Шууд Chart

Үндсэн хуулийн цэцийн 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

2018-12-06 15:32:52

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.12.06/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.38 цагт 50.7 хувийн ирцтэй эхэлж Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж захиргааны акт гэх ойлголтод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох шийдвэр, үйл ажиллагааг хамаарахгүй болгон, өөр хуулийн хүрээнд хамааруулан зохицуулсан нь захиргааны актад холбогдох эрх зүйн маргааныг хоёр өөр журмаар шийдвэрлэхэд хүргэж, шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх бодитоор хэрэгжих нөхцөлийг хязгаарлаж, иргэний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг дордуулж, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх боломжийг алдагдуулсан байна гэж Үндсэн хуулийн цэц үзжээ.

Түүнчлэн, Улсын Их Хурлаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд мөн өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан захиргааны хэргийн шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон нь захиргааны хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулан дээр дурдсан Үндсэн хуулийн заалтыг зөрчигдөхөд хүргэсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох заалт, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын холбогдох хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 28, 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. 

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Бямбацогт, Ц.Нямдорж нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх нь эрх зүйн ямар үр дагавартай талаар, Захиргааны ерөнхий хуулийн суурь зарчим, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуультай уялдаж байгаа эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямбаатар болон холбогдох албан тушаалтнаас асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналыг хэлжээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, ...” гэж заасны “хууль сахиулах, … зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа …” гэсэн хэсэг, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасны “… зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …” гэсэн заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийн 1 дэх хэсгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.”, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэгт “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалт, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …” гэсэн заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийн 2 дахь хэсгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн болон дэмжигдээгүй санал тус бүрээр санал хураалт явуулж, Үндсэн хуулийн цэцийн 15 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.


Үндсэн хуулийн цэцийн 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй