Шууд Chart

"Миний цуглуулсан хорвоо"-д номын жин хөтөлсөн минь...

2018-12-17 11:47:20

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир ах бидний залуустай яагаад ч юм их дотно байдаг байлаа. Хааяа уулзаад суухад ямар ч хүний сэтгэлийг татахуйц нарийн нандин, энгүүн сайхан байдаг сан. Хоржоонтой юм ярьж инээдэм болгоно. Гэхдээ тэрхүү инээдэм бүрийн цаана зэмлэх шиг ухаарал дагуулдаг сан.

Бас жаахан дотогшоогоо сууж байхад нь таарч хундагыг нь түшвэл нулимс мэлтрүүлсэн уянга хайрын түүх, сэтгэлийн түүх ярьдагсан ах минь. Нэг бус удаа тэмээгээр номын жин тээх тухай ярихад нь би үлгэр шиг л юм ярьж байна даа гэж дотроо бодсоноо нуух шаардлага алга даа. Харин тэрхүү бурантагны үзүүрийг зүрхэн зүг рүү даялаад ирсэн минь сэтгэлд олон зүйлийн тухай бодож эргэцүүлэхэд хүргэв. Монголчууд бид тэнгэрийг ажингаа түүнтэй ярьж, сэтгэлээ чагнадаг тэнгэр язгууртай ард түмэн. Манайх Зурагтын утаат дэнжид байх бөгөөд салхитай тунгалаг өглөө бид Дорнын цэнхэр говийг зорин хөдлөхөөр цаг товлосон байлаа. Богд уулын дээгүүр том цагаан үүл өглөөний наранд солонгорон байх нь үлгэр туульсийнх мэт Цагаан шонхор шувуу ажээ. Би яагаад ч юм алс замд гарахдаа өглөөний тэнгэрийг ажигладаг. Багадаа наадмын өмнөх шөнө тэнгэр шинжих хөгшчүүлийн дэргэд чимээгүй суусан минь одоо амьдралд ийн илрэх нь тэр байх аа. Идэрхэн зохиолч ах С.Баттулга морь цагт хөдөлнө гэсээр бидний төлөвлөсөн цагаас жаахан хоцорч хүлээлгэв. Юм учиртай. Учир нь цаанаа учиртай гэдэг нь тэр болов уу. Ингээд л морь цагтаа Монголын зохиолчдын эвлэлийн үүднээс МЗЭ-ийн нарийн бичиг В.Сэлэнгэ, Гүйцэтгэх захирал, Яруу найрагч М.Саруулдалай, яруу найрагч Н.Пүрэв, яруу найрагч зураач Төгс-Оюун, яруу найрагч Төгсжаргал гээд эрхэм хүмүүс халуун сэтгэлээ өргөн биднийг аян замд үдэж өглөө. Энэхүү тэмээн жингийн бэлтгэл ажлыг гүйцэтгэж хүн бүхэн л дор бүрнээ хичээн ажилласан байлаа. Морины Мо маань Э ахын цээж баримлыг тун адилхан урлачихсан будаг, шавар нь хатаагүй өөрөө нойргүй, хоолгүй сууж байх. Сэтгэл шингэсэн юм гэдэг цаанаасаа л өөр. Бас Яруу найрагч О.Цэнд-Аюуш, Нэрт нэвтрүүлэгч Б.Гантигмаа эгч зэрэг хүмүүс дурсгалын дэвтэр урласан. Уг дэвтрийн шоголыг удам дамжсан, уран сийлбэрч анд Дангаасүрэнгийн Төгөлдөр бас л сэтгэл гарган бүтээсэн билээ.

Шууд давхисаар Дорноговь аймгийн босго давуутаа л Э ахын том хүү том Уулаа найзуудын хамт тосов. Нэгэн гэрт явж орвоос Э ахын хөрөг, бас найрагч, СГЗ Ц. Хулан, Э ах хоёрын арзайтлаа инээсэн хар залуугийн зураг нүдэнд тусна. Нүдэнд дулаахан эгч, ах нар тосон бид цайлцгаалаа. Айлд ороход цаанаасаа л нэг тийм зөөлөн дулаан мэдрэмж төрж байх... Маргааш өглөө жингийн цуваа хөдлөхөд Улаанбадрах сумын удирдлагууд, Аймгийн удирдлагууд ч ирсэн байлаа. Унах, ачих тэмээд маань өглөөний жаварт чичрэн биеэ хураасан ч ихэмсэг хүн мэт хараа дээгүүр, өт хорхой мэт би тэдний дундуур явсаар хамгийн өндөр хүрэн атыг сонгож аваад энэ яадаг ат вэ гэж нутгийн эгчээс асуув. Хариуд нь яадаг ч үгүй гэлээ. Та намайг мордуулаад өгнө үү гэсэнд өнөөх тэмээ маань хэвтэхгүй ихэд эргэлдэв. За тэгж байгааад бараг толгой нь эргээд хэвтэв үү гэмээр дуртай, дургүй хэвтэхдээ сэвсээрээ намайг нэг сайн булж өгөөд чимээгүй болов.

Идэр жинчин дууг эртнээс жин хөдлөхөд дуулдаг ёсоор дуулж, Номын жин наран өөд хөдлөв. Уултай газар өссөн надад зүг чиг алдагсан байв. Нар өөр зүгээс ч мандаад байх шиг сонин сэтгэгдэл төрөв. Дэлхийн энергийн төв гэгдэх Хамрын хийд маань ёстой л хамар дороос л гараад ирэв. Бид жингийн хүмүүс учир замдаа саатсангүй тэглээ ч бууж мордоно гэдэг тэмээтэй явахаас ч илүү асуудал мэт санагдав. Сайхан аавын сайхан ч хүү юм. Сайн ч хүү юм даа А.Цагаан-Уул. Бидэнтэй цуг Зохиолч, Яруу найрагч М.Эрдэнэбат ах цагаан тэмээ тохошлон хөдлөв. Өглөөний нар, талын хүйтэн жавар хацар часхийлгэн хурган дотор нэвт үлээнэ. Номын жингийн сүүлд явах нэгэн ах биднийг тэмээ малнаасаа уначихвий гэсэн шиг сүүл бараадан бидэнтэй хамт явна. Сүрхий утсаараа зураг дардаг баатар болж яваад хүйтэнд гар бээрэн өрөөсөн бээлийгээ унагаачихаваа би... Тэмээ урьд 10-аад жилийн өмнө унаж байсан тул хэвтүүлэх гэж оролдовч ер хэвтсэнгүй ... Нэгийг нь бээлий аваад өгөөч гэсэн чинь өөрөө ав гээд л инээж байна. Нутгийн залуу бээлий авч өгөв. Аюушийн надтай булаадан байж авсан өндөр хүрэн ат “өвчигнөж”, өглөөний жаварт хаашаа бол хаашаа аван тэшихэд бэлэн тул тэмээтэй нутгийн хүү найрагч анд Э.Гантулга тэмээнийх нь толгойг бурантагнаас нь татан бөөрөн дээрээ наасан байх нь наадмын морьд гарааны зурхай руу хөөрөн цовхчих мэт... Хэсэгтээ тэгж явснаа тэмээ, Аюуш хоёр ааш, аашаа авалцав бололтой... Хүн хүний ааш аяг араншинд таарсан мэт тэмээд унаж таарав. Минжээгийн хүрэн атны мэлтэс, мэлтэс нулимс хөлдсөн байх нь ямар нэгэн рок залуу зовхиндоо мөнгөн ээмэг зүүж гангарсан мэт ...Тэмээд метр, метр алхаж, литр литр шээнэ.

Мо маань миний унасан тэмээ ингэ юм байна гэж байх юм. Яаж байна гэсэн чинь арагшаа шээгээд байх юм гэв. Би гайхан тэмээ ч угаасаа арагшаагаа л шээдэг байх шүү хө гэв.

Жингийн цэваа нэлээн жигдрээд ирэхээр ачаа хөтөлсөн ахтай очиж танилцан уулзлаа. Тэгтэл Э ахын хүргэн юм байна. Хар бага наснаасаа хамт тоглож өсчээ. Яваандаа дүүтэй нь сууж. Манайхны нэг нь та найз байж дүүг нь аваад суучихаж байгаа юм уу. Э ах тухайн үед яаж хүлээж авч байв даа гэж асуухад “Зүгээр л сайхан хүлээж авсан. Эхэндээ нууж байгаад мэдэгдсэн. Найзынхаа дүүг сайхан л хайрлаж явна. Бас найзынхаа сэтгэл санааг зовоохооргүй л ... мэдэх хүн дүүг нь авсан байгаа биз дээ” гээд инээв. Ингээд дотнохон танилцаж инээдэм болж, Э ахыг дурсаж тэмээн жин тээнэ гэхэд нь дүү нар нь бид тэмээ мал бэлдэнэ гээд л ярьж байсныг дурсав.

Э ах маань хоёр дугуйт сайн унадаг байжээ. Өссөн тал нь элсэрхэг ч юм. Төрсөн дүү А.Хосбаяр нь бидэнтэй цуг явааг мэдэв. Харахад их төстэй ялангуяа инээж байгаа нь урт гэзэггүй л болохоос яг л дүрээрээ... Дуу цөөтэй... хааяа нухацтай үг хэлнэ. Бас Аймгийн арслан Дандар баатрын хүү Дашдэндэв гуай жингийн даамлаар явна. Хол замд ярилцах, үг яриа нь сайхан хүмүүстэй явав. Би гэдэг мунгинаа нөхөр юу юуны духанд хүрэлгүй та чинь сумын заан хүн үү гэж асуугаад балмагдав. Хэдэн жилийн өмнө ах нь бөх явлаа. Одоо “бөөс” болж байх шиг байна гээд ширүүхэн хариулт нь цохиод авах шиг санагдав. Шүлэг яруу найрагт дуртай, цээжээр олон шүлэг мэднэ гэнэ. Анх шүлэгт дурласан шалтгаан нь Чойном ахын “рашаан”-д гүйж хажууд нь байх тохиол байсан гэлээ. Ингээд эхний бүтэн өдөр тэмээн дээр бүүвэйлэгдэж явсаар нар орох үест энэ тэнд чилээрхэж эхэлцгээв. Яруу найрагч Г.Лхагвадорж маань жижигхэн хар хүрэн тэмээтэй явах бөгөөд бөхний хоорондын зай бага тул алхаан дунд урдаас нь үрж нэлээн эмзэг болоод ирэв. Үнэхээр хэцүү ... азаар бусад нь гайгүй том атнууд унаж, бөхний хоорондын зай ч хол юм. Жаахан ширүүхэн жонжуулахад Лхагваа маань
-Яаа болъё оо. Манайхаан зөөлөн яваач гэнэ. Хоёр хөлний шагайг нь дөрөө холгож машинаар бол нөгөө доод өндгөн тулгуурууд нь цохиж эхэлсэн. Найзын маань ч гэлтгүй бидний алхаа гишгээ шал өөр болсон... сайндаа ч биш бүгд буларсан. Ямар сайндаа бидний нэг ахмад найрагч энэ Лхагваа чинь суманд ирэхээрээ атаман аятай явдал нь огт өөр болчих юм гэсэн.

Харуй бүрий болж хоёр банхар маань хойгуур урдуур гүйж тэмээ үргээхийн сацуу найрагч ах М.Наранболдын унасан цагаан тэмээ шивээтэж газар хүчтэй дэвсэн огцом, огцом бүжих мэт болж ачаатай тэмээ болон бусдынхаа унасан тэмээг үргээж үймүүлэв. Хэд хэдэн удаагийн газар дэвсэх үйлдэл нь олныг үймүүлсэн учир ачаатай тэмээнээс хол яв гэж нутгийн ах нар айлдав. Ингээд л шинэхэн үрээ айлын адуунд тавьсан мэт хөөж туугдан барин жин дагана. Эхний хонох газраа өдөржин явсаар орой 10.00 цагийн үед буудаллав. Тэмээнээс буух болоход тэмээ маань хэвтсэнгүй. Өдрийн хэд хэдэн удаагийн хүзүү даган гулссан маань туршлагажсан учир тэмээнийхээ урд хааг даган гулсахад хоёр хөлийнхөө хөлдүү өсгий дээр хөлдүү газар буугаад хоёр хөлний дундуур нэг юм татаад явчихлаа. Харин урд маань өнөөх ад үзэгдээд байсан цагаан тэмээтэй хүн явж байгаад нэгэн том хожуул дээгүүр даваад хормойн дээрээ гишгээд уначихуйд хамаг тэмээ үргэн тэрүүхэндээ л бөөн хаая, хүүя болж өнгөрөв. Хоёр хөлөө робот мэт зөөсөөр, тэмээгээ уях гэтэл буруу уяж байна гэв. Тугалчлан уядаг байхгүй юу гэж харахуйд хэн нь мэдэхгүй бүдүүн дуу гарсаар үлдэв. Гэтэл Д.Гэндэнсүрэн анд маань тэмээгээ уячихсан тамхи асаагаад сүрхий царайлан, баатар мэт зогсоод пэд пэд гэж байхуй... Гэрт ороход замын турш телевизийн бичлэг хийсэн тул харанхуй гэрт гэрэлтэй камер барьсан зураглаач орж ирэв. Нэг нутгийн буурал сүрхий сайхан гэрэл байна. Авдар дээр тавьчихаа хүүхээ гэв. Ингээд л бас бөөн инээдэм. Э ахын нутгийн ах дүү нар, хамаатан садангууд, ойр дотныхон нь үнэхээр мундаг ажилтай хүмүүс ажээ. Халуун унд, заримд нь дулаан хувцас зэргийг бэлдэн үйлчилсэн. Б.Гантигмаа эгч маань олон хүүхэдтэй ээж шиг бид бүгдэд санаа тавин даарав уу, хөрөв үү, халуун цай гэсээр л явав. Даарч, алс замд явж тэмээн дээр бодол түүж, хамтдаа явсаар бид нэгнийгээ улам таних шиг болов. Э ах маань олон зүйлийг бодож энэхүү номын жинг эхлүүлсэн нь тодорхой...

Гэрт захаар унтах хүн олдсонгүй. Гэвч тэгээд л манай радиогийн сэтгүүлч анд А.Эрдэнэбат, найрагч ах Ш.Энхбаяр нар жавар хаан хэвтэцгээв. Хүйтэн салхи хаяа, тооноор ороолгоно.

Миний унасан хүрэн ат “Зуун жилийн ганцаардал” нэр хүртэв. Ганцаараа салж явах дуртай, бас “Пялдага” хүрэн гэх нэрийг би тэмээндээ хайрлав. Инээдэм ханиадам дундаас олж ийнхүү нэрийдсэн минь энэ л дээ. Манай нэг нөхрийн брэнд үг гэх юм уу даа.

Маргааш өглөө эртээ 06:00 гэж босоод 08:00 гэж хөдлөв. Сэтгүүлч, найрагч Б.Батхолбоо тэмээнд солигдсон тул шинэхэн дээрээ сонихон гэгчээр том том юм ярьж, тэмээ унахыг сүртэй сайхныг магтан дуулсаар явав. Хоёр дахь өдөр нь жавар илүү тачигнан хүйтэрнэ. Өчигдөр нь би гэдэг хүн дуу муу дуулж, хүн амьтан шоолж явсаар оройдоо зөвхөн ам ангалзаж, хэлэх үг маань өөрт ч сонсогдохоо болитол хоолой сөөв. Гэхдээ л “маазармаар” санагдаж үйлдлээр нөхдүүдийг инээлгэж явсаар нэг өдрийг барав.

Нээрээ тэмээ чинь 60 хоног өл даадаг гэдэг байх аа. Хоёр дахь өдрөө хөнгөрөөд алхаа гишгээ шулуухан болоод ирсэн. Зарим нь тэмээндээ холгуулж явахад зарим нь бүр захиалсан мэт лаглайтал суусан байх... Хэчнээн тэгж харагдсан ч, сэтгэл доторх ертөнцүүд нь бүгд гэгээн сайхныг бодон эргэцүүлж яваа нь мэдрэгдэж байлаа.

Манай нэг нөхөр халуун цай нэг амьсгаагаар залгилж дуусгаснаа “Аниа надад дахиад” гээд эрх хүүхэд шиг аяглав. Бас нэг нь “Тэмээ хэвт, хэвт” гэж сүрхий зандарснаа намайг юу гэнээ гэсэн чинь “Биш ээ суу, суу” гэж байх юм. За тэгээд л хэтэрхий даарсаных болов уу даа. Сүүлдээ сөг, сөг гээд л зөв зандарч байхуй... Хоёр дахь өдрийн орой Улаанбадрахын соёлын төвд А.Эрдэнэ-Очир сан байгуулсныг том хүү А.Цагаан-Уул албан ёсоор мэдэгдэж зон олон халуун дулаан уур амьсгалаар хүлээж авав. Цаашид олон олон ажил төлөвлөж байгаагаа ч илэрхийлсэн юм.

Орой бүжгэн дээр С.Баттулга ах маань гэнэтхэн намайг хөтлөж явсаар “Манай энэ залуу юм ярьж чадахгүй. Чамтай бүжиглэе гэнэ ээ” гээд нэг бүсгүйн гарт намайг хүргээд өгчихөв. Хоолой сөөснийг хэлэх үү, ангалзаад л үлдлээ би. Харамсалтай нь бүжиглэсэнгүй. Дохио зангаагаар хальт ойлгов уу тэгэсгээд л салцгаасан. Бид л болсон хойно нэгнийхээ үйлдэл бүрийг инээдээр чимж, үгний өө андахгүй мушгисаар сэтгэл зүрхэндээ бие биеэ ойлгож, ахыгаа дурсаж, хийж амжаагүй ажил үйлс нь үргэлжлэхэд сэтгэл зүрхээрээ оролцож, сэтгэлийн уяагаа чангалаад ирэв. Басхүү олон шинэ танилтай, анд нөхөдтэй болов.

Дорнын цэнхэр нутгаар ийнхүү явсан минь суурин газрын бидэнд үнэлэшгүй сайхан аялал, ухаарал, эргэцүүлэл байлаа. Мэдээж олон сайхан ном хүргэхээс гадна олон, олон үр өгөөж буйг энд дурдаад баршгүй ээ. Зарим сайхан зүйлсийг жил өнгөрөх тусам мэдэрч, ойлгож ч байж магадгүй.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Миний цуглуулсан хорвоо"-д номын жин хөтөлсөн минь...   
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Dari Suugii ah [127.0.0.xxx] 2018-12-18 00:31
tun dogi, huurhun bichij duu minu

Бидэнтэй нэгдээрэй