Шууд Chart

Мексикийн Ерөнхийлөгч газрын тосны компаниудад “дайн” зарлаж байна

2018-12-07 10:00:00

Мексикийн шинэ Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор өмнөх Ерөнхийлөгчийн гадаадын болон далай дамнасан газрын тосны компаниудад өгсөн гэрээ контрактыг өөрчлөхгүй гэдгээ мэдэгдэхийн хажуугаар тэдэнд олборлолт хийх хэсгүүддээ ажлаа түргэвчлэхийг уриаллаа. Эс тэгвээс тэдэнтэй шинээр гэрээ хийхгүй гэдгийг тэрбээр мэдэгдлээ.

Лопес Обрадор энэ сарын 1-ний өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөж, албан ажилдаа ороод эрчим хүчний салбар дахь Засгийн газрын оролцоог нэмэгдүүлж, улс оронд 36 жил үргэлжилсэн “эринг” хойш тавихыг амласан.

Сонгуулийн өмнөх кампанийн үеэр Обрадор өмнө нь эрчим хүчний салбарт байгуулсан гэрээнүүдэд авлигын шинж тэмдэг байгаа эсэхийг эргэн харахаа амлаж байсан юм.

"Гэрээнүүдийг өөрчлөхгүй. Иймээс энд алдагдал хүлээнэ. Итгэлцэл буурна гэх эргэлзээ байх ёсгүй” гэж Мексикийн Ерөнхийлөгч сэтгүүлчдэд хэллээ.

Мексикийн хууль тогтоомжид зааснаар газрын тосны салбарыг зохицуулагч болох Үндэсний нүүрс-устөрөгчийн комисс тендер зарлаж, гэрээнд хяналт тавьж, гэрээг цуцлах, өөрчлөх эрхтэй цорын ганц байгууллага юм байна. Гэхдээ Обрадор эрчим хүчний асуудалд хэрхэн яаж хандаж байгаа нь түүний бүрэн эрхийн зургаан жилийн хугацаанд хамгийн ноцтой асуудал болох бололтой.

Тэрбээр газрын тосны олборлолтыг түүхэн доод үзүүлэлтээс нэмэгдүүлнэ гэж амласан ч үүнийг хэрхэн яаж хийх, хэрхэн үүнд хүрэх талаар бүрэн хэмжээнд тайлбар хийж чадаагүй байгаа юм. Ингэхийн хажуугаар Мексикийн төрийн шинэ тэргүүн Мексикийн булан дахь эзэнгүй байгаа усны гүний орд газруудад хувийн хөрөнгө оруулагчдыг татах боломжийг үгүйсгээгүй юм.

Эцэст нь, Лопес Обрадор "Гэрээ хийсэн компаниуд хөрөнгө оруулалтаа түргэвчилж, олборлолтоо эхлүүлэх хэрэгтэй" гэдгийг мэдэгдлээ. “Хөрөнгө орж ирэхгүй байгаа, үйлдвэрлэл явуулахгүй байгаа тохиолдолд бид газрын тос олборлох эрх өгсөөр байж чадахгүй. Мексик улс гэрээ контрактыг зориулалтаар ашиглахгүй байгаа компаниудтай хатуу тэмцэнэ” гэдгийг төрийн тэргүүн цохон тэмдэглэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексикийн Ерөнхийлөгч газрын тосны компаниудад “дайн” зарлаж байна  
Үзсэн: 57 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй