Шууд Chart

Гэмт хэргийн шинжтэй 802 гомдлыг шалгаж шийдвэрлэжээ

2018-12-07 14:58:20

АТГ сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаа өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-ны өдөр болгож хойшлуулсан. НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдөр болдог. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг соёрхон баталж, нэгдэн орсон дэлхийн улс орнууд авлигын эсрэг олон нийтийн дуу хоолойг сонсох, хүргэх, конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах ажил хийх ёстой. Энэ өдөртэй уялдуулан хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжсээр хоёр жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх газар үндэсний хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх мэдээллийг дээрх хурлаар сэтгүүлчдэд хүргэсэн. Тухайлбал, гэмт хэргийн шинжтэй нийт 802 гомдлыг шалгаж шийдвэрлэж, 199 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн байна. 411 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 309 гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 74 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын газарт шилжүүлэн шийдвэрлэжээ. Шийдвэрлэлт 99.1 хувьтай байна.

Нийт шалгасан гомдол, мэдээллийн 57.9 хувь нь Улаанбаатар хотод, 42.1 хувь нь орон нутагт харьяалагдаж байна. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийг өмнөх онуудтай харьцуулахад шалгаж шийдвэрлэсэн өргөдөл гомдол мэдээлэл 236-аар буюу 29,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эрүүгийн 206 хэргийг шүүхэд шилжүүллээ

Авлигатай тэмцэх газар сүүлийн 2 жилийн хугацаанд хуульд заасан харьяаллын 1163 үйлдэлтэй, 1126 холбогдогчтой, 1040 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Өмнөх онуудтай харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 628-өөр буюу 2.5 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 102-аар буюу 2 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 344-өөр буюу 4.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөрдөгч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл жилд 1 мөрдөгч 28.6 гомдол, мэдээлэл, 37.1 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 35.6 хувийг төрийн тусгай, 17.6 хувийг төрийн захиргааны, 14.6 хувийг иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 6.5 хувийг төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 13.8 хувийг төрийн улс төрийн, 11.9 хувийг төрийн үйлчилгээний албан тушаалтан эзэлж байна.

Хохирол нөхөн төлүүлэлт 8.5 дахин өссөн

2018 онд гэмт хэргийн улмаас 332.0 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Мөн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 97.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Түүнчлэн оффшор бүсээс 4,4 сая ам долларыг оруулж ирсэн үр дүнтэй ажилласан байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 262.3 тэрбум төгрөгөөр буюу 4,1 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 8,5 дахин, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 8 дахин өссөн үзүүлэлттэй байна.

35 эрүүгийн хэрэгт 65 үйлдлийг шинээр илрүүлжээ

Улсын ерөнхий прокурорын тушаалаар Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгээр Хөгжлийн банк, оффшор бүс, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хууль бус олголт, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг хууль бусаар ашигласан, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн, Агаарын бохирдол, Стандарт банк, Оюутолгойн гэрээ, Монголбанкны зэрэг олон нийтийн анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Үүнээс гадна авлига албан тушаалын гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 35 эрүүгийн хэрэгт 65 үйлдлийг шинээр илрүүлэн ажиллажээ.

АТГ-т ирүүлэх өргөдөл, гомдол, мэдээллийн тоо өссөөр байна

Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийн талаар АТГ-т мэдээлэх ухамсар улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус газарт ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн тоо байнга өсч байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд 894 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан бөгөөд 825-ыг нь хянан шийдвэрлээд байна.

 


Гэмт хэргийн шинжтэй 802 гомдлыг шалгаж шийдвэрлэжээ  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй