Шууд Chart

Франц улсад эрх баригчид аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгаж байна

2018-12-07 15:44:18

Энэ амралтын өдрүүдэд Франц даяар эсэргүүцлийн ажиллагаа болохтой холбогдуулан эрх баригчид аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгаж байна. Ерөнхий сайд Эдуар Филиппийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд гарсан шиг үймээн, эмх замбараагүй явдал давтагдахаас сэргийлж аюулаас хамгаалах албаны 89 мянган цагдаа офицерийг дайчлан ажиллуулахаар болжээ.

Ирэх оны эхнээс түлш, шатахууны татвар нэмэх эрх баригчдын төлөвлөгөөг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа түрүү долоо хоногт үймээн самуунд хүрч даамжирсан юм.

Парист болсон үймээний үеэр 130 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Сүүлд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны засаг захиргаа түлш шатахууны татварыг 2019 оны туршид нэмэхгүй байхаар шийдвэрлэсэн. Гэвч эсэргүүцэлд оролцогчид жагсаал цуглаанаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Дэг журам сахиулахын тулд боломжтой бүх арга хэмжээг авна гэдгээ Ерөнхий сайд Филипп өчигдөр Сенатад үг хэлэхдээ мэдэгджээ. Парис хотын захиргаа, цагдаагийн газрын зүгээс Елисейн талбай болон түүний ойр орчим дахь аялал жуулчлалын цэгүүдэд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг бямба гарагт ажиллахгүй байхыг зөвлөсөн байна.

Луврын музей зэрэг арваад музей, урлаг соёлын байгууллага мөн энэ амралтын өдрүүдэд ажиллахгүй гэдгээ мэдэгджээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Франц улсад эрх баригчид аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгаж байна  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй