Шууд Chart

Ө.Цогт-Эрдэнэ: “Алтан төлийн эзэн” шагналд нэр дэвшигчдийн материалыг 15-ныг дуустал авна

2019-01-02 13:13:31

Монголын үндэсний олон нийтийн радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналын эзэд энэ сард тодорно. Эл шагналд нэр дэвшиж буй малчдын материалыг хүлээн авч эхэлсэнтэй холбогдуулан МҮОНРТ-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн редактор Ө.Цогт-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-МҮОНРТ, ХХААХҮЯ-тай хамтран тодруулдаг “Алтан төлийн эзэн” шагналыг 41 дэх жилдээ олгох гэж байна. Энэ шагналын цар хүрээ, ач холбогдлын талаар мэдээлэл өгөөч?

-“Алтан төлийн эзэн” шагнал 1976 оноос эхтэй. Тухайн үед Монголын радиогийн Хөдөө аж ахуйн редакцын даргаар ажиллаж байсан Цэвэлмаа гуай, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Мятавын Цагаан нар энэ шагналыг санаачлан бий болгож, 1978 оноос эхэлж олгосон түүхтэй. Өнгөрсөн хугацаанд “Алтан төлийн эзэн” шагнал маш цөөхөн малчинд очсон. Тухайлбал, Улсын аварга малчин шагнал жилд 100 гаруй малчинд очдог. Харин “Алтан төлийн эзэн” шагналыг жилд таван малчинд олгодог байсан. 2010 оныг хүртэл ийм цөөн тоогоор олгож байгаад 2010 онд 10, түүнээс хойш 15 зэргээр тоо нь өссөн байдаг юм. Сүүлд Улсын аварга малчин шагналтай тоог нь дүйцүүлэх зорилгоор жилд олгодог шагналын тоог өсгөж, 50-60 малчинд олгодог болсон. Тиймээс “Алтан төлийн эзэн” шагнал нийтдээ 400 гаруй айлын хойморт л бий.

Энэ шагналын болзлыг хангахын тулд малчид тун их чармайж ажилладаг. Хуучин нэгдлийн үед зохион байгуулагддаг болзолт уралдаанд түрүүлсэнтэй адилтгаж болно. Ингэхдээ сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, залуу малчдыг малжуулах, тэднийг нийгмийн даатгалд хамруулах, татвар даатгал зэрэг нийгмийн хариуцлагаа бүрэн биелүүлэхийн тулд малчид өөрсдөө идэвх чармайлтаа нэмэгдүүлдэг. Жилд бүр 200 гаруй малчныг сум орон нутгийн удирдлага нь “Алтан төлийн эзэн” шагналд тодорхойлдог. Үүнээс 50-60 малчинд энэ шагналыг олгож байгаа.

-“Алтан төлийн эзэн” шагналд нэр дэвшиж буй малчдыг хаанаас тодорхойлдог вэ. Тухайн малчдын материалыг хэзээг хүртэл хүлээж авах вэ?

-Шагналд нэр дэвшиж буй малчдыг сум орон нутгийн удирдлага, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, Сум орон нутгийн Мал эмнэлэг, үржлийн тасаг, тухайн аймгийн Мал аж ахуйн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар гэсэн олон албад шат дараалалтай нэр дэвшиж буй малчны тодорхойлолтыг баталгаажуулдаг. Тухайлбал, багийн Засаг дарга шагналд нэр дэвшүүлэх малчны нэрийг тодорхойлж, үүн дээр Мал эмнэлэг, үржлийн тасаг нэмэлт тодорхойлолт гаргаж өгч, сумын захиргаа дэмжсэнээр аймаг руугаа явуулдаг. Цаашлаад тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нэр дэвшиж буй малчны тодорхойлолтыг улсад явуулах эсэхийг аймаг дотроо шийдэж, материалын бүрэн эсэхийг шалгаад эцсийн шатанд ирүүлдэг. Тухайн материалуудыг МҮОНРТ-д нэгдсэн журмаар бүртгэж авдаг.

“Алтан төлийн эзэн” шагналын тодорхойлолтод тухайн малчны А данс буюу ажил байдлын үзүүлэлт, Засаг даргын тодорхойлолт, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан бичиг багтдаг. Мөн тухайн малчин хэдэн хүнийг малтай болгосон, хэдэн малчныг ямар үнийн дүнгээр цалинжуулсан, сум орон нутгийнхаа хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулсан түүнчлэн ямар хандив тусламж үзүүлсэн зэргийг хавсаргана. Жишээлбэл, сум орон нутгийнхаа цэцэрлэгийн болон эмнэлгийн өрөө тохижуулахад, сургуулийн дотуур байранд засвар хийхэд өргөсөн хандивын дүн ордог. Учир нь шагнал олгохдоо тухайн малчин нийгмийн хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, малын буянаасаа хандив тусламжид хэрхэн зарцуулсныг харж үздэг.

“Алтан төлийн эзэн” шагналд нэр дэвшиж буй малчдын материал хэдийн ирээд эхэлчихсэн. Материалыг энэ сарын 15-ныг дуустал хүлээн авна. Хугацаа хоцорсон материалыг бүртгэж авахгүй. Шалгаруулалтыг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнүүдтэй хамтран энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулж, нэгдсэн дүнг гаргадаг. Ийн сар шинийн баяраас урьтаж, “Алтан төлийн эзэн”-д малчны хотонд нь очиж шагнал гардуулдаг.

-Энэ жил шагналын болзол журамд өөрчлөлт орсон уу?

-Өмнө нь буюу 1990-2000 оны эхэн үед “Алтан төлийн эзэн” шагнал олгохдоо тухайн малчны малын тоо толгойг чухалчилдаг байсан. Өдгөө Монгол Улсад урьдчилсан байдлаар 66.5 сая тоо толгой мал бүртгэгдсэн. Үүнээс үүдэлтэй бэлчээрийн даац тодорхой хувиар хэтэрсэн. Мал өсөх сайн хэдий ч бэлчээрийн даац, багтаамжаа тооцох хэрэгтэй. Шагналын болзол ч үүнтэй уялддаг. Тиймээс малын тоо толгойг нэгдүгээр тавихаа больсон. Өөрөөр хэлбэл, энэ шагналын эзэн олон малтай байх ёстой ч хамгийн олон малтай гэсэн үзүүлэлтийг чухалчлахгүй. Тиймээс түрүүнд дурдсан журам, үзүүлэлтээр нэгдсэн дүнг гаргана. Албан журмыг хавсралтаар аймаг, орон нутагт хэдийн хүргэсэн байгаа. Шагналын тодорхойлолттой холбоотой бусад зүйлийг 320023, 98895513 утсаар лавлах боломжтой.

 



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ө.Цогт-Эрдэнэ: “Алтан төлийн эзэн” шагналд нэр дэвшигчдийн материалыг 15-ныг дуустал авна  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
мэргэжилтэн [127.0.0.xxx] 2019-01-23 10:22
шалгаруулалт нь хэзээ болох вэ?
оюунбилэг [127.0.0.xxx] 2019-01-18 11:25
шалгаруулалт нь хэзээ болох вэ
Зочин [127.0.0.xxx] 2019-01-05 18:32
Дүүрэгт олон жил мал малласан иргэд олон байдаг.Тэгээд дүүргээс алтан төлийн эзэнд нэр дэвшүүлж болохгүй юм уу.

Бидэнтэй нэгдээрэй