Шууд Chart

Шинзо Абэ Владимир Путиныг Японд болох Жүдо бөхийн ДАШТ үзэхийг урилаа

2018-12-06 20:15:00

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг 2019 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-нд Японд болох Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирж үзэхийг урьсан тухай Японы Либерал-ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Коити Хагиуда мэдээллээ.

Тэрбээр “Ерөнхий сайд Ерөнхийлөгч Путинд Токио хотноо болох Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг заавал ирж үзэхийг санал болгосон” гэж хэллээ.

Шинзо Абэ, Владимир Путин хооронд хийж болзошгүй ээлжит дээд хэмжээний уулзалтын товыг ирэх оны эхэн буюу Абэг ОХУ-д айлчлах үеэр, мөн ирэх оны зургаадугаар сар буюу “Их 20”-ийн ээлжит дээд хэмжээний уулзалтын үеэр гэж товлож байлаа.

Хоёр орны удирдагчид өнгөрсөн есдүгээр сард Дорнын эдийн засгийн чуулганы үеэр уулзсанаас хойш орон хоорондын харилцаа холбоо мэдэгдэхүйц түргэссэн билээ. Үүний дараа Шинзо Абэ, Владимир Путин нар Сингапурт уулзаж, энхийн гэрээ байгуулах асуудлаарх яриа хэлэлцээний явцыг хурдасгах тохиролцоонд хүрсэн.

Дараа нь хоёр удирдагч Аргентинд “Их 20”-ийн уулзалтын үеэр уулзаж, яриа хэлэлцээний явцыг хоёр орны Гадаад хэргийн сайд нарт хариуцуулж, орлогч сайд Моргулов, Такэи Мори нарыг яриа хэлэлцээ хийгчээр томилсон.

Курилын цуваа арлын өмнөд үзүүрийн Кунашир, Итуруп, Шикотан, Хабомаи гэх дөрвөн арлыг Японд өгөх асуудал хоёр орон хооронд аль эртнээс яригдаж, өнөөг хүртэл ямар ч шийдэлд хүрээгүй байгаа юм. ОХУ эхлээд энхийн гэрээ байгуулж, дараа нь арлуудыг шилжүүлэх асуудлыг ярихыг санал болгодог ч Японы тал эхлээд арлуудыг авч, дараа нь орон хооронд энхийн гэрээ байгуулахыг шаарддаг. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинзо Абэ Владимир Путиныг Японд болох Жүдо бөхийн ДАШТ үзэхийг урилаа  
Үзсэн: 46 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй