая тн нүүрсээ экспортлосноо ч энэ онд албан ёсоор зарласан. Цагаан-Овоо багийн төвийн 160-аад өрхийн нэг мянгаад хүн ийм л үйлдвэрлэлтэй зэрэгцэн амьдарч, тоос тортгоор нь амьсгалж, дуу чимээнд нь дасан аяданаТэд чухам юу мэдэрдэг бол... 

Үүнийг лавлах гэхдээ хамгийн түрүүн бяцхан жаалуудтай цэцэрлэгээр ормоор санагдав. Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн Цагаан-Овоо дахь салбар цэцэрлэг хоёр ангидаа 50 орчим хүүхэдтэй. Багш нар нь сургалтад явсан учир туслах багш Т.Оюунтуяатай ярилцлаа. 

Цонхоо 20 минут онгойлгоход л цонхны тавцанг хар тогтог дарчихдаг. Урдаасаа салхилвал дан нүүрс бууна. Хамар нь байнга битүүрнэ. Хүүхдүүд ч гэлтгүй бидний хамраас хар, хар тортой нус гарна. Ер нь хэцүү дээ. Өдөрт гурван удаа чийгтэй цэвэрлэгээ хийдэг ч байнга нүүрсний тоос дарна.”  

Дараа нь 1984 оноос Цагаан-Овоо багт амьдарч буй Б.Батсайхан гуайнд очиход бидэнд сууцныхаа цонхны тавцанг арчиж харууллаа. Шинэхэн байрны шал нь хоёр хуруу сууж, ангайсны ч байн байн зааж, гомдол нэхэв. Гэхдээ байр байдлыг нүдээр үзэж, сурвалжилж явааг минь сонсоод “зорьж ирсэн ховорхон гийчдийн нэг нь” хэмээн баярлав.      

Б.БатсайханӨчигдөрхөн арчсан цонхны тавцан цагаан алчуурыг яаж харлуулж байгааг харж байгаа биз. Тэсэлгээний дуу чимээ, тоос шороо  замбараагаа алдлаа. Тэсэлгээ хийсний дараа гэрт угаар яаж үнэртдэг билээ. Яг л түүн шиг юм, юм үнэртэнэ. Бидний хамар ч бөглөөтэй болжээ. Нар шингэхэд бүүдийсэн байдагтай  адилхан  дүр зургийг чи ажиглаж байгаа биз.  Дандаа л ийм байна.

Өндөр настан Д.Хадхүүгийн гэргийн Ц.Дуламсүрэн: “Нүүлгэх юм гэнэ гээд лав л таван жил болж байна. Газраа зүгээр өгчихөөд явмааргүй байна. Зун ч үүд, хаяагаа онгойлгож болохгүй. Гэрийн даавуу тас хар болчихно. Уурхайн тэсэлгээний дуу чимээ гэрт бүр ч их мэдрэгддэгГэр дайвалзаад явчихлаар цочихыг нь яана.  Хүүхдүүд  байшин  барьж өгье л гэсэн. Нэгэнт нүүх болохоор хий зарлага гаргаад яах вэ гээд хойшлуулаад байдаг”  

Цагаан-Овоо багийн төв дэх банкны ажилтан Б.МөнхцэцэгСүүлийн жилүүдэд тоосжилт улам ч ихсэх боллоо. Өглөө, оройд машины гэрэлд  манантай юм шиг бөөн тоос бужигнана. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд л их санаа зовж байна. Өөр газар луу шилжихээр ажилгүй болчих вий гэж санаа зовох юм. 2012 онд шилжиж ирснээс хойш байшин барьж амьдрах боломж байсан ч нүүхийг хүлээгээд л гэрт амьдарч байна.”

Цагаан-Овоо багийнхаа төвд айлын хашаанд амьдардаг цэцэрлэгийн багш Т.Оюунтунгалагт ч газар өмчилж, байшин сууцанд тохитой амьдрах санаа бий ч мөн л багийн төвийн нүүх шийдвэр өнөөдрийг хүртэл хойш чангаажээ.   

Ийм л байдлаар хашааныхаа газрыг тохижуулахаас эхлээд байр сууц барьж, үл хөдлөх хөрөнгөтэй болох, тосгон сууриндаа үйлчилгээний төв нээж  ашиг орлогоо нэмэгдүүлэх эрх Цагаан-Овоо багийн төвийнхөнд 2012 оноос хаагдав     

Сумын, тэр дундаа Цагаан-Овоо багийн агаарын бохирдолд “ЭТТ” ХК-ийн шороон замын тээвэр мөн гол нөлөө үзүүлсээр иржээ. Уурхайн амнаас Гашуунсухайт зам хүртэлх, тус компанийн ажиллагсдын суурингаас Цогтцэций-Улаанбаатар чиглэлийн авто зам хүртэл нийтдээ 20 гаруй км-т  шороогоор давхисан хэвээр байна

Ингэж сумын тоосжилт нэмэгдсэнээр өвчлөл ихсэж, иргэдэд сэтгэл санаа, эд материалын хохирол үүсгэж байгааг “Бодлогын инновацийн хүрээлэн”-ийн Тавантолгойн бүлэг орд дахь хүний эрхийн нөлөөллийн судалгааны тайланд өгүүлжээ. Цогтцэций суманд жилд оношлогдсон нийт өвчлөлийн 48 хувь нь амьсгалын замынх. Цагаан-Овоо багийн төвийг бодоход Тавантолгойн уурхайгаас 10 дахин хол, 18 км-ын зайд орших Цогтцэций сум тухайн өвчлөлөөр бусад сумаас хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан мэдээ тайланд бий.  

“НҮҮРСНИЙ ТОРТОГ ДУНД АМЬДРАХ НЬ УУРХАЙД АЖИЛЛАСАНТАЙ АДИЛ”

Улаанбаатарын агаарын бохирдол та, бидний уушги цээжийг хэрхэн бохирдуулж, тархи толгойд яаж нөлөөлж, заримд нь хавдрын үүр уурхайг хэрхэн тарьж болохыг нийслэлийнхэн эмч аятай л хэлдэг болсон. Тэгвэл 40 сая тн нүүрсийг ухаж, ачиж, тээвэрлэх тоолонд гардаг тоос тоосонцор нэг км гаруйхны зайд амьдарч буй Цагаан-Овоо багийн төвийн иргэдэд ямар нөлөө үзүүлдэг бол...  

НЭМҮТ-өөс тодруулъя. Эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ:

Уурхайн бүсэд нүүрсэнд агуулагдах хүнд металлууд бүгд агаар мандалд цацагдана. Тэр орчны нөлөөлөлд удаан өртсөнөөрөө хамгийн түрүүн амьсгалын эрхтэнд нөлөөлж, архаг өвчлөлтэй хүмүүс нэмэгдэнэ. Тортогтой тоостой орчинд байна гэдэг нь нүүрсний уурхайд ажиллаж байгаа хүмүүсээс ялгаагүй уушгиа бохирдуулна гэсэн үг. Уушги чулуужих гэх зэргээр уурхайчидтай адил өвчлөлд өртөх магадлалтай. Хүхэрлэг хийн азотын давхар исэл, нарийн ширхэгтэй тоосонцор, хар тугалга, төмөр, кадми зэрэг хүнд металл нь хавдрын нөлөөлөх хүчин зүйл мөн болохыг ДЭМБ 2013 онд тунхаглан зарласан. Эдгээрийн нөлөөнд байнга байна гэдэг нь архаг бронхиттой хүмүүс олширно. Бага насны хүүхдүүд удаан өртвөл гуурсан хоолойн багтраа /астма/ -тай болж ирнэ. Хамар их битүүрч байгаа бол өвчлөмтгий болох эхний нөхцөл бүрдэж байна гэсэн үг.”         

  

Цагаан-Овоо багийн дэргэдэх "ЭТТ" ХК-ийн ачилтын хэсэг 

Үүн дээр Тавантолгойн уурхайн тэсэлгээ, олборлолт, тээвэрлэлтийн дуу чимээг ч ярилгүй өнгөрч бас боломгүй. Авто замын, барилга байшин, эсвэл өндөр дуугаар ярьж байгаа хүний дуу шуугиан нь даралт ихэсгэж, сонсголын эрхтэнг гэмтээж, мэдрэлийн хэт ядаргаанд хүргэдгийг ДЭМБ мөн л тогтоосон.  Уурхайн үйлдвэрлэлийн дуу чимээ  эдгээрээс илүү дутууг тогтоосон газар алга байна.      

Тавантолгойн бүлэг ордод ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч гурван компаниас Цагаан-Овоо багийн төвтэй хамгийн ойр үйлдвэрлэл эрхлэгч нь багийн төвийн газрыг лицензээр эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани гэдгийг энд тодотгоё.

Цагаан-Овоо багийн төвөөс "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайн овоолго харагдаж байна

Үргэлжлэл бий... 

Нийтэлсэн: Д.Даваадулам

Мартагдсан уу, шоовдорлогдсон уу, эсвэл...  
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй