Шууд Chart

Мартагдсан уу, шоовдорлогдсон уу, эсвэл... /II хэсэг/

2018-12-06 15:00:56

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн иргэдийн эрхийн асуудлаар бэлтгэсэн сурвалжилгын хоёрдугаар хэсгийг та бүхэнд хүргэж байна.  


“БОДЛОГОГҮЙГЭЭС БОЛЖ БОЛЗЛОО ТУЛГАСААР ...”

Дэлхийн хэмжээний уурхайг дан ганц үндэсний менежментээр хөдөлгөж, Олон улсын биржээс хөрөнгө татах амбиц төрд, үнэд орсон хувьцаагаа баруун, зүүнгүй арилжаалж ашиг олох хүсэл иргэдэд бий. Харин “ЭТТ” ХК-д газраа алдаж, уурхайд нь шахуулсан, нүүрсний тортгоор амьсгалж, дуу чимээнд нь дарлуулаад буй Цагаан-Овоо багийнханд хувьцаа, ашиг огтхон ч сонин биш. Ийм яриа тэдний итгэлийг ч төрүүлсэнгүй. 

Монгол Улсын төр уурхайгаа ажиллуулж, сая сая доллар олохдоо газрынх нь эзэд 160-аад өрх, 1000 гаруй иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах  Үндсэн хуулийн эрхийг нь боддоггүй юм гэхэд “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаа эрхлэхдээ нүүлгэн шилжүүлэх, зардлыг нь хариуцах” Ашигт малтмалын хуулиас эхлээд Монгол Улс, Олон улсын хууль дүрмийг биелүүлээгүй нь Цагаан-Овоогийнхны итгэлийг ийн алдахад хүргэжээ. 

Захирал нь баг бүрэлдэхүүнтэйгээ жил дараалан солигддог төрийн өмчит “ЭТТ” ХК-иас нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой цэгцтэй, ойлгомжтой мэдээллийг албан ёсоор өнгөрсөн найман жилд /2010-2018.10 сар хүртэл/ нэг ч удаа авч байгаагүйгээ нутгийн иргэд учирлав. 

Цагаан-Овоо багийн төв орох замд...

Орон нутаг дахь уурхайн удирдлага, холбогдох ажилтанд нь гардуулсан тэдний санал, гомдол “дээшээ явсан”, “дээр ярьж байгаа”, “уламжилсан” гэдэг аман хариутай л үлддэг байж.  

Цогтцэций сумын Цагаан-Овоо багт ийн ажилласныхаа дараа сэтгүүлч миний бие ХЭҮК-ийн захиалгаар Тавантолгойн бүлэг ордын хүний эрхийн нөлөөллийг анх удаа судалсан “Бодлогийн инновацийн хүрээлэн” тэй холбоо барив. Тус хүрээлэнгийн зөвлөх, Австралийн Күинсландын их сургуулийн Уул уурхайн дахь нийгмийн хариуцлагын төвийн зочин судлаач Д.Бямбажав:

Манай улсад уул уурхайн нөлөөлөлд орсон айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх сөрөг нөлөөллийг даван туулахад нь туслах бодлого зохицуулалт байдаггүй учраас компаниуд энэ асуудлыг үл ойшоож, иргэдэд болзлоо дураараа тулгаж байна. Олон улсын томоохон компаниуд нөлөөлөлд өртсөн айл өрхүүдэд нөхөн олговор олгох, нүүлгэн шилжүүлэх тохиолдолд амьжиргааг нь хамгаалах талаар бодлого боловсруулж ажилладаг. Харамсалтай нь “ЭТТ”  ХК-д энэ талаарх ойлголт эрмэлзэл бага байна. Олон улсад хэдэн мянган өрхтэй тосгон сууринг нүүлгэн шилжүүлэх нь хэвийн, байдаг л үзэгдэл.  Энэ бол цэвэр тухайн компанийн хариуцлага юм даа” гэсэн хариуг Австрали улсаас илгээв. 

НУТГИЙН ИРГЭДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧИХ ШАЛТГААН БИЙ ЮУ

Сурвалжилгын баримт мэдээлэлтэй танилцсан “Хүний Эрх Хөгжил” төвийн тэргүүн Г.Уранцоож Энэ нөхцөл байдал Эрүүгийн гэмт хэрэгт ч тооцогдож болзошгүй” гэж яриагаа эхэллээ.

Үндэсний хэмжээний эрх ашиг, сонирхолд нийцсэн төслөөс болж орон нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдөх ёсгүйЭнд эрүүл мэнд, орлогын асуудал гарч байна. Амьжиргаанд нь шууд нөлөөлж байна. “ЭТТ” ХК-ийн лицензийг өгөхдөө тухайн тосгоны газар нутгийг оруулж өгөх ёсгүй байсан. Монгол Улсын хуулиар байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийх ёстой. Үүний тулд орон нутгийн засаг захиргаа иргэдтэйгээ зөвлөлдөж, мэдээлэл өгөх үүрэгтэй. Хэрэв үүнийг зохион байгуулаагүй бол ашиглалтын лиценз өгөхгүй байх ёстой. Нөгөө талд үндэсний хөгжил, орон нутгийн  хөгжлийн  бодлого хоорондоо зөрчилдөх ёсгүй. Тэр нутгийн иргэдэд “Маргааш бид байшингаа бариад сайхан амьдарна” гэдэг итгэл найдвар алга байна. Энэ нь өөрөө Эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох асуудал”                                      

Хуульч Д.Оросоо: “Төр засаг нь Монгол Улсын иргэнийхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах хууль зүйн баталгааг бүрдүүлж байх үүрэгтэй.  Үндсэн хуулиараа Монголын төр  эрх, эрх чөлөөг хангах, баталгааг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээдэг. Монголын төр бол УИХ, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд болох аймаг, сумын ИТХ. Эдгээр бүх шатанд энэ үүргийг иргэнийхээ өмнө хүлээдэг Үндсэн хуулийн зохицуулалттай. Мөн төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа компани нийгмийн хариуцлагын хүрээнд, ҮХ-ийн заалтаар  үүргээ биелүүлэх ёстой".

Өнөөдөр олон улсад эрүүл, аюулгүй орон байраар, интернетэд холбогдож мэдээлэл авах эрхээр хангаагүйнхээ төлөө иргэнийхээ өмнө буруудаж буй Засгийн газар цөөнгүйОлон улсын Хүний эрхийн байгууллага, бүс нутгийн шүүхүүд ч орчин үеийн хүний эрхийг ийм байдлаар шинэчлэн тодорхойлж, түүнийг хангах үүрэг нь Засгийн газарт бий гэж үздэгийг олон улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлон ярилцлагадаа онцолж байсныг санаж байна.

Гэтэл манайд өнөөдөр Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах”  үндсэн эрхээ иргэд нь цээжилсэн шигээ  эдэлж, төр нь эдлүүлэхийн төлөө  ажиллаж чадахгүй байгааг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн иргэдийн энэ л нөхцөл байдлаас харж болохоор байна.  

Багийн төвийн агаар оройн цагаар...

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим” дахь “Хамгаал, Хүндэл, Эрхийг сэргээ” гэсэн гурван зарчмыг хангасан эсэх  талаар энд ярихад  ч илүүц болох нь.

ХЭНИЙГ Ч ОРХИЛГҮЙ ЭРХ ТЭГШ БОЛОМЖООР ХАНГАХ ДЭЛХИЙН ЗОРИЛГОД МОНГОЛ УЛС Ч НЭГДСЭН

ЭТТ” компани Тавантолгойн ордыг бүрэн ашиглахад Цагаан-Овоо баг, түүний төвийн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар суурь судалгаа, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхгүйгээр өнөөдрийг хүрсэн нь иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол, эрсдэл учруулж байна” гэж ХЭҮК-ийн судалгааны тайланд бий.

"Хагас жилийн өмнө гаргасан энэ дүгнэлтийг өөрчлөх сонирхол, үйл явц “ЭТТ” компанид хэрхэн өрнөж байгаа бол" гэсэн асуултад “ЭТТ” ХК-ийн Орон нутаг, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Амаржаргал дараах хариултыг өглөө.   

Ер нь Б.Ганхуяг захирал томилогдсоноос хойш “ЭТТ” ХК Өмнөговь аймаг, Цогтцэций сумтай анх удаа гурвалсан гэрээг 2018 оны тавдугаар сарын 8-нд  байгуулсан. Түүнээс өмнөх захирлууд яаж ажилласныг би мэдэхгүй. Энэ гэрээг байгуулснаас хойш манай компани олон ажил явуулж эхэлсэн. Үүнээс өмнө нийгмийн хариуцлага тал дээр үнэхээр асуудалтай явж ирсэн юм билээ. Гэрээний хүрээнд нөлөөллийн бүсийн иргэдийг нүүлгэн шилжүүлнэ. Энэ ондоо нүүлгэн шилжүүлэлтийн үнэлгээг хийж дуусаад, ирэх 2019 онд нүүлгэхээр төлөвлөж байна” гэлээ  

ЭТТ уурхайн ачилт... 

Тус компани эдийн засгийн бүхий л үзүүлэлтээр ТОП 100 ААН-ийн эгнээнд багтаж, “Оюутолгой” ХХК-ийн дараа хоёрдугаарт орсноо энэ онд бахархалтайгаар зарласан. Одоо тэгвэл  хүний эрхийг дээдэлсэн гүйцэтгэл тэдэнд дутуу байнаЭнэ бол Монголын компаниудыг жагсаахад мартагдах нь байтугай манлайд нь орох үзүүлэлт байх учиртай.                              

Тавантолгойн ордын хамгийн том га талбайг эзэмшигч, төрийн эзэмшлийн “ЭТТ” ХК өнөөдрийг хүртэл 1000 иргэний эрх ашгийг ийн орхиж ирсний шалтгаан юу байв... 

Ажлаа эхлээд удаагүй, иргэдэд тараасан хувь хишгийн өрийг дарсан, нүүрс үнэгүйдэж, зах зээл хумигдсан, компанийн удирдлага байн байн солигддог”  гэх зэрэг өөрсдийгөө өмгөөлсөн хариуг хамаарал бүхий нэг биш албан тушаалтнаас сурвалжилгын явцдаа сонсов. Эдгээр нь хүний эрхийг зөрчих шалтгаан мөн гэж үү...

-Нийтийн төлөө нэг хүний эрх ашгийг ч үл хохироох нь хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгмийн зарчим. Энэ бол Хүний эрхийн үндсэн зарчим. Дээр нь “хэнийг ч орхигдуулахгүй, тайван амгалан, хангалуун, эрх тэгш амьдрах боломжоор хангах нь өнөөгийн дэлхий нийтийн зорилго” болохыг НҮБ “Тогтвортой хөгжлийн зорилт”-оороо тунхагласан. Тогтвортой хөгжлийн энэхүү үндсэн үзэл баримтлалыг дэлхийн бусад орны адил манай улс ч хөгжлийнхөө бодлого, зарчим болгон мөрдөж буй.  

ЭТТ уурхайн овоолго...     

Нөгөө талд монголчуудыг үе дамжуулан тэжээх "Тавантолгой" төсөл нь Монгол Улс, Монгол төрийн дангаараа хэрэгжүүлж буй анхны том төсөл. Цаашид төмөр зам, цахилгаан станц гээд олон, олон бүтээн байгуулалт ч уурхайг түшин сүндэрлэнэ. Тиймээс ч “Гараа сайн бол бариа сайн” хэмээх монгол ухаанаар сууриа зөв тавьж, гадна, дотныхондоо, хойч үедээ сайнаар үлгэрлэх нь Монгол төрийн нэг талын үүрэг, нэг талын нэр хүндийн хэрэг болов уу. 

Нийтэлсэн: Д.Даваадулам

Мартагдсан уу, шоовдорлогдсон уу, эсвэл... /II хэсэг/  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй