Шууд Chart

Чансаа өндөр хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын харцага О.Хангай түрүүллээ

2018-12-31 10:23:35

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан "Буянт-Ухаа" спортын ордонд болсон билээ.

Өндөр чансаатай 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Ховд" бөхийн дэвжээний бөх, улсын харцага О.Хангай түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Д.Анар нар шалгарсан.

Ийнхүү чансаар өндөр 128 бөхийг тэргүүлж барилдсан улсын харцага О.Хангай Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг анх удаа хүртлээ. 2011 оноос хойш олгож буй тус цомыг энэхүү барилдаанд хоёр удаа түрүүлсэн бөхөд үүрд хадгалуулдаг юм.

О.Хангай харцагын хувьд энэ жил одтой, бяртай барилдаж байна. Тэрбээр энэ оны гуравдугаар сард болсон Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан, арванхоёрдугаар сарын эхээр болсон Монголын сүмо бөхийн холбооны 25 жилийн ойн гэхчлэн хэд хэдэн заал, танхимын барилдаанд түрүүлсэн. Мөн Өмнөд Солонгост болсон тус улсын үндэсний спорт болох ширым бөхийн төрөлд гадаад бөхчүүдийн барилдааныг тэргүүлж, аварга цол хүртсэн бол БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Монгол Улсын бөхчүүдийн зодоглодог “Алтан бүс" барилдаанд мөн түрүүлсэн билээ.

Эл барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд

2011 он

  • Түрүү С.Мөнхбат (У.ав)
  • Үзүүр Ц.Содномдорж (У.х)

2012 он

  • Түрүү М.Өсөхбаяр (У.з)
  • Үзүүр Д.Рагчаа (У.г)

2013 он

  • Түрүү Б.Пүрэвсайхан  (У.н)
  • Үзүүр Г.Эрхэмбаяр  (У.ав)

2014 он

  • Түрүү С.Мөнхбат (У.ав)
  • Үзүүр Т.Өсөх-Ирээдүй (У.х)

2015 он

  • Түрүү Б.Пүрэвсайхан  (У.х)
  • Үзүүр Ч.Санжаадамба  (У.з)

2016 он

  • Түрүү Р.Пүрэвдагва   (У.ар)
  • Үзүүр Ч.Санжаадамба (У.ав)

2017 он

  • Түрүү Т.Баасанхүү  (У.х)
  • Үзүүр Н.Жаргалбаяр (У.з)

2018 он

  • Түрүү О.Хангай  (У.х)
  • Үзүүр Н.Батсуурь (У.ав)
Нийтэлсэн: У.Баярсайхан

Чансаа өндөр хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын харцага О.Хангай түрүүллээ  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй