Шууд Chart

Хүний эрхийн соёл, хандлагыг төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна

2018-12-07 17:44:00

"Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь" симпозиумыг өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гадаад харилцааны яам, Монголын Эмнести Интернэшнл байгууллага, Монголын Хуульчдын холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран зохион байгууллаа.

Хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой, үндсэн хэрэгсэл нь хүний эрхийн боловсрол бөгөөд дэлхий дахинд хүний эрхийн зарчим, хэм хэмжээний талаарх мэдлэг ойлголт, хүний эрхийн боловсрол, соёлыг дээшлүүлэх бэхжүүлэх чиглэлээр ахиц дэвшлийг ихээр гаргаж байна. Гэвч манай улс албан болон албан бус боловсролын тогтолцоогоор хүний эрхийн боловсролыг иргэд, олон нийт, хүүхэд залууст өдөр тутмын хэрэглээ болгон хэрэгжүүлэх явдал хангалттай бус, хүний эрхийн соёл, хандлагыг төлөвшүүлэх хэрэгцээ шаардлагатай хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Хүний эрхийн соёл, хандлагыг төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байнаХүний эрхийн боловсролоор дамжуулан хүний эрхийг хүндэтгэж, хамгаалдаг, зөрчигдсөн эрхээ шаардаж нэхэмжилдэг, дуу хоолойгоо өргөдөг хүний эрхийн мэдрэмжтэй иргэдийг бий болгоход талууд хамтран ажиллаж, санал зөвлөмжийг нэгтгэн хэрэгжүүлэхээр хэлэлцлээ.

Хүний эрхийн соёлыг түгээх сэдвээр 9 салбар хуралдааны хүрээнд Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын асуудлыг хэлэлцүүлж, хамтын байр суурийн баримт бичиг, Хүний эрхийн боловсролын үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний зураглал, зөвлөмжийг гаргаж байна.

Тус арга хэмжээний нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман нар оролцож үг хэллээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч хэлсэн үгэндээ: "Энэхүү чухал арга хэмжээнд оролцож, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал болон хүний эрхийн боловсрол, авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрхэн улам төгөлдөржүүлж, олсон амжилтаа бататгах талаар та бүгдтэй ярилцах гэж байгаадаа баяртай байна.

...Монгол улс 28 жилийн өмнө ардчилсан нийгэм рүү шилжсэнээс хойш хүний эрхийн тал дээр ахиц дэвшил гаргаж байгаа. 2018 оны Freedom House-ийн тайланд дурдсанаар Монгол Улс нь Ази Номхон Далайн бүс нутагт "чөлөөт” гэж эрэмбэлэгдсэн зургаахан ардчилсан орны нэг болжээ.

...Гэвч бусад улс орны нэгэн адил хүний эрхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд сорилт бэрхшээлтэй тулгарсаар л байна. Одоо хүчин төгөлдөр буй хуулиудаа хэрэгжүүлэх ёстой, мөн хамгаалалтын механизм нь хүртээмжтэй байх шаардлагатай. Хүний эрхийн боловсрол нь олон нийтийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд, мөн тэдний зүгээс хүний эрхийг хэрэгжүүлж, эрхээ хамгаалуулахыгшаардахадчухал үүрэгтэй. Нийгэмд бат бөх хүний эрх, иргэний боловсрол зайлшгүй шаардлагатай болж байна. Ингэснээр хүний эрхийг хэрэгжүүлэхийг шаардаж, мөн тэдний дуу хоолой нь хүрэх юм.

...Тухайн нийгмийг цөөнхийн болон эмзэг бүлгийн иргэддээ хэр хандаж байгаагаас нь нийгмийн хөгжлийг хэр байгааг нь харж болдог. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 70 жилийн ойн босгон дээр Монгол улс иргэн бүрийнхээ эрхийг хамгаалах үүрэг амлалтаа дахин батлах завшаан тохиож байна. Үүнийг нь ч Нэгдсэн Үндэстний Байгууллага бүрэн дэмжинэ” гэв.

Харин Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж: "Өнөөдөр Та бид хүний эрхийн талаарх тогтсон соёл, ололт амжилтаа бэхжүүлж, түүнд тулгуурлан хүний эрхийн боловсролыг хэрхэн үр дүнтэй түгээн дэлгэрүүлэх, улмаар хүний эрхийн зөв хандлага, соёл төлөвшсөн нийгмийг хөгжүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулах талаар ярилцахаар хуран цуглараад байна.

"Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын 70 жил, "Хүний эрхийн хамгаалагчийн эрхийн тухай тунхаглал”-ын 20 жил, "Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын статусын талаарх Парисын Зарчим”-ын 25 жил, "Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбоо”-ны 25 жилийн ой болон 12 дугаар сарын 10-ны "Хүний эрхийн олон улсын өдөр”-ийн хүрээнд уламжлал болгон хамтрагч байгууллагуудын хүрээнд зохион байгуулж буй "Хүнийн эрхийн соёлыг бэхжүүлэх нь” симпозиумын үр дүнд олон талт байр суурийг нэгтгэсэн зөвлөмж бүхий баримт бичиг гаргах нь хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн боловсрол, соёлыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөний байдлын хэрэгжилтэд ахиц дэвшил гаргахын төлөө сэтгэл, зорилго, үйл ажиллагаагаа нэгтгэн, бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхэд таатай байна” гэсэн юм.

Тус арга хэмжээ нь анх удаа зохион байгуулагдаж байгаа биш бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас хүний эрхийн боловсролын форум, онол, практик, эрдэм шинжилгээний хурал зэрэг арга хэмжээг удаа дараа зохион байгуулж, тодорхой шийдэл, хэрэгжилтийг эрэлхийлсээр ирсэн билээ.

Өнөөдрийн арга хэмжээнд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагууд, боловсролын салбарын ажилтан, албан хаагч, багш, сурган хүмүүжүүлэгч, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, бизнес эрхлэгч, хуульч, хууль сахиулагч, хөдөө орон нутгийн төлөөлөл нийт 120 гаруй хүн оролцлоо. "Хүний эрхэд ээлтэй сургууль”-ийн сайн туршлагаасаа хуваалцахаар 21 аймаг тус бүрээс ерөнхий боловсролын нэг нэг сургуулийн захирал, сургалтын менежерүүд урилгаар ирж, Батламж гардан авлаа.

Эх сурвалж: ХЭҮК


Хүний эрхийн соёл, хандлагыг төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй