Шууд Chart

Японы эрэг орчимд АНУ-ын тэнгисийн цэргийн 2 онгоц осолджээ

2018-12-06 13:27:58

АНУ-ын тэнгисийн явган цэргийн корпусын хоёр онгоц агаарт шатахуун цэнэглэх үеэр осолдож Японы эргээс зүүн зүгт 100-аад км-ийн зайд далайд унасан байна.

Эдгээр нь шатахуун цэнэглэгч КС-130 онгоц, FA-18 сөнөөгч бөмбөгдөгч онгоцууд юм байна. Хоёр онгоцонд нийтдээ 7 хүн явснаас нэгийг нь аварч чадсан тухай тэнгисийн явган цэргийн корпусын албан ёсны төлөөлөгч мэдээлжээ. 

Ослоос амьд гарсан Америкийн цэргийг Японы өмнөд нутгийн Ивакуни баазад хүргээд буй юм байна. Үлдсэн зургаан цэргийн албан хаагчийг эрэн хайх аврах ажиллагаанд АНУ-ын нисэх хүчин блоон Японы өөрийгөө батлан хамгаалах хүчний онгоцууд оролцож байгаа тухай "Эн Эйч Кэй" мэдээлж байна.

Осол Японы эргээс 322 км-ийн зайд гарсан байна. Орон нутгийн цагаар 02:00 орчимд осол гарчээ. Цэргийнхэн ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Бөмбөгдөгч сөнөөгч онгоцыг шатахуунаар цэнэглэж байх үед хоёр онгоц мөргөлдсөн тухай мэдээлж байгаа ч албаныхан энэ мэдээллийг батлаагүй байгаа аж.

Агаарт онгоцыг шатахуунаар цэнэглэх нь амаргүй, бас ховор ажиллагаанд тооцогддог байна. Америкийн тэнгисийн явган цэргийн корпусын албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр тус онгоцууд "Ивакуни" агаарын цэргийн баазаас хөөрсөн бөгөөд урьдчилан төлөвлөсөн сургуулилтын нислэг үйлдэж байжээ.  

Осол гарах үед цаг агаарын байдал ямар байсан талаар мэдээлээгүй байна. "Би Би Си"-гийн Токио дахь сурвалжлагч өнгөрсөн шөнө Японд үүлэрхэг, бороотой байсныг мэдээлжээ.

КС-130 онгоц нь байлдааны зориулалт бүхий С-130 Геркулес онгоцны шинэчлэгдсэн загвар юм байна. Гол нь агаарт өөр онгоцыг шатахуунаар цэнэглэх зориулалтаар ашиглагддаг юм байна. FA-18 сөнөөгч бөмбөгдөгч онгоцуудыг харин АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин өргөнөөр ашигладаг аж. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы эрэг орчимд АНУ-ын тэнгисийн цэргийн 2 онгоц осолджээ   
Үзсэн: 49 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй